Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил хүчээ авч байна. Нэр дэвшигчдийг магтах учиртай коммент, пост бичигчдын үйлдэл гаарч, зарим нэг нь оруулсан постных нь доор сөрөг сэтгэгдэл бичвэл харааж зүхэж, тэнэг мангараар нь дуудаж байгаа харагдана. Хэл амтай олны танил хүмүүс, сэтгүүлчид энэ ажилд нэлээд идэвхтэй оролцож байна. Тэдэнд буруу өгөх аргагүй юм, дэмжиж буй нэр дэвшигч нь ялбал “хоолонд орох дараагийн ээлж”-ний хүмүүс тэд болох юм.
Тэгвэл хамгийн том сурталчилгааны багтайгаар Ерөнхийлөгчөөр сонгуульд өрсөлдөж байгаа гэгдэх Х.Баттулга дан ганц олон нийтийн сүлжээгээр өөрийгөө магтуулаад зүгээр суухыг хүссэнгүй өөр санал, санаачлага дэвшүүлэн ажиллаж эхэллээ.
Тухайлбал, нутгийнхаа уулыг тахиж, нутгийнхаа иргэдээ наадамлуулахаар шийджээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар асаалттай танк, найдвартай ар тал хэмээн найдаж явсан нутгийнхаа олноос дэмжлэг авч чадаагүй Х.Баттулга энэ удаад нутгийнхаа иргэдэд анхаарал хандуулж, Баянхонгор хайрханы тахилга зохион байгуулж, энэ далимаараа бөх барилдуулж, морь уралдуулж, сур харвуулахаар болжээ.
УИХ-ын сонгуулийн өмнө Төмөр замын хэргээр шалгагдсандаа эрх баригч намдаа шаралхаж, “Би намаасаа гарья, Баярцогтоо чи Сэлэнгээс бие даачих, би Баянхонгороос би даачихья, хоёулаа гараад ирнэ шүү дээ” хэмээн томорч байсан Х.Баттулга гурван удаа дараалан сонгогдсон нутагтаа өвдөг шороодсон. Ерөөсөө Х.Баттулга Баянхонгорт, С.Баярцогт Сэлэнгэд ялалт байгуулах нь тодорхой гэдэг яриа гарчихаад байсан.
Тиймдээ ч тэгж аашилсан биз. Харин одоо нөхцлө байдлыг бодитоор үнэлж, нутгийн олны сэтгэлийг өөр лүүгээ эргүүлэхийн тулд энэ сарын 27-28-ны амралтын өдрүүдээр Баянхонгор аймгийн тахилгат “Баянхонгор хайрхан” уулыг тайх ёслол зохион байгуулах гэх байна. Тус арга хэмжээ дээд гурван насны морьдын уралдаанаар эхлэх бөгөөд мөн өдөр Үндэсний шагайн харваан тэмцээн, урлаг соёлын тоглолтоор үргэлжилж 22:00 цагт Баянхонгор хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол одод, сарны тахилга болно.
Харин дараа өдөр нь нарны тахилга, доод гурван насны морьдын уралдаан, овооны тахилга, Баянхонгор хайрханы тахилга, Үндэсний бөхийн барилдаан, Сур харваа зэрэг арга хэмжээнүүд болох аж.
Сонирхуулахад, Баянхонгор хайрхан нь Баянхонгор аймгийн Галуут сумын өвөрт байдаг тахилгат уул юм. Энэхүү элс нь тодорсон хайрханыг шүтсэн хүн зон баян тансаг явдаг учраас энэ уулыг Баянхонгор гэж нэрлэсэн бөгөөд Баянхонгор аймаг анх энэ уулын өвөрт 1923 онд байгуулагдаж байсан учир Баянхонгор аймаг хэмээн нэрлэж байсан түүхтэй юм байна.
Төгс