УИХ-ын сонгуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хоорондын нэг жилийн хугацаа бол цаг ямагт хатуу ширүүн “дайны үе” байсаар ирсэн. Нэг онцлог нь УИХ-ын сонгуулиас өмнө ч, дараа нь ч манай эдийн засаг бүрэн сүйрч, монголын төр бүрэн дампуурсан гэдэг нь хэн бүхэнд илэрхий байсан. Иймээс УИХ-ын сонгуулийн дараа манай гадаад дотоодод юу болсон, яг одоо юу болж байгааг дүгнэх шаардлагатай.
Яг одоо бол В.Путин Хятадад очиж “Нэг бүс-Нэг зам” форумд оролцож байна. Яг нарийндаа бол тэнд “Торгоны замын эдийн засгийн бүс”, “XXI зууны далайн зам” хэмээх Хятадын хоёр том төслийг хэлэлцэх гэж дэлхийн улсууд цуглаад байна. Тухайлбал 30 гаруй орны төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, ОУВС-ын Хуваарилагч-захирал Кристин Лагард, ДБ-ын Ерөнхийлөгч Жим Ён Ким нараас гадна 1000 илүү зочид оролцож байна.
Хятадын дэвшүүлж буй “Торгоны замын эдийн засгийн бүс”, “XXI зууны далайн зам” хоёр төсөл хоёулаа Монголд хамаатай юм. Зарим тэнэг лалар “тэр далай малай Монголд юуны хамаатай” гэж загнадаг хэдий ч үүнээс Монголын эдийн засаг, улмаар бидний хувь заяа ихээхэн хамаарах нь гарцаагүй. Маш бүдүүн тоймоор бол хэрэв олон улсууд “XXI зууны далайн зам” төслөө явуулахаар шийдсэн бол Монгол Улс зүүн талаа түлхүү анхаарах ёстой болно. Хэрэв тэд “Торгоны замын эдийн засгийн бүс” төслөө явуулахаар бол Монгол Улс баруун талаа (уг нь “зүүн гар”) илүүтэй анхаарах ёстой болно. Аль нь вэ ?! Эсвэл манайхыг тойруулаад “зам бүс хоёр”-оо тавьчихвал бид яах ёстой вэ ?! Энэ хэдэн асуулт хангалттай гэж бодож байна. Гэтэл Монголд үүнийг бодож байгаа нам, улс төрч байна уу ?! Байхгүй. Яахав, “санамж бичиг” энэ тэр бол бий. Гэвч үйл явдлын өрнөл Монгол Улсаас санамж бичгээс илүү гарах санал санаачлага гаргахыг шаардаж байна.
Ямар ч гэсэн В.Путины хэлсэн үгэнд Трансибирийн болон БАМ-ын тухай дурдсан нь олзуурхууштай санал гэж бодож байна. Энэ санал Монголд ашигтай тусч мэдэх л юм…
ОУВС зээл авах манай хүсэлтийг 3 дугаар сараас хойш хэд хэдэн удаа хойшлуулсан. Хамгийн сүүлд УИХ өмнөх тогтоолоо өөрчилсний дараа энэ сарын 24-нд хэлэлцэх товоо гаргажээ. Ингэвэл Монгол Улс ОУВС-гаас 5,5 тэрбум ам.долларын зээл авах боломжтой болно. Манайд ОУВС бол “сайн”, Хятад бол “муу” гэсэн атгаг үзэл ноёрхсон хэдий ч мөн чанарын хувьд тэдэнд ямар ч ялгаа байхгүй.
Энэ оны 05 дугаар сард буюу яг одоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятадад айлчилж нийтдээ 4 том асуудал шийджээ. Үүнд:
1. БНХАУ-ын олгосон 1 тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэх,
2. БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгах,
3. БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгох,
4. Ирэх 3 жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэх.
Үүнийг маш амжилттай гэж нэрлэхээс өөр аргагүй. Гэнэн, мартамхай нь дэндсэн монголчууд ганцхан жилийн өмнө болсон өөр нэг айлчлалыг аль хэдийн мартсан бөлгөө. Энэ бол 2016 оны 07 дугаар сарын 13-14-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны Монголд хийсэн айлчлал юм. Энэ айлчлал УИХ-ын сонгуулийн дараахан болсон, Монголд АСЕМ болоод ухаанаа алдсан байсан, мөн монголчууд Наадам хийгээд баярлаж байсан учраас үүнийг анхаарсан хүн тун цөөн.
Энэ айлчлалаар дараах том том асуудлуудыг шийдсэн юм:
1. Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлөв. Энэ хэлэлцээрт тухайн үед солигдоогүй байсан Сангийн сайд Б.Болор гарын үсэг зурсан ба шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятадын талд төлөх Монгол Улсын хугацаа хэтэрсэн өрийг бүрэн чөлөөлж байгаад талархал илэрхийлсэн юм.
2. Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх.
3. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлын 15 гэрээ хэлэлцээр байгуулсан юм.
Энэ бүхнээс маш олон дүгнэлт хийж болно. Ямар ч гэсэн дээр дурдсан тоо баримтууд албан ёсны гэрээ хэлэлцээр учраас худал хуурмаг зүйл байхгүй.
Энэ бол эдийн засгийн асар их, бодитой, жинтэй тусламж дэмжлэг мөнөөсөө мөн. Мөн энд БНХАУ-ын буруу огт байхгүй. Учир нь энэ тусламж хөнгөлөлтгүйгээр Монгол Улс амьдарч чадахгүй болсон нь харин бодит баримт юм.
Монгол Улс сүүлийн 2 жилд юугаар амьдарч байгаа гэдгийг бодож үзсэн монгол бараг үгүй. Яг үнэндээ Монгол Улс лав л сүүлийн 2 жил Хятадын зээл тусламж, своп гэрээний үр ашгаар амьдарч байгаа.
Одоо сэтгэл зүйн асуудал босч ирнэ. Бодит байдал ийм атал манайхан Хятадыг харааж зүхэх нь хийрхлийн хэмжээнд хүрч байна. Асуудлыг бодитойгоор дүгнэе гэвэл зээл тусламж үзүүлсэн Хятадыг биш, харин Монгол Улсын эдийн засаг нийгмийг ийм болтол нь доройтуулж, туйлдуулж, тамирдуулж, сульдаасан Монголын эрх баригчид, бүр тодруулбал АН, МАН-ын удирдагчдыг хараан зүхэх нь зүйд нийнэ.
Монголын төр засаг Хятадаас авсан зээл тусламжаар амьдарч байгаагаа ард түмнээсээ нуухаар үл барам “Монгол Улс мөнгөгүй ядаж байхад бид эртэй сайндаа олж ирлээ” гэх мэдээлэл түгээж байгаа нь зөөлөн хэлэхэд гэмт хэрэг мөн.
Үнэн хэрэг дээрээ МАН ба АН-ын Засгийн газрууд:
• Оюутолгойн гэрээнд буулт хийж буруу жишиг тогтоогоогүй бол;
• Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг үрэн таран хийгээгүй бол;
• “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 600 сая ам.долларыг үрэн таран хийгээгүй бол;
• АСЕМ зохион байгуулж 600 тэрбум төгрөг салхинд хийсгэж, чингэхдээ Хятадаас 38 тэрбум төгрөгийн хөнгөлөлт аваагүй бол;
• “Эрдэнэт”-д шахаа хийж сүйрүүлэн, улмаар улсын үйлдвэрийг банкаар дамжуулан 500 сая ам.доллар дээрэмдэж хувийн өмч болгоогүй бол;
• Монголбанк дөрвөн жилд улсын жилийн төсөвтэй тэнцэх 7 их наяд төгрөгийн эмисс буюу цаасан мөнгө хэвлэж нийлүүлээгүй бол;
• Авилгадаж, хулгайлж луйвардсан хэдэн арван тэрбум ам.долларыг офшоор дансандаа хийж нуугаагүй бол;
• Улсын гадаад өрийн 2/3-той тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгааг олигополь компаниудад гаргаж өгөөгүй бол манай эдийн засаг өнөөгийнх шиг шившигт байдалд орж, сүйрэх ёсгүй байлаа.
Монголын эдийн засаг сүйрч дампуурсны цорын ганц шалтгаан нь Монголын төрд МАНАН-гийн хулгайч, дээрэмчин, луйварчид бөөнөөрөө үүрлэсэн явдал мөн. МАНАН-гийн цуврал дээрэм луйврын улмаас өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэн тус бүр 5290 ам.долларын өртэй бөгөөд энэ өр өдөр бүр 2 ам.доллараар нэмэгдэж байна.
Үүнийг http://countrymeters.info/en/Mongolia/economy сайт руу орж, тэнд буй өрийн тоолуураас харж болно.
Монголын эрх баригчид ОУВС-гаас 5,5 тэрбум ам.доллар, Хятадаас “хэмжээ хязгааргүй” их зээл авснаар Монголыг аврана гэж бодоод байх шиг. Гэвч энэ бол бүтэшгүй. Учир нь Монголын төр хулгайч, дээрэмчин, луйварчин, авилгач, оффшорчдоор пиг дүүрч, тэд засгийн эрх мэдэлд байсан цагт Монгол Улсад ямар ч их мөнгө тогтохгүй.
Манайхан ямар ч үндэслэл, тоо баримт, факт хэлэхэд өөдөөс тов тодорхой хүнийг нэрлэ гэж загнадаг. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн одоо бол бүр ч аймаар загнах нь мэдээж хэрэг.
Монголд бугшин хэвшсэн энэ адгийн систем С.Баяр, Ц.Элбэгдорж гэсэн хоёролын тоглолт дээр үндэслэж байдаг ба энэ сонгуулиар тэдний үе залгамжлагчийг тодруулах эсэх асуудал шийдэгдэх болно. Одоо тодорхой болсон гэж бодож байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?