Хомосапиенс буюу хүн төрөлхтний өвөг дээдэс өмнө тооцоолж байснаас 100,000 жилийн өмнө Хойд Африкт амьдарч байсныг батлах олдвор Мороккогоос олдсон нь хүний хувьслын түүхэнд эргэлт гаргах үйл явдал болжээ.
Өнөөг хүртэл эрдэмтэд хүний анхны өвөг болох амьтад буюу шинжлэх ухааны нэр томьёогоор Хомосапиенс нь 200,000 орчим жилийн өмнө одоогийн Этиопийн нутагт амьдарч байсан гэж үздэг. Гэвч Мороккогийн Жэбэл Ирхуд хэмээх газраас олдсон олдвор нь хүн төрөлхтөн өвөг дээдсийнхээ талаар буруу ойлголттой явж ирснийг баталжээ.
Өчигдрийн “Nature Today” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд энэ тухай өгүүлсэн байна. Тайланд “Хүн төрөлхтний өлгийг бид 200,000 жилийн өмнөх зүүн Африк гэж боддож байсан бол шинэ баримтаар 300,000 жилийн өмнө Хомосапиенс Африк тив даяар тархсан байжээ” хэмээн Германы Макс Планкийн хүрээлэнгийн судлаач, палэоантропологич Жан Жак Юблин бичжээ.
Тэр бас “Эдений цэцэрлэг” гэгддэг Сахараас урагш орших Африкийн бүс нутагт хүн анх төвлөрөн амьдарч байсан гэх ойлголт түгээмэл байсныг дурдаад харин одоо бол “Эдений цэцэрлэг” нь Африк тив бүхэлдээ юм гэж дүгнэсэн байна.
Жан Жак Юблин “Хомосапиенс Африкаас бусад тив рүү нүүдэллэж тархахаас бүр эрт Африк тив дотроо тархсан байна” гэж дүгнэжээ.
Тэрээр Мороккогийн болон олон улсын судлаачидтай хамтран Жэбэл Ирхундаас олдсон таван олдворын шүд, яс, гавал, багаж зэвсэгт нас тогтоох шинжилгээ хийсэн юм байна.
Мөн эндээс олдсон амьтдын олдвор нь тэднийг ан хийж, амьтны махаар хооллож байсан гэх дүгнэлтэд хүргэжээ. Багаж зэвсэг нь өмнө Африк тивээс олдож байсан Чулуун зэвсгийн дундад үеийнхтэй ижил цахиур чулуун хийцтэй байсан гэнэ.
Жэбэл Ирхунд нь бүр 1960-аад оны үеэс нээгдсэн археологийн судалгааны газар. Хамгийн сүүлийн малтлагыг 2004 онд хийж эхэлжээ. Ингэснээр өмнө олдсон байсан олдворуудын насыг орчин үеийн технологиор шинэчлэн тогтоох ажил мөн хийгдсэн байна.