Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-ын Лайпциг хотод зохион байгуулагдаж буй “Олон улсын тээврийн форум-2017”-д оролцож байна.
Төлөөлөгчид “Ухаалаг хөдөлгөөнт байдалд хийх шилжилтийг удирдахуй”, “Гамшгийн үеийн тусламжийн логистик, уялдаа холбоо, хамтын ажиллагааг зохицуулах нь” сэдэвт чуулганд оролцож, тээврийн засаглалын чиглэлээр гадаад улс орны туршлагыг судалж байна. Тухайлбал, Метроны төслийг хэрхэн амжилттай зохион байгуулж, ачааны түгээлтийн бодлогыг боловсруулах олон улсын туршлагыг өөрийн улс оронд хэрхэн нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж буй.
Сайд Д.Ганбат ХБНГУ-д айлчлах үеэрээ Дойче Банн компанийн удирдлагуудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэрээр Мэргэжлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд эдийн засагт онцгой ач холбогдолтой хэд хэдэн төмөр замын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаараа таницуулав. Цаашид дэлхийд нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тус компанитай төмөр замын төслүүдэд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Дойче Банн компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажилласнаар Монгол-ХБНГУ-ын цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтойг онцолж байв. Мөн Монгол Улсын транзит ачаа, эргэлт нэмэгдэж, нэвтрүүлэх хүчин чадал сайжирч байгааг сайшааж, мэргэжлийн түвшинд Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүхий л талаар дэмжихээ илэрхийлэв.