Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголчууд хоёр дах удаагаа сансарт: “Мазаалай” сансарт хөөрлөө

Фалкон-9 пүүжин хөөрч байгаа нь

 Монгол Улсын анхны хиймэл дагуул 'Мазаалай'-г өчигдөр өглөө Монголын цагаар 05.00 цагийн орчимд АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөлөө. Тэртээ 1981 оны гуравдугаар сард сансарт Монгол хүн анх ниссэн цагаас 36 жилийн дараа бид сансар өөд хийсэн хоёр дах чухал алхамаа хийсэн нь энэ юм. 

Хүн төрөлхтөн анх 1957 онд Спутник хиймэл дагуулыг хөөргөж байжээ. Одоогийн байдлаар 50 орны 560 хиймэл дагуул идэвхтэй ажилладаг гэсэн тоо байдаг аж.

Монгол улс эдгээр улсуудтай нэгдэж хиймэл дагуултай болно гэдэг мэдээг хүмүүс анх сонсоод хоёр талдаа далавчтай томоохон сансрын биет төсөөлж байсан билээ. Гэвч Мазаалай баавгайн нэрээр нэрлэгдсэн энэхүү хиймэл дагуул нь  10х10 см буюу тун авсаархан хэмжээтэй. Энэ нь хүн харахад жижигхэн боловч ирээдүйд сансар судлалд гаргах бүх л үйл ажиллагааныхаа анхдагч "үр" болж, жижиг хэмжээнээсээ илүү өргөн боломж гаргаж өгөх чухал зүйл юм.

Мазаалай хиймэл дагуул

-МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ САНСРЫН УУДАМД МОНГОЛ УЛСЫНХАА ТУСГААР ТОГТНОЛЫГ БАТАЛГААЖУУЛНА-

Өчигдөр хөөрсөн Фалкон-9 пуужин нь Драгон хэмээх сансрын хөлгийг дэлхийн тойрог замд оруулах бөгөөд Драгон хөлөг нь Олон Улсын сансрын станцтай холбогдох бөгөөд Монголчуудын бүтээсэн анхны “Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг тээвэрлэж яваа юм. Фалкон-9 пуужин нь Кайп Канавераль дах агаарын хүчний баазад дэлхийгээс ниссэн шигээ эргэж буусан ажээ. Харин “Мазаалай” хиймэл дагуул сар орчмын дараа Олон Улсын сансрын станцаас салж өөрийн тойрог замд орон үүргээ гүйцэтгэж эхлэх учиртай.

Драгон сансрын хөлөг

Тэрхүү түүхэн цаг мөчөөс Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтсэн Монгол улсын анхны хиймэл дагуул сансрын уудамд Монгол улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах аж.

Энэ хиймэл дагуул нь олон улсын “BIRDS” төслийн хүрээнд хийгдсэн ажээ. “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм.

Манай Монголын анхны “Мазаалай” хиймэл дагуул нь 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээнэ. 437MHz давтамжтай радио долгионоор дуут дохио болон Монгол Улсын Төрийн Дуулал сансраас эгшиглүүлнэ.

Үүнээс гадна шинжлэх ухааны дөрвөн туршилт хийх юм. Үүнд, олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа 7 орны газрын станцын тусламжтай урвуу GPS аргаар байрлал тогтоох, байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоож улмаар түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох, дэлхийн нам орбит дахь сансрын цацраг идэвхийг судлах үүрэгтэй.

-ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ МОНГОЛ УЛСАД ХӨГЖҮҮЛСНЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ-

Монголын анхны хиймэл дагуулыг удирдах бүтээхэд Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Онцгой Байдлын Ерөнхий Газар дэмжин оролцсон байна. Мөн уг хиймэл дагуулыг удирдах газрын станцыг Монголын ард түмэн, МУИС-ийн оюутан, багш, ажилчдын хандив дэмжлэгээр бүтээн байгуулжээ.

Хиймэл дагуулын хамгийн чухал ач холбогдол нь Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаар тусгаар тогтносон улсын баталгаа, билэг тэмдэг болж байгаа явдалд оршино. Түүнээс гадна зөвхөн нэг дагуул хөөргөөд зогсохгүй удаа дараагийн тусгай зориулалтын хиймэл дагуул бүтээж хөөргөх мэргэжилтнээ тасралтгүй бэлтгэх эхлэл болж байна. Аливаа улс орон шинэ технологи эзэмшсэнээр бүх талаар улам хүчирхэгжиж байдаг.

Инженерийн багийн гишүүд. Зүүн гараас: Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин

Хиймэл дагуулыг Монгол улсад хөгжүүлснээр эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтойг товч дурдъя. Хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай. Мөн цөлжилт, ойн ургамлын өвчнөөс сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болно. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой.

Т.Гэрэл

Хужаа гэх бүх бичлэгийг Женко Баттулга хийлгэж байгаа нууц бичлэг задарлаа
Хужаа гэх бүх бичлэгийг Женко Баттулга хийлгэж байгаа нууц бичлэг задарлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.