УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-МАН-ын бүлгийн хурлаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжсэн байна лээ. Гэхдээ хос тэжээлт авто машины онцгой албан татварыг 100 хувь чөлөөлсөн, долдугаар сарын нэгэн хүртэл хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан гэдэг хоёр тайлбар яваад байна л даа. Яг ямар учиртай өөрчлөлт орж байна вэ?
-Бүлгийн хурлаар Онцгой албан татвартай холбоотой асуудлыг хөндөж ярилцсан. Энэ тун тодорхой зүйл Приусын татвар.Нэг үгээр хэлбэл долдугаар сарын нэгний дотор орж ирэх авто машинуудыг татвараас чөлөөлөх асуудлыг ярьсан. Гишүүдийн зүгээс хугацааг наймдугаар сар болгож хойшлуулъя, бүр мөсөн чөлөөлье гээд янз бүрийн саналууд гарсан. Хэдийгээр тийм хүсэл байлаа ч бид нэгэнт ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг авч, эдийн засгаа сэргээх анхны алхмуудаа хийж байгаа учраас гэрээ хэлэлцээрээс зөрөх хэрэггүй гэдэгтэй бүлгийн гишүүд санал нэгдээд байгаа.
-Цаашид татваруудын асуудал хөндөгдөх үү. Онцгой албан татварын хугацааг хойшлуулж байгаа юм чинь бусад татваруудыг ч гэсэн хойшлуулах боломж байгаа гэх юм?
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор дахин ийм асуудал гарахгүй. Би дахин хэлье. Тохиролцоо бол тохиролцоо байх ёстой. Бид ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ийм ийм зүйл дээр ингэх ёстой гээд хоёр талаасаа тохирчихсон юм. Бид айлын эрх хүүхэд шиг байж болохгүй. Нэг зүйл ярьж байснаа сарын дараа дахин өөр зүйл яриад явах юм уу. Олон улсын байгууллага биднийг тэгж эрхлүүлэхгүй болов уу. Аль болох бидэнд тус болж санхүүгийн сахилга баттай болгоё, зөв бодлого хэрэгжүүлье, тодорхой хугацаанд Монголын эдийн засгийг өөд нь өргөе гэдэг том зорилт тавиад ажиллаж байхад нь бид дахин дахин янз бүрийн байдлаар тохиролцооноосоо буцах асуудал хөндөөд байх нь зохимжгүй. Татвартай холбоотой асуудал дахин гарахгүй байх.
-Үүнээс гадна олны анхаарлыг татаж буй нэг сэдэв нь Ерөнхий сайд БСШУС-ын сайдаа огцруулсан явдал байлаа. Яахав огцруулах шалтгаан нь шалгалтын тест задарсан, 29 дүгээр сургуулийн асуудал гэх мэтчлэн зүйлс байгаа ч огцруулах гол шалтгаан биш гэж байна. Нэг хэсэг нь хариуцлагатай байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь сонгуулийн оноо авах шоу гэх юм?
-Ийм асуудлаар сонгуулийн оноо авна гэж юу байхав дээ. Бид хариуцлага, сахилга батыг сайжруулна гэж Их хуралд олонхи болсон улс төрийн хүчин. Тиймээс Засгийн газрын тэргүүний гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээж авсан. Та салбарын сайдын гаргасан алдаа онооных нь тухай дурдлаа. Ерөнхий сайд өмнө нь ийм алдаа гараад байна. Үүнийгээ засч, залруулах ёстой гэдэг анхааруулга өгч байсан юм билээ. Нэг үгээр хэлбэл өгсөн анхааруулгын хүрээнд ажилд нь ахиц гараагүйн дээр боловсролын салбарт ноцтой алдаа гарч шалгалтын тест задарсан тул огцруулах ёстой гэдэг үндэслэлийг бүлэгт тавьсан.
-Сайд асан Ж.Батсуурийн хувьд “Би хууль зөрчөөгүй” гэдгээ чуулганы хуралдаан дээр мэдэгдсэн. Огцруулах шалтгаан үнэхээр мөн байсан уу гээд байгаа юм л даа?
-Салбарын ямар асуудлыг сайдад хамаатай, хамаагүй гэж үзэх вэ дээ. Энэ том салбарыг бүхэлд нь хариуцаж байгаа хүний хувьд улсын шалгалтын тест задарна гэдэг нь том асуудал. Энэ жил сургуулиа төгсч байгаа 30 гаруй мянган хүүхдээс дахин шалгалт авах нь сайдад хамаагүй, доод албан тушаалтнуудад хамаатай гээд орхих нь өөрөө маш том алдаа болно. Тиймээс бид байгаа оноогүй, алдаатай шийдвэр гаргасан гэдэгтэй санал нийлэхгүй. Ерөнхий сайдын зөв байсан.
-Улс төрд байх ёстой зүйл л гээд байнаа даа?
-Улс төрд байхаар барах уу. Хариуцлага тооцдог механизм байх ёстой гэдгийг харуулж байна л даа. Хариуцлагын асуудлыг сайтар нягталж үздэг байх ёстой. Түүнээс биш жижигхэн алдаа гаргангуут нь хариуцлага тооцоод огцруулна гээд алх цохиод байж болохгүй. Хэрэв замбараагүй явбал улс төрийн тогтворгүй байдалд хүргэнэ. Намын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад үүнийг мөн анхааруулсан. Засгаа унагах хэмжээнд хүртэл бид дэг журамгүй байдал гаргахгүй.
-Дараагийн сайд хэзээ томилогдох вэ?
-Ерөнхий сайд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарын нэрийг оруулж ирсэн. Бүлэг хуралдаж дэмжсэн байгаа. Өнөөдөртөө багтаагаад томилчих байх.
-Сөрөг хүчний зүгээс дан дээлтэй хүнийг сайд болгох ёстой шүү гэж байгаа. Давхар дээл ярьсаар байгаад өөрсдөө давхар дээлтэй болсон гэж шүүмжилж байна лээ?
-Би сөрөг хүчний дан дээлтэй хүнийг сайдаар томилоорой гэдэгтэй санал нэг байгаа. Бүлгийн гишүүд ч гэсэн тийм байр суурьтай байх болов уу. Учир нь БСШУС-ын сайд Их хурлаас байгаагүй шүү дээ. Засгийн газрыг байгуулахдаа бодлогын яамдыг Их хурлын гишүүдээс, үндсэн чиглэлийн бус яамдын сайд нарыг гаднаас томилно гээд шийдвэрээ гаргасан тул энэ хүрээнд асуудал шийдэгдэнэ
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Гурван нэр дэвшигчийг халз мэтгэлцээнд орох ёстой гэдэг байр суурийг хүмүүс тавих боллоо. Та ямар бодолтой байна вэ?
-Халз мэтгэлцээн байх ёстой гэдэг дээр би 200 хувь санал нэг байдаг. Тэр бүү хэл нэг биш нэлээд хэдэн удаа мэтгэлцэх ёстой. Халз мэтгэлцээнд оролцсоноор гурван нэр дэвшигчийн хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн таних хамгийн том боломж. Халз мэтгэлцээнээс олон хүн эргэлзээгээ тайлдаг гэж боддог. Тавьсан асуултуудад хариулж байгаагаас нь эхлээд тухайн нэр дэвшигчийн өөрийн өнцөг, бодлого, мэдлэг боловсрол гээд олон зүйлийг харж болно. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцээнийг нэгээс дээш удаа хийх ёстой л доо. Энэ нь дэлхий нийтэд тогтсон жишиг. Тиймээс халз мэтгэлцээн хийх нь зөв. Нэр дэвшигчид ч халз мэтгэлцээнээс татгалзах нь зохимжгүй.
-Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө л гурван нэр дэвшигчийн талаар хар бараан мэдээлэл цацагдлаа. Монгол Улсын адгийн гурван шаар л нэр дэвшчихээд байгаа юм шиг аашилж байна?
-Сүүлийн хэдэн сонгуулийг харахад сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар пиар хэрээс хэтэрлээ.
Бид ингэж явах ёстой юу гэдэг талаар бодож суулаа. Гурван нэр дэвшигч худалч, хулгайч, газрын наймаачин, хятад, оросын эрлийз гээд муу муухай бүхнээр монголд багтах шингэх газаргүй болтол нь харлууллаа. Гэхдээ хүссэн ч эс хүссэн ч энэ гурвын нэг нь Ерөнхийлөгч болно. Нэг нь Ерөнхийлөгч болчихсоны дараа юу гэж хэлэх юм бэ. Ашгүй нэг хулгайч, эрлийз манай Ерөнхийлөгч болчихлоо гэх юм уу. Энэ мэтчилэн ёс зүйгүй зүйлсийг хуульчлах ёстой гэж хувьдаа боддог. Хүн сурталчилгаа, пиараа хийж болно. Баримт нотолгоогүй зүйлстэй нэр холбон гүтгэж түмэн олны тархийг угаадаг байдалд цэг тавих цаг болсон.
Монголчууд хоёр том хөршийн дунд байгаагаа хэзээ ч мартаж болохгүй. Хэдийгээр дэлхийн хамгийн том хоёр гүрэн ч гэсэн Монгол Улсын асуудалд туйлын хүндэтгэлтэй хандаж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгууль болж байна. Гэтэл таван Ерөнхийлөгчийн гурав нь хятадын эрлийз болж хувирсан. Бид арай л буруу тийшээгээ яваад байна уу даа гэж бодогдох юм. Сүүлдээ бүр зохиол бичээд хүний даалгавраар уран сайхны хэтрүүлэгтэй юм ярьсан. Үүнийхээ төлөө уучлалт гуйна гээд юу ч болоогүй юм шиг хэлж байх жишээтэй. Хүний нэр төрийг гутааж гутаачихаад сүүлд нь уучлаарай гээд өнгөрдөг ийм нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Хамрын доорх хагархай гэгчээр юу хамаагүй ярьж, нийгэмд түгээн хүмүүсийн тархи угаах үйлдлийг ардчилал гэж би боддоггүй. Үүнийг хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж байгаа үйлдэл гэж үзэхгүй. Хүний нэр хүнд хамгийн чухал. Алдаа оноотой зүйл хийсэн бол түүнийг нь нийгэмд цацсаныг яая гэхэв. Хуулийн өмнө хариуцлагаа хүлээгээд явна л биз. Харин хүн намайг гутаан доромжилсны төлөө уучлаарай гэдэг ганц үг сонсоод өнгөрнө гэдэг тийм ёс зүйтэй үйлдэл мөн үү? Нийгэмд хараар будаж будчихаад уучлаарай гээд өнгөрөх нь зөв үү?Энэ тал дээр хариуцлагаа бид чангалах ёстой.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулна гээд байгаа. Хэзээ завсарлах юм бол?
-Манай намын бүлэг Ардчилсан намын бүлэгтэй харилцан тохиролцоод зургадугаар сарын 14-28-ний өдрийг хүртэл УИХ-ыг түр завсарлуулъя гэж шийдсэн. Тиймээс 14 хоногийн хугацаатай чуулган түр завсарлана.
-Ерөнхий сайд Петербургийн эдийн засгийн форумд оролцоод ирсэн. Энэ хүрээнд эдийн засгийн чиглэлийн нэлээд хэдэн асуудлыг шийдлээ гээд байгаа?
-Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ, БНХАУ-д айлчилсан албан ёсны айлчлал үр дүнтэй болсон. Айлчлал Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсноос хойш боллоо. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон мэдээлэл манай оронд анхаарал хандуулж байсан олон орны бизнесмэн, хөрөнгө оруулагчдыг нэг алхам нааш нь ойртуулсан. Монгол Улс эдийн засаг, бизнес, санхүү, хууль эрх зүйн орчин тогтвортой болж эдийн засгийн өсөлт хангагдах юм байна гэж үзэж байгаа. Одоо харин тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байгаа нь үнэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн тогтвортой байдал үүсэх үү гэдгийг гадныхан ажиглаж байгаа шүү. МАН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгч болчихвол улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчин тогтвортой болох нь гэдэг үндэс бүрдэх юм. Тиймээс хоёр хөршид айлчилсан Ерөнхий сайдын айлчлал олон том асуудлыг шийдсэн.
Тухайлбал, Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэр хойд хөрш мал эмнэлгийн салбарт хамтран ажиллаж, дөрвөн сая тун вакцин нийлүүлэхээр болсон. Хамтарсан махны үйлдвэр барьж, Эрдэнэт-Овоотын төмөр замыг Кызылын төмөр замтай холбох асуудал нааштай шийдэгдсэн байна лээ. Цаашид эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахын тулд хоёр талаас ажлын хэсэг гарч ажиллахаар болж, Монголын төмөр замын ачаа эргэлтийг 30 мянган вагоноор буюу 50 хувиар нэмэгдүүлэх ажлыг газар дээр нь шийдсэн байна. Энэ мэтчилэн урд, хойд хөршүүд маань эдийн засгийн талаар маш их дэмжиж байна л даа. Харин биднээс улс төрийн тогтвортой байдал, амласандаа байх хэрэгтэй л гэдгийг хэлж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд бид амалсандаа хүрэлгүй буцдагаас болж хоёр хөршдөө нэр хүндээ алдсан тал бий. Дипломат ёс, төрт ёсны уламжлалаа бодож, гэрээгээ байгуулж яс тохирсон зүйл дээрээ байж чадвал хөгжих болно. Үнэндээ бид дэлхийн хоёр том эдийн засгийн дунд байна. Гэтэл манай эдийн засаг өсөхгүй байна гэдэг чинь улс төрийн бодлого, төрийн тогтвортой байдал гээд биднээс хамаарч байгаа. Алдааг бид өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Бид алдсан уу, алдсан. Алдахдаа алд дэлэм алдсан. Үнэнийг хэлэхэд 2016 онд манай улс нэг том нүх рүү унах уу, эсвэл нүхний аман дээр дэнжигнэж байгаад цаашаа салганаад явах уу гэдэг тийм л зааг дээр байсан. Бид арай нүх рүү унагаачихсангүй. Монголын ард түмний заяа юм аа л гэж харж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа гээд нэг хэсэг нь зүхэж гадны эрхшээлд орлоо гэж байна. Үнэндээ биднийг төлбөрийн чадваргүй орон болох ангалын ирмэг л хүлээж байлаа ш дээ.
-60 тэрбум төгрөгтэй холбоотой 90 минутын бичлэг задарсан нь олны анхаарлыг татаж байна…
-Их хурлын сонгуулиас хойш ийм яриа явлаа. 60 тэрбум цуглуулах юм байна, сонгуулиудыг хакердах юм байна, сонгогчдыг худалдаад авчих юм байна гээд баахан л юм болсон. Түүнээс хойш Их хурал, орон нутгийн гээд хоёр сонгууль өнгөрлөө. Ард түмэн сонголтоо хийсэн. Сонгуулийн дараа хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахад эвлүүлэг гэдгийг нь тогтоочихсон шүү дээ. Гэтэл дахин сүржигнэж Ерөнхийлөгчид өгөөд л, АТГ, Тагнуулд өгөөд л явж байна. Өгөөд шалгуул л даа. Хэн битгий өг гээд байгаа юм. Дахиад шалгаад тогтооно биз. Сонгуультай холбоотой олон зүйл яригдаж байна. Өмнөх сонгуулийг хэн зохион байгуулсан юм бэ. Сонгуулийн тойрог, хэсгийн хороонд үнэнийг хэлэхэд Ардын намынхныг оруулаагүй. Бид гомдол чирэгдэл болсон ч тэд өөрсдийнхөө хүмүүсийг тавьж байгаад сонголтоо хийсэн. Ийм байтал яахаараа манай нам төрийн эрхийг булааж авсан байдаг юм.
60 тэрбум төгрөг цуглуулна гээд байгаа ч энэ нийгэмд хаана нь байгаа юм тэр мөнгө. Төрийн албан хаагч байтугай бизнесийнхэнд тэр мөнгө чинь ховор бараа болчихоод байна. Эдийн засгийн цусны эргэлт бараг зогсчихоод байна шүү дээ. Улс орныг худалдах гэж байна гэж сүржигнэх юм. Өнгөрсөн 20 гаруй жил манай нам, АН-тай хамтарч, эвсэж, дангаараа ч засаглаж ирлээ. Хэрэв тийм байсан бол аль хэдийнэ зараад, идээд, уугаад дуусгана биз дээ. АН, МАН аль ч улс төрийн хүчин улсаа худалдах гэж, харийнхны мэдэлд орох гэж улс төрийн бодлого явуулдаг гэж бодохгүй байна. Аль аль нь чадлаараа улс орноо босгочих юмсан л гэж явдаг. Хамгийн гол нь бодлого нь зөв байв уу гэдэгт л учиг нь байна. Дахин хэлэхэд шалгах ёстой газар байвал шалгуул гэдгийг хэлье.
Э.Энхболд
Эх сурвалж: “Өдрийн сонин” 2017.06.09