Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаан өчигдөр/2017.05.30/ боллоо. Хуралдаанаар  Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 55 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг бүхэлд нь дэмжсэн. Тухайлбал, хуулийн төслийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт “Дархлаажуулалтын технологийн хяналтыг мал, эмнэлгийн улсын байцаагч, үр дүнгийн хяналтыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори, шаардлагатай тохиолдолд улсын мал эмнэлгийн лаборатори тус тус хэрэгжүүлнэ”, төслийн 15 дугаар зүйлийн 15.13 дахь хэсэгт “Энэ хуулийн 28.2-т заасан байгууллагын даргаас бусад этгээд гоц халдварт өвчний оношийн талаар нийтэд мэдээлэх, бусдад дамжуулахыг хориглоно” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

 Мөн төслийн 28 дугаар зүйлд “Мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд мал, амьтны эмийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хянах үүрэг бүхий орон тооны бус малын эмийн салбар зөвлөл, фармакопейн хороо ажиллана.”, “Малын эмийн салбар зөвлөл болон фармакопейн хороог мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий ажилтан мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллана.”, “Малын эмийн салбар зөвлөл болон фармакопейн хорооны ажиллах журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн  Засгийн газрын гишүүн тус тус батална” гэсэн хэсгийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн төслийн 30 дугаар зүйлийн 30.23 дахь хэсэгт “Энэ хуулийн 28.2-т заасан байгууллага мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээний норматив тогтоох, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах, малын эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй.” гэж нэмэх саналыг гишүүдийн олонхи нь дэмжив.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Батзориг, Г.Тэмүүлэн нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

                                                                                                                                                                Эх сурвалж: parliament.mn

Ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааны зөвлөл хэтийн төлөвлөгөөгөө хэлэлцэв
Ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааны зөвлөл хэтийн төлөвлөгөөгөө хэлэлцэв
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.