-Нийслэлээс зам чөлөөлсөн байршлуудыг шалгаж байна-
Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хаасан хаалт, хашаа хайсыг буулгах, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд зам чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн хийж байна. Өнөөдрийн байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж, орц гарц нийтийн эзэмшлийн талбайг нээгээд байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 2 байршилд газар чөлөөлжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг зам чөлөөлсөн байршлуудтай танилцаж, газар дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсэгт нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон бусад албаныхан багтсан юм.
Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооноос зам чөлөөлсөн байршлуудыг шалгах ажлаа эхлүүлсэн юм. Тус хорооны 8 дугаар байрны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барисан хашааг буулгаснаар явган хүн чөлөөтэй зорчих боломжтой болсон юм. Харин авто машин зорчих, зам гаргаж тохижуулах боломжийг судлахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрад үүрэг болголоо.
Ажлын хэсэг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьж нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хаасан хашааг буулгаж газар чөлөөлсөн байршилтай очиж танилцлаа. Жи Энд Эр ХХК нь эзэмшил газраа хэтрүүлэн хашаа бариад таван жил гаруй болж байгаа бөгөөд удаа дараа шаардах хуудас өгсөн ч буулгахгүй байсан учраас албадан буулгаж газрыг чөлөөлсөн юм. Уг хэсгийн газар чөлөөлөгдснөөр явган хүний зам, авто машины зогсоол болгож тохижуулах бүрэн боломж бүрдэж байгаа юм.
Ажлын хэсэг үргэлжлүүлэн дараах зам чөлөөлсөн байршлуудтай танилцлаа.Үүнд:
- Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Мон Инж Бар ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж хашаа барьсан байсныг буулгаж газрыг чөлөөллөө. Тухайн хэсэгт өмнө нь явган хүн, автомашинтай зэрэгцэн нэг замаар явдаг байсан юм. Замыг чөлөөлснөөр хоёр авто машин чөлөөлтэй нэвтрэн гарах боломжтой болоод зогсохгүй явган хүн зорчих замтай болж байгаа юм. Одоо тухайн хэсэгт тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөөд байна.
- Баянгол дүүргийн 19 хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан 4 чингэлгийг буулгасан. Тухайн хэсэгт өмнө нь ганцхан машин явдаг түгжрэл ихээр үүсдэг, осол аваар гарах өндөр эрсдэлтэй хэсэг байсан бол газрыг чөлөөлснөөр үзэгдэх орчин нээгдэж, 2 авто машин чөлөөлтэй зөрөх боломжтой болсон юм.
- Сүхбаатар дүүргийн 6-р хороонд "Их сүлд" ХХК нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашсан байсныг буулгаж, газрыг чөлөөлсөн. Тухайн хэсэгт тохижилтын ажил хийгдсэнээр авто машин зогсох зогсоол болгох бүрэн боломжтой болж байна.
- Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо цэргийн 72 дугаар хотхон дотор байрлах Гомбожав нарын 7 иргэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа татсан байсныг буулгаж явган хүний зам гаргасан юм. Баянзүрх дүүргийн 16-р хороо Цайз 72-р хотхоны дунд зам 41,35-р байрны урд талд байрлах хашааг буулгаж газрыг чөлөөлсөн. Тухай хэсэгт өмнө нь нэг хүн явдаг нарийн гудамж байсан бол одоо явган хүн явах бүрэн боломжтой болоод зогсохгүй авто машин зорчих боломж бүрдэж байгаа юм.
- Баянзүрх дүүргийн гийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хааж байрлуулсан контейнеруудыг буулгаж зам талбайг чөлөөлсөн. Ингэснээр Зүүн дөрвөн зам, Гялас төвийн хажуугийн замын түгжрэл буурах боломж бүрдэж байгаа юм.
Харин Хүүхдийн урлан бүтээх төвийн нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж хаалт байрлуулсныг буулгаж, зам чөлөөлсөн боловч хаалтыг дахин байршуулсан талаар иргэдээс санал, гомдол ирсний дагуу газар дээр нь очиж танилцлаа. Уг байршилд дахин хаалт тависан тохиолдолд торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцохыг холбогдох албаныханд засаг даргын орлогч П.Баярхүү үүрэг болголоо. Нийслэлээс зам чөлөөлсөн байршлуудыг хуваарын дагуу үргэлжлүүлэн шалгах болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.