Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн БАТТУЛГА-ын нийслэлийн сонгогчидтой уулзахдаа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байцгаана уу, Монгол түмэн минь ээ,
Сайн байцгаана уу, Иргэд сонгогчид оо,
Сайн байцгаана уу, итгэл үнэмшил нэгт залуус дүү нар аа,
Улсын нийслэл Улаанбаатар хотынхоо дүүрэг дүүргээс, хороо хорооноос өнөөдрийн уулзалтанд маань хүрэлцэн ирсэн Та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг эрье.
Тиймээ, 2017 он бол түүхэн хариуцлагатай, Монгол хүн Монгол хүнийхээ үнэ цэнийг хамгаалах асар чухал сонголтын жил юм. Ийм сонголтыг эх оронч зүрх сэтгэлээрээ хийх гэж байгаа Та бүхэндээ баярлалаа.
Уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт азай буурлууддаа, ахмад дунд үеийнхэндээ, залуус дүү нар охид, хөвгүүддээ баярлалаа. Та бүхэн маань өнөөдрийн үзсэн дуулснаа, тунгаан бодсон мэргэн шийдвэрээ бусадтайгаа хуваалцаж, Монгол Улсын үнэ цэнэ, тусгаар тогтнолтой холбоотой чухал үйл хэрэгт гар бие оролцоно гэж итгэж байна.
Та бүхэн миний туулсан замыг мэднээ. Харин өнөөдөр бид, хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байхын төлөө, хүний эрх, эрх чөлөө шударга ёс ялан дийлсэн Монголыг хамтдаа бүтээхийн төлөө хариуцлагатай сонголтын өмнө хүрч ирээд байна.
Энэ сонголт бол Монгол түмний хувь заяа хаашаа чиглэх луужин болно. Бидэнд зөв зүг рүү хамтдаа алхахаас өөр сонголт үлдсэнгүй. Бид хөгжил дэвшил рүү, эвлэрэл нягтрал руу, хамтын бүтээн байгуулалт, Монголыг хөл дээр нь баттай босгох тэр гарц руу тэмүүлэх Эх оронч сонголтыг хийх ганцхан зам үлдлээ.
Би Ардчилсан намынхаа итгэл үнэмшил нэгт журмын нөхдийнхөө сонголтоор, олон түмнийхээ халуун дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс нэр дэвшин өрсөлдөж байна.
Ийнхүү нэр дэвшин өрсөлдөхдөө би Монгол Улсын төлөөх, Монгол хүний төлөөх нэг л зарчмыг хатуу баримтлан өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байгаа. Мөрийн хөтөлбөрийн маань уриа бол МОНГОЛ ЯЛНА гэсэн итгэл үнэмшилд зангидагдсаан.
“Баттулгаа чи, хэнтэй байлдах гээд байгаа юм бэ” гэж зарим хүн надаас асууж байна. Өнөөдөр Монгол Улс тусгаар улс мөн л юм бол бидэнд эх орондоо эзэн хүн шиг суух эрх чөлөө, Монголын ард түмэн газар шороондоо эзэн нь байх бодит боломж байх ёстой.
Монголын хөгжлийг хойш татаж байгаа, Монголыг муухай харагдуулж, иргэдийг туйлдуулж байгаа бурангуй бүхэнтэй би тулж, тэмцэн, ажил хэрэгч, эрүүл зөв шийдвэр гаргахыг Монгол ялна гэж тодорхойлж байгаа юм.
Монгол Улсыг эдийн засгийн хувьд бусдаас хэт хараат байдал руу улам гүн оруулахгүйн төлөөх бодлогыг Монгол ялна гэж үзэж байна.
Монгол хүн, монгол түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, баялгийн тэгш хуваарилалтаар ядуурлаас ангижран гарахыг би Монгол ялна гэж хэлж байна.
Монгол Улс бусдын түүхий эдийн бэлтгэгч орон бус, өөрсдөө үйлдвэрлэдэг, өөрсдөө баялаг бүтээдэг, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээ хийж чаддаг орон байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Монголд хэнийг ч хууль бусаар барьж хорьдоггүй, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг шударга шүүхийн тогтолцоотой байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Монгол Улсад хууль үйлчилдэг, тэгш эрх хэрэгждэг байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Монголд эрх мэдэлтэй хүмүүс баялгийг хянаж, хүний эрх, эрх чөлөөг өөрсдийн дураар тодорхойлдог биш, хүн бүр тэгш эрхтэй байх тийм нийгэм бүтээхийг Монгол ялна гэж үзэж байна.
Монголд ард түмнээ сорон мөлжсөн, хууль бусаар хөлжсөн этгээдүүд хариуцлага хүлээж, шударга ёс тогтохыг Монгол ялна гэж үзэж байна.
Монгол хүн гадны улсад хямд үнээр боолын хөдөлмөр эрхлэхгүй, эх орондоо ажилтай орлоготой байх боломж бүрдүүлэхийг Монгол ялна гэж үзэж байна.
Олон сайхан залуусаа нүд шүдээр нь шалгуулж гадагшаа ачуулчихаад оронд нь харь гүрнээс мянга мянгаар нь хүн авчирч орон гэрээ бариулдаггүй, бид өөрсдөдөө итгэж, өөрсдөө бүтээдэг байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Ахмад нь гавъяаныхаа амралтад сэтгэл дүүрэн гардаг, дунд үе нь ажил хөдөлмөртэй, залуу үе нь өөдрөг тэмүүлэлтэй, гэгээн ирээдүйтэй, хийж бүтээх эрмэлзэлтэй байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Газар шороо, хил хязгаар маань гадаад өрийн барьцаанд орчихолгүй байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Гадаад улстай эн тэнцүү харьцаж чаддаг, Монгол Улс үйлдвэрлэж чаддаг, экспортолж чаддаг улс орон байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Иргэд нь эрүүл, эрдэм боловсролтой, хүн ардаараа эв нэгдэлтэй шударга нийгэм төлөвшиж бүрдэхийг Монгол ялна гэж тодорхойлж байна.
Монгол хүн монгол хүндээ итгэдэг, монгол хүнээ дэмждэг, монгол хүнтэйгээ хоршдог, Монголоо хамгаалдаг, монголоо боддог, монголоо хайрладаг байхыг би Монгол ялна гэж тунхаглаж байна.
Эх орноо хойч үедээ нэр төртэй өвлүүлэн өгөх тэр цагийг хамтдаа бий болгохыг МОНГОЛ ЯЛНА гэж үзэж байгаа юм аа. Монгол ялна!
Би цус урсгасан дайн байлдаан сурталчлаагүй, харин хөлс урсгасан, шуугаа зангиртал хөдөлмөрлөж, судсаа лугштал Монголоо гэсэн зүрх сэтгэлээр Монголоо ялуулахын төлөө хамтран тэмцье гэж уриалж байна.
Монгол Улс газар нутгаараа дэлхийн 200 гаруй орноос дээгүүрт ордог. Нэг хүнд оногдох газар нутаг, газрын баялгаараа, малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг.
“Яндаж болшгүй далай шиг, яасан баян нутаг вэ, ямар их хувь заяагаар бид нар эзэн болж төрээ вэ” гэж дуу хүртэл дуулдаг байсан ард түмэн бид.
Гэтэл өнөөдөр тийм том хувь заяатай төрсөн Монголчууд яагаад ядуу амьдраад байна вэ? Энэ асуултад бид яагаад хариулт өгч чаддаггүй, шийдэж чаддаггүй юм бэ. Ийм асуултад хариулж, гарц хайж, хөгжил авчирч чадах Ерөнхийлөгч болохыг би хүсч байна.
60 гаруй сая малтай хэрнээ өлмөн зэлмүүн иргэдийн тоо нэмэгдсээр, хот дүүрэн малтай хэрнээ түүхий эдийн үнэ хятад гоймонгийн үнэ давахгүй байна.
2016 онд одоогийн эрх баригчид ард түмнээ Чингис бондын өрөөр айлгаж, 60 тэрбумын хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авсаан. Монголын төрийг, төрийн суудал сэнтийг арилжиж байгаа баримтыг журмын нөхдийнхөө хамт хянаж шалгадаг газарт нь бид хүргэж өгсөн, одоо болтол хариугаа аваагүй байна.
Олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон Чингис бондоор 2700 км зам тавьж, олон зуун төслүүдийг санхүүжүүлж, 80 гаруй мянган айлыг орон сууцтай болгосон нь АН-ын буян байлаа. Харин үүнийг үгүйсгэж байсан эрх баригчид өнөөдөр нэг улсаас хараат том том өр тавьж байна.
Нийтдээ 5 тэрбум, ам долларын зээлийн өрөнд Монголоо барьцаалж чадлаа. Иргэдээ татвараар айлгах хэрнээ өөрсдөө концесс нэрээр хувьдаа их хэмжээний мөнгө завшиж байна.
Сонгуулийн сурталчилгааны ажлаа 6 дугаар сарын 6-наас Хэнтий аймгаас эхлүүлээд 8 аймаг, 2 дүүрэг, 10 гаруй сумдаар ороод уулзалт бүр дээрээ нэг асуулт асууж явлаа. Өргүй хүн байна уу гэсэн асуултад “Өргүй ээ” гээд ам бардам хэлчих хүн гарч ирэхгүй л байна.
Давхар дээлийг эсрэг хар машины эсрэг жагсаал хийж байсан Ардын нам өнөөдөр өөрсдөө давхар дээлэндээ хөлөрч, хар машиндаа найдаж сууна. Тийм л их ээсэргүүцээд байгаа юм бол ядаж нэг сайд нь над шиг давхар дээлээ тайлахыг нь харъя л даа гэж би хэлмээр байна.
Бид үүнийг өөрчилнө. Та бид бие биедээ, Монгол хүн монгол хүндээ итгэж байж л энэ их нүглийг зогсоох боломжтой. Бид чаднаа.
Монгол хүний эрүүл мэнд үнэхээр хүнд асуудалтай тулгарсаан. Хорт хавдраараа дэлхийд тэргүүлж байна. Хэрвээ би Та бүхнийхээ дэмжлэгээр Ерөнхийлөгч болвол Монгол хүн бүрийг нам улс төр, нас хүйс үл харгалзан эрүүл монгол иргэн болгох бодлогыг үйл ажиллагааныхаа цөм болгон ажиллана.
Би өөрийн чадлаар шударгаар баялаг бүтээгч хүмүүсээ шүүмжлээгүй, харин улс төр, эдийн засгийн явцуу бүлэглэл болж, төрийн мөнгө, татварын орлого, тендер булхай луйвраар хувалз шиг баяжсан нөхдүүдийг 30 орчим гэр бүлд тооцон шүүмжилж байна.
Харин баялаг бүтээгч иргэдээ, хөдөлмөрч иргэдээ үргэлж дэмжсээр байх ёстой. Би үүний төлөө тууштай зогсоно. Би өөрөө ч хар багаасаа баялаг бүтээх замаар явж зовлон жаргалыг нь хангалттай амсч ирсэн ажил хэрэгч хүмүүсийн төлөөлөл гэж өөрийгөө боддог.
Монгол Улсыг 30 гэр бүлийн халаасны орон болгохгүй ээ, харин 3 сая илүү иргэдийнхээ хүсэн хүлээдэг Монгол болгож ялуулнаа. Би үүнд огтхон ч эргэлзэхгүй байна.
Би эгэл жирийн иргэдээ, эрдэм боловсролтой сэхээтнүүдээ үргэлж хүндэлсээр ирсэн. Би сэхээтнүүддээ, мэргэжлийн боловсон хүчнүүддээ Монгол ялах тэмцэлд нэгдэхийг уриалж байна. Сэхээтнүүдийн, эрдэмтдийн маань дуу хоолой бага байна. Тэднийг иргэдээ дэмжээд, эдийн засгийн тусгаар тогтнолоо аврахын төлөө дуугараад өгөөч гэж дахин дахин уриалмаар байна.
Бас залуус, дүү нартаа ч илүү их чармайж, хамтдаа хичээж Монголоо Улс шиг улс болгохын төлөөх тэмцэлд хамтран тэмцэхийг уриалж байна.
Өнөө хүртэл улс төрчид их ярьж, ард түмэн сонсдог байж ирсэн. Одоо хангалттай. Ард түмэн ярьж, улс төрчид сонсдог байх ёстой. Би сонсдог Ерөнхийлөгч байх болно.
Энэ удаагийн Ероөнхийлөгчийн сонгууль бол тэртээ 72 жилийн өмнө 1946 оны 10 дугаар сарын 20-ний тусгаар тогтнолын төлөөх санал асуулгатай агаар нэг нөхцөл байдал болноо. Энэ өдөр Монголчууд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, бичиг үсэгтэй нь гарын үсгээрээ, бичиг үсэггүй нь хурууны хээгээрээ тусгаар тогтнолоо 98 хувиар баталгаажуулж байсан тэр өдөртэй би энэ сонгуулийг зүйрлэж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалан баталгаажуулах эсэхийн шийдвэрлэх сонгууль ирж байна.
Хийрхлээ, турхирлаа гэж хэлсэн үгийг минь мушгин гуйвуулах төлбөртэй цахим дайчдыг өрсөлдөгчид маань мянга мянгаар нь хөлсөлсөн байгаа. Би шантрахгүй ээ. Би хараа эгц, зорилго тууштай тэмцэж чадна.
Монголын энэ газар нутаг дээрээс түүхэн гурван гүрэн үүсч байсан. Хэнээр ч заалгахгүйгээр түүхээ уншаад боловсорч чадах ард түмэн. Бид ийм түүхтэй аугаа ард түмэн байж мөнгөөр саналаа өгөх юм бол эцэг өвгөдийн маань сүнс гомдох байх аа. Тэднийгээ баярлуулж, эх орныхоо төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хариуцлагатай сонголт хийхийг уриалж байна аа.
Хүч тэнцвэргүй тулаан, эрх мэдэл, мөнгөний эсрэг бид хамтдаа тэмцэж МОНГОЛ ЯЛАХ тэр мөчийг бий болгож чадна.
Монгол ялна, бид хамтдаа ялнаа.