Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарба бандида гэгээн

 

Дарба бандида гэгээний VII дүрийн хувилгаан Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодорсон билээ. Далай лам 2012 онд лүндэн буулгаж гэгээнтнийг батламжилсан бөгөөд 2013 онд Рашаант суманд хутагтын ширээнд залсан байдаг. Харин энэ сарын 17-19-ний өдрүүдэд Дарба бандида гэгээнтнийг Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр өргөмжлөн сэнтийд залж бат оршил өргөх шашин, номын арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэхүү номын арга хэмжээний үеэр Жадо ренбүүчи сүсэгтэн олонд зориулан Мөрийн гурван эрхэм ном айлдахын зэрэгцээ Гүнрэг бурхны авшиг, Насны авшиг, Потидын лүн, Сэндом, Равданлхам сахиуснуудын даган соёрхол айлдах юм. Түүнчлэн Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй 21 аймгийн 300 гаруй лам ном хурах ажээ.

Дарба бандида гэгээнтнийг Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хойд дүр гэдэг. Гэгээнтний VII дүрийн хувилгаан 2001 оны аравдугаар сарын 4-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд эцэг Д.Дэмбэрэлсамбуу, эх Д.Оюунцэцэг нарын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. VII дүрийн хувилгааныг тодруулах хүсэлтийг Далай ламд удаа дараа айлтгасан байдаг. Дээрхийн гэгээнтэн Далай лам хүсэлтийг хүлээн авч Дэмбэрэлсамбуугийн ганц хүү Шаравжамцыг мөн гэж бошиг лүндэн хайрлажээ. Далай ламын уг лүндэнд “Монгол эмч Тамир зэрэг нутгийн зон олноос Дарба хэлмэрчийн хувилгаан лагшинт дүрийг тодруулах хүсэлт ирсний дагуу нэрсийг шүүн үзэхэд хувилгаан эрдэнийн хойд дүр тэдгээр нэрсийн дотор буй нь тодорхой болсон юм. Улмаар нарийн шинжихүйд эцэг Дэмбэрэлсамбуугийн хөвгүүн Шаравжамц мөн болохыг тогтоов. Хувилгаан бээр мэгзэм болон манзушир бурхны зүрхэн тарнийг амны уншлага болговоос нэн сайн. Шагжаан гэлэн номыг өгүүлэгч Далай лам. XVII жарны усан луу жилийн билгийн тооллын дөрөвдүгээр сарын 24-ний өдөр. 2012.06.12” гэж бичсэн байдаг. Улмаар гэгээнтнийг 2013 оны зургадугаар сард Хөвсгөл аймгийн Рашаант суманд хутагтын ширээнд өргөмжилсөн юм. Тэр үед гэгээнтнийг нутагтаа залрахад хур бууж хангай дэлхий баясаж, хүн ардын магнай тэнийн баясаж, сүсэгтнүүдэд сүсэг шинээр төрж, сүсэгтэйчүүдийн сүсэг улам дээшид арвидаж нутаг орон эзэнтэй боллоо гэж нутгийнхан ихэд бэлгэшээж байжээ. Түүнчлэн урьд дүрийн гэгээнтэн хийдийнхээ хажуу дахь модыг салаа нэмэгдэх үед миний дараагийн дүр тодорно гэж хэлж байсан хэмээн нутгийн хөгшчүүл хуучилж байсан бөгөөд үнэхээр ч тэр мод гурван салаа болж ургасан байсан байна.

Гэгээнтний анхдугаар дүр нь 1637 онд Монголд мэндэлсэн байдаг. Түүнээс хойш зургаан дүр тодруулжээ. Гэгээнтний өмнөх дүрүүд Ар халхын Дарба бандида гэдгээрээ олонд алдартай байсан нь түүхийн олон ном, сударт тэмдэглэгдэн үлджээ. Ер нь Дарба бандида гэгээнтэн Монголын хүрээ хийдийн дотор эртний түүхтэй, өндөр зэрэг хүндлэлтэй, бусад хийд оронд үлгэр жишээ болдгоороо алдартай байжээ.

Анхдугаар дүр Лувсансодовжамц /1637-1702 он/ Гэгээнтний анхдугаар дүр XI жарны улаагчин үхэр жил буюу 1637 онд мэндэлсэн. Гэгээнтэн гурван сүүдэртэйдээ хэдийнэ уншиж, бичээд сурчихсан байжээ. 17 сүүдэртэйдээ Төвдөд очиж Далай лам, Банчин-Эрдэнэ нар болон тэндхийн мэргэн лам нарт шавь орж 23 жил ном үзсэн байдаг. Төвдөд ном үзэж эрдмийн цол хамгаалсны дараа Лхас-Молом ихэд чогчэн гэсгүйгээр сууж улмаар Манхардаржаалин хийдийн хамбын албанд томилогдож байсан. Энэ хугацаанд шашны ном, ёс дэгийг сайтар сурч мэргэшиж гүйцсэн тул Далай лам өөрийн хийд, цастын номын орон Дашлхүмбэ хийдийн дэг жигдэлгээг дэлгэрүүлэн зохиох эрхийг олжээ. Иймээс тэрээр V Далай лам, II Банчин-Эрдэнийн зарлиг зөвшөөрлөөр анхдугаар богд өндөр гэгээн Занабазарыг их хүрээнд залах ёслолын дэг жаягийг жигдлэх түшмэдээр томилогдож байсан байна. Дашлхүмбэ хийдийн дэгийг Монголд залан ирж өөрийн болон бусад олон хийдийг дэглэж жигдэлсэн түүхтэй. Түүнчлэн анхдугаар Дарва бандида гэгээнтэн Сундуй, Жадамба судрыг монгол хэлнээ орчуулж байснаас гадна бурхан урлах зэрэг төрөл бүрийн эрдэм чадалтай байжээ.

Хоёрдугаар дүр Гунгаажамц 1703 онд мэндэлжээ. Гэгээнтэн мөн Төвдөд заларч бурхны шашны гүн ухаанд суралцах хугацаандаа Далай лам, Банчин богд нараас Эрдэнэ мэргэн бандида сэцэн ширээт шашныг тодруулагч цолоор шагнуулсан байна.

Гуравдугаар дүр Лувсангомбожамц 1737 онд Халхын түшээт хан аймгийн Чин вангийн хошууны туслагч тайжийн гэрт, дөрөвдүгээр дүр Лувсантүвдэнванчиг 1809 онд Халхын Сайн ноён хан аймгийн Мэргэн засгийн хошууны тайжийн гэрт, тавдугаар дүр Хайдүвсамданжамц Түшээ гүний хошуунд тайж ноёны гэрт 1854 онд мэндэлсэн байдаг. Тавдугаар дүрийн гэгээнтнийг зургаан сүүдэртэйд нь ширээнд залж Зая гэгээн гэнэн сахил хүртээжээ. Харин есөн сүүдэртэйдээ Их хүрээнд заларч VII Богд Жавзандамба хутагтад бараалхан ном сонсож байсан байна. Мөн Заяын хүрээний цорж лам Довдонринчинг ёнзин багшид шүтэж мөрийн зэрэг, оюун судлахуйн зэрэг номуудыг хөтлүүлэн сайтар суралцахын зэрэгцээ Итгэл, Мэгзэм, Ядам бурхдын нямбуудыг бүтээжээ. 12 сүүдэртэйдээ Зая гэгээнээс гэцэл сахил хүртсэн байдаг. Гэгээнтэн шашин номд шамдахын хэрээр бурхны шашныг дэлгэрүүлэх үүднээс дацангууд байгуулсан тухай түүхийн ном сударт тэмдэглэн үлдсэн байна.

Зургадугаар дүр Агваанчойжордондов 1870 онд мэндэлжээ. Таван сүүдэртэйд нь XII Далай лам, VIII Банчин эрдэнэ нар Дарва бандидын хойд дүрээр тодруулсан. Багадаа цорж багш нараар уншиж бичихийг заалгаснаар эрдэмд боловсорч эхэлсэн байдаг. Багад нь Далай лам “Эрдэнэ сайн ерөөлт” цолоор шагнасан байдаг. Гэгээнтэн 19 сүүдэртэйдээ Бээжинд жасаанд морилж байсан түүхтэй. Мөн 25 сүүдэртэйдээ Их хүрээнд морилж Гунгаачойлин дацанд цанид чойрын номонд боловсорсон. 30 сүүдэртэйдээ Хялган, Чулуутын дацанд цам дэглэсэн. Ер нь чойрын гурван их чанарын номонд тэгш мэргэн байсан. 35 сүүдэртэйдээ XIII Далай ламыг Их хүрээнд залрахад бараалхаж мөргөсөн. Мөн энэ жилдээ гавжийн дамжаа барьжээ. Дамжай барих үед Далай лам заларч Дарва бандидын их нигүүлсэхүйн тухай ном хэлэлцэхийг ихэд сайшааж байсан гэдэг. Хожим мөн Гүмбүм хийдэд залрахдаа ар Халхын Дарва бандида гэгээнтний эрдэмд боловсорсон тухай тэндхийн лам нарт айлдаж байсан гэдэг.  Мөн Зая гэгээний VI дүрийг тодруулахад сүнтаг шүүлсэн ба Далай ламыг мөн Заяын хүрээнд урьж өөрөө хамбаар нь сууж байжээ. 49 сүүдэртэйдээ Их хүрээнд аграмбын дамжаа барьсан. Мөрөнгийн хүрээ, Даян дээрх, их, бага Асгатын хүрээнд морилж байсан. Гэгээнтэн 1927 онд 57 сүүдэртэйдээ таалал барьсан.

Өргөө амаржих газар өдрийн дурангийн хагалгаа хийх боломжтой боллоо
Өргөө амаржих газар өдрийн дурангийн хагалгаа хийх боломжтой боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.