Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭЛБЭ ГОЛЫН ЛАГ, ШАВРЫГ ЦЭВЭРЛЭХ ЭЗЭН АЛГА

	 		 СЭЛБЭ ГОЛЫН ЛАГ, ШАВРЫГ ЦЭВЭРЛЭХ ЭЗЭН АЛГА

Сэлбэ гол сэргэлээ гэж нийслэлчүүд баярлаж байсан цаг саяхан. 2011 онд тухайн үеийн Ерөнхий сайдын санаачлагаар “Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах”төсөл боловсруулж, Сүхбаатар дүүргийн VII хороонд хамаарах Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр хэсгийг хоёр тэрбум орчим төгрөгөөр тохижуулахаар болсон. Гэвч бүтээн байгуулалтын төсөл нь томдож, төсөв нь багадсан гэдэг шалтгаанаар гүйцэтгэгч болох “Норбу” компани ажлаа дутуу хийсэн байдаг. Тус компани бүтэн

 гурван жилийн хугацаанд Их тойруугийн гүүрнээс "Голден вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр хэсгийг л хагас дутуу тохижуулсан юм. Ингэхдээ голын эргийг зүлэгжүүлж, даланг чулуун хавтангаар бүрж, чулуун зам, шат хийж, усны доогуурх хөрсийг хуулж шинээр хайрга хийн бетон цутгаж, ус нэвтрүүлдэггүй гялгар уутаар хучсан байдаг. Тухайн үед ширгэх дөхсөн голынхоо багахан хэсгийг ч гэсэн ингэж тохижуулсанд иргэд баярлаж, амралт чөлөөт цагаараа голын эрэг дагуу салхилахад сайхан байгаагаа ярьцгааж байсан юм.

Гэтэл хоёрхон жилийн дараа өнөөх их хөрөнгө зарцуулж тохижуулалт хийсэн хэсгийн чулуу нь ховхорч гол нь лаг, шавар, хогонд дарагдаж, өмхий үнэртэн эргээр нь салхилах битгий хал тайван алхаж өнгөрөх ч аргагүй болжээ. Сүржин нэртэй төсөл хэрэгжүүлсэн ч урсгал нь сайжрах байтугай Сэлбэ гол зарим газартаа тасран “амь тэмцэн” байна.

Өчигдөр 10.00 цагийн үед голын Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын байртай харалдаа тохижуулалт хийсэн хэсэгт очиход гол тогтонги болж шалбааг нь галгар уут, лааз, ундааны сав, архины шил, чихэр, хувцас зэрэг хог хаягдлаар дүүрсэн байлаа. Харин үүнээс дээш 100 айлын орчимд хойноос ирж буй ус хэсэгхэн газар тогтож, нарийхан жимээр аяархан урсаж байсан бол Арслантай гүүр орчмоор урсах ч усгүй болжээ. Тэнд мөн л хогондоо дарагдсан шалбааг байна. Дээрх тохижуулалт хийсэн хэсгийн голын эрэг дагуух хогийг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний ажилтан Г.Төмөр-Эрдэнэ цэвэрлэж байгаатай таарав. Түүнээс гол доторх хогийг яагаад цэвэрлэхгүй байгаа талаар асуухад “Бид өөрсдөө эрэг дагуух хогийг томчилж авдаг. Гол доторх хогийг нь цэвэрлэх ажлыг өөр байгууллага хариуцдаг. Нэлээд хэд хоногийн өмнө голын ногоон байгууламж хариуцдаг гээд нэг залуу цэвэрлүүлэх талаар ярьж байсан. Сүүлийн үед нам жим болчихлоо Ер нь гол доторх хогийг жилдээ нэг хоёр удаа цэвэрлэж харагддаг” гэсэн юм. Тэрээр гол дотор гэлтгүй эрэг дагуу хог ихтэй байдаг, иргэд нохойгоо салхилуулахдаа баалгаж ойр орчмоо бохирдуулж байгааг ярилаа.

Засч, тохижуулсан энэхүү хэсэгт ойролцоох оршин суугчид хүүхдүүдтэйгээ ирж, салхилах дуртайгаа ярьж байв. Гэсэн ч хогондоо дарагдсан, өмхий үнэрээс нь болж салхилж чадахгүй байгаа тухай тэд ярьсан юм. Үүнээс нэг иргэний яриаг хүргэе.

ИРГЭН М.МЯГМАРЖАРГАЛ: ГОЛЫН УСАН ДООГУУР ДЭВССЭН ГЯЛГАР УУТНААС БОЛЖ ӨМХИЙ ҮНЭРТЭЖ БАЙЖ МАГАДГҮЙ

-Голын эрэг дагуух хогийг нь хамах төдий цэвэрлэж байна. Түүнээс гол доторхийг нь цэвэрлэхгүй байна. Хамгийн гол нь энэ лаг, шаврыг цэвэрлэчихвэл өмхий үнэргэхгүй, урсац нь сайжирна. Лаг, шаврыг авахгүйгээр цэвэрлээд нэмэр байхгүй шүү дээ. Уг нь нэгэнт хөрөнгө зарцуулаад тохижуулчихсан юм чинь хариуцсан газар нь арчлаад, тордмоор байх юм. Голын орчмоор өмхий үнэртээд салхилахад ч хэцүү болсон. Лаг, шавар удахаараа өмхий үнэртэх нь аргагүй байх. Үүнийг л цэвэрлэчихвэл сайхан болох байх. Мөн голын энэ хэсгийг тохижуулахдаа усан доогуур нь гялгар уут дэвссэн гэсэн. Голын урсац муудаад, лаг шавар нь хуримтлагдахаар гялгар уутнаас болоод бүр ч өмхий үнэртээд байж магадгүй гэв.

Байгалийн ус доод хэсэгтээ хуримтлагдсан лаг, шавраа өөрөө цэвэрлэчихдэг. Гэтэл байгалийн гольдролыг өөрчилж усны доод хэсгийг бетондсон нь лаг шавар хуримтлагдаж урсац нь татрахад нөлөөлж байгааг мэргэжлийнхэн шүүмжилж байна. Сэлбэ гол ийм байдалтай болсон нь нүдээ олоогүй бүтээн байгуулалт байсан гэдгийг ярихаас илүүгэй одоо хэрхэн хамгаалах талаар чухалчлах цаг үе.

Халуун дулааны улирал ирж, хотын өнгө үзэмж гомэх энэ үед хот дундуур урсдаг цөөхөн голыг хариуцдаг байгууллагууд нь хамгаалж, арчлах нь байтугай бие бие рүүгээ ажлаа түлхзж сууна. Дээрх тохижуулсан хэсэг Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт хамааралтай. Тиймээс дүүргийн зүгээс голын бохирдолд ямар арга хэмжээ авч байгаа, яагаад цэвэрлэхгүй байгаа талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодруулахад “Сэлбэ голын тохижилттой хэсгийн лаг, шавар, хог хаягдал цэвэрлэх ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн нийслэлийн Захирагчийн ажлын албатай голын лаг, шавар, далан, гуу жалгын хог хаягдлыг цэвэрлэх гэрээтэй. Хог хаягдлыг ажлын төлөвлөгөөний дагуу хэсэг хэсгээр цэвэрлэдэг юм билээ. Дүүргийн зүгээс Сэлбэ голын лаг шавар их болоод тасрахад хүрээд байгааг хэлж, цэвэрлэхийг хүссэн албан бичгийг нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Геодези, усны барилга, байгууламжийн газарт хоёр ч удаа хүргүүлсэн. Өнгөрсөн жил Геодези, усны барилга байгууламжийн газар “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байхдаа лаг, шаврыг нь цэвэрлэж байсан. Тохижилттой хэсгийн лаг шаврыг заавал гараараа цэвэрлэдэг болохоор их удаан ажил болдог юм билээ. Хажуугаарх ахуйн хог хаягдлыг манайхаас долоо хоногт хоёр удаа цэвэрлүүддэг. Яг лаг, шаврыг нь дүүргийн зүгээс хөрөнгө гаргаж цэвэрлүүлэх боломж үнэхээр байхгүй” гэлээ.

Харин Сэлбэ голын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хариуцдаг Геодези, усны барилга, байгууламжийн газрынхан эсрэг байр суурьтай байгаа юм. Тус байгууллагын Төлөвлөлт судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ч.Цэнхэрцэцэгээс Сэлбэ голыг хэзээ, хэрхэн цэвэрлэх талаар тодруулснаа хүргэе.

Ч.ЦЭНХЭРЦЭЦЭГ: БҮРЭН ЦЭВЭРЛЭХ ГЭХЭЭР ТӨСӨВ НЬ ХҮРДЭГГҮЙ

-Сэлбэ голын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг танай байгууллага хариуцдаг юм байна. Өнөөдрийн байдлаар тус гол хог, шавар, лагандаа дарагдсан байна. Та бүхэи яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ?

-Сэлбэ голын урд хэсэг Баянзүрх, хойд хэсгээрээ Сүхбаатар дүүрэгт хамаардаг. Сүхбаатар дүүргийн орчмын голын хог хаягдлын цэвэрлэгээг хийчихсэн. Харин VII хорооны нутаг дэвсгэр дэх тохижилттой хэсгийн хог хаягдал, лаг, шаврыг Сүхбаатар дүүргийнхэн хариуцах ёстой. Яагаад гэвэл тохижуулалтын ажил хийгээд хүлээлгэж өгөхөд нь Сүхбаатар дүүрэг үндсэн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж хүлээж авсан. Тиймээс манай байгууллага хариуцахгүй.

-Сүхбаатар дүүргээс танай байгууллагыг цэвэрлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Өнгөрсөн жил танай байгууллага цэвэрлэсэн гэсэн. Энэ жил дахиад цэвэрлэж болохгүй юм уу?

-Өнгөрсөн жил манай байгууллагыг цэвэрлэ гэж үүрэгдээд бид төлөвлөгөөнөөс гадуур хийж байсан. Энэ жил бас төлөвлөгөөнд ороогүй. Сүхбаатар дүүргийнхэн хариуцах ёстой юм.

-Сэлбэ голын бусад хэсгийг хэзээ цэвэрлэх вэ?

-Бусад газрыг төлөвлөгөөний дагуу цэвэрлэж байгаа. Манай байгууллага хотын далан суваг, шуудууг цэвэрлэх ёстой. Хотод маш олон далан суваг бий. Эдгээрийг бүтдийг нь цэвэрлэе гэвэл төсөв мөнгө хүрэхгүй. Далан шуудуу, лаг шаврыг цэвэрлэхэд жилийн төсвөөс хамаарч байршлыг нь сонгон ажлын хуваарьтаа оруулдаг. Тэгэхээр зарим далан шуудуу үлдэнэ гэсэн үг. Энэ жилийн төлөвлөгөөнд 35 байршлын далан сувгийг цэвэрлэх хуваарь гарсан.

-Нэг жилийн төсөв ойролцоогоор хэдэн төгрөг байдаг вэ?

-Жилийн төсөв их биш. Ойролцоогоор 500 сая гаруй төгрөгийн төсөв байгаа байх гэв.

Хариуцсан гол нь нүдэн дээр нь лаг, шаваргаа дарагдаж, ширгэх дээрээ тулаад байхад холбогдох байгууллагууд ийнхүү ажлаа бие бие рүүгээ түлхсээр байна. Сэлбэ голын тохижолттой хэсгийг цэвэрлэх ажлыг дээрх хоёр байгууллагын аль нь хариуцах талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийнхээ нутаг дэвсгэрийг хоггүй байлгах ёстой. Дүүргийн хилийн бүсэд багтаж л байгаа бол алга дарам газар ч үлдээхгүй. Геодези, усны барилга байгууламжийн газар бол үерийн хамгаалалтын далан сувгийн лаг, шаврыг цэвэрлэнэ” гэсэн юм. Харин Сүхбаатар дүүргийнхэн лаг, шаврыг цэвэрлэх хөрөнгө гаргах боломж байхгүй гэдгээ хэлэв. Ийнхүү иргэдийн амралт чөлөөт цагаараа салхилах дургай Сэлбэ голын хэсэгхэн газрыг цэвэрлэх эзэн олдсонгүй. Эдгээр байгууллагын үл ойлголцол, хөрөнгө мөнгөний асуудлаас болж хэзээ цэвэрлэх нь ч тодорхойгүй байна.

Түүнчлэн нийслэлчүүд бид Туул голоос ундны усны хэрэглээгээ хангадаг. Тиймэзс Туул гол болон бусад цутгал голуудын бохирдлыг тогтоосон байх ёстой. Хойгуураа гэр хорооллоор дайран хотын төвөөр урсаж Туул голд цутгадаг Сэлбэ гол хэрхэн бохирдож ширгэх гэж буй нь нийслэлчүүдийн нүдэн дээр ил. Тэван жилийн өмнө л Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төслийн хүрээнд Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагууд Сэлбэ голын бохирдлыг шинжилж үзэж байжээ. Тухайн үед Сэлбэ голд мал амьтны гаралтай аммонийн азот, гэдэсний халдварт өвчний нян зэрэг их хэмжээгээр илэрсэн байна. Үүнээс хойш нэг ч удаа шинжилж үзээгүй аж. Учир нь тус голд усны бохирдлыг хэмжих хяналтын цэг байдаггүй гэнэ. Харин знэ сард нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас шинжилгээ авах бөгөөд хариу нь 20 гаруй хоногийн дараа гарна пэдгийг тус газрын Байгаль орчин, Геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий хэллээ.

Хагас дутуу тохижуулсан 350‘метр хэсгийг эс тооцвол сүүлийн хэдэн жил шийдвэр гаргах төвшнийхөнд Сэлбэ голын усыг нэмэгдүүлэх, бохирдлыг арилгахад анхаарсан зүйл алга. Холбогдох байгууллагынхиы авч хэрэгжүүлсэн, шийдвэрлэсэн чухал нэг асуудал нь Салбэ гшыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан явдал юм. Орон нутгийн тусгай хамгаалалтад авах журамд мод огтлох, элдэв янзын химийн бодис агуулсан угаалгын нунтаг хэрэглэж голын усыг шууд бохирдуулах, хамгаалалтын бүсэд ногоо тарихад хөрсөнд сөргөөр нөлөөлөх хортой бордоо ашиглах, голын ойр орчимд барилга, орон сууцыг дүрэм журмын дагуу барих зэрэг хүний үйл ажиллагаанаас хамааралтай олон хүчин зүйлийг хориглосон байдаг. Гэсэн ч сэргэхээ хүлээж буй Сэлбэ голын нөхцөл байдал дээрдсэнгүй. Хүний буруу үйл ажиллагаанаас болж бохирдсоор л байна. Иргэд голын ойр орчим хогоо ил задгай хаях, автомашин, хувцас, хивс зэргээ угаадаг нь Сэлбэ гол гэлтгүй Туул голыг бохирдуулж, лаг шаваргаа дарагдахад хүргэсээр байна. Тиймээс хүн бүр дор бүрнээ ухамсарлаж, хогийг нь цэвэрлэхгүй юм аа гэхэд хог тарихгүй, бохирдуулахгүй байх хэрэггэй. Хүний ухамсарт үйл ажиллагаа л Сэлбэ голыг сэргэхэд ихээхэн нөлөөлөх юм.

Түүнчлэн нийслэлийн холбогдох албаныхан Сэлбэ голын тохижилттой хэсгээс хойш буюу Их тойруугийн гүүрээс хойшхи нэг километр орчмыг тохижуулж, урсацыг сайжруулахаар зураг төсөл гаргаж байгаа аж: Төлөвлөх амархан ч бүтээх нь хэцүү. Өмнөх шигээ хагас дутуу, үр дүнгүй зүйл битгий хийгээсэй. Хот буруу төлөвлөлт, хүний буруутай уйл ажиллагаанаас болж цагтаа халгиж, цалгиж байсан Сэлбэ голын амь тасрахад хүрлээ. Арваад жилийн өмнө хот дундуур эргээ даган долгиотон урсаж байсан Сэлбэ гол өнөедөр лаг шавартаа дарагдсан шалбааг хөдийхөн болж. Ийм байдал удаан үргэлжилбэл биднийг “Сэлбэ гэж хот дундуур урсдаг гол байсан юм шүү” гэж хойч үедээ гунигтай ярих ирээдүй л хүлээж байна. Дэлхийн хотуудыг ногоон хөгжлөөр нь тодорхойлдог болохоор төрийн түшээд, шийдвэр гаргах төвшнийхөн нийслэл хотоо ногоон болгож хөгжүүлэхийн төлөө хамаг л бүхнээ зориулж байгаа мэтээр ярьцгаадаг. Гэвч бодит байдал дээр ганц Сэлбэ голын хогийг ч авч чадахгүй байна. Хэн ч цэвэрлэх нь тодорхойгүй байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллагааны тод жишээ нь энэ. Тэднийг бие бие рүүгээ ажлаа түлхэж суух хооронд Сэлбэ голын тэнхэл нь барагдлаа. ййм байдлыг хэчнээн хоног үргэлжлүүлэх гэсэн юм бэ холбогдох албаныхаан. Үнэхээр төсөв хөрөнгө нь хүрдэггүй юм бол иргэд олон нийттэйгээ хамтарч цэвэрлэж болно шүү дээ. Сэтгэл л дутаад байна уу даа. 

 

 

Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭСНИЙ ШУУД

Хөвсгөлчүүд бурхан шашны тэргүүнээ зална
Хөвсгөлчүүд бурхан шашны тэргүүнээ зална
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.