Монголчуудын дунд элэгний өвчлөл ихэсч байгаа нь олон нийтийн болон ммэргэжилтнүүдийн сэтгэлийг ихэд түгшээж байна. Үнэндээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл ч цацагддаг. Үүнтэй холбогдуулан, элэгний өвчний оношилгоо эмчилгээг цаашид яаж хөгжүүлэх, төр засаг ямар бодлого баримталж ажиллах талаар туршлага судлах үүднээс Монголын элэгний эмгэг судлалын холбооноос зохион байгуулж буй “Элэгний С вирус болон хавсарсан халдварууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар тус хурлын шинжлэх ухааны зөвлөлийн дарга, хүндэт ерөнхийлөгч Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Дэлхийн шилдэг эмч нар Монголд чуулна гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Ирэх зургадугаар 16-18-нд элэгний дэлхийн шилдэг эмч, профессорууд Монгол чуулна. Тодруулбал, Дэлхийн 25 орноос 35 профессор ирж Монголын болон гадаадын эмч нарт элэгний хатуурал, хорт хавдар болон элэгний өвчний оношилгоо эмчилгээг цаашид яаж хөгжүүлэх, төр засаг ямар бодлого баримталж ажиллах ёстой талаар лекц уншина. Мөн манай Монголын эмч нар гаднын эмч нартай туршлага солилцох боломжтой.
-Хурлын онцлог нь юу вэ?
-Элэгний C вирус болон хавсарсан халдварууд гэдэг сэдвийг онцолж зохион байгуулагдана. Тодруулбал, элэгний С вирусийн оношилгоо эмчилгээ, В, С вирусийн хавсарсан халдвар, В, Д вирусийн хавсарсан халдвар, В, С, Д вирусийн гурвалсан халдвар, элэгний вирус болон ДОХ-ын халдварын хавсарсан халдварын чиглэлээр дэлгэрэнгүй лекцүүд уншигдана. Энэ нь манай эмч нарын хувьд энэ жил болж байгаа хамгийн том арга хэмжээ болох юм. Мөн маш олон орноос элэгний өвчлөлөөр мэргэшсэн хамгийн шилдэг гэсэн эмч нар нь ирж байгаа маш их ач холбогдолтой, том хурал учраас бид Элэгний “АСЕМ”-ын хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байгаа. Мөн биднийг ДЭМБ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байгаа.
-Энэ хурал манай улсад зохион байгуулагдсанаар манай эмч нарт ямар давуу талтай юм бэ?
-Эх оронд маань болж байгаа учраас оролцохыг хүссэн эмч нар бүгдээрээ оролцож дэлхийд нэртэй алдартай профессоруудаас хүссэн асуултаа асууж туршлага солилцох боломжтой.
-Иргэд эмч нартай уулзаж асуулт асууж, зөвлөгөө авах боломжтой юу?
-Тийм боломж байхгүй. Учир нь энэ хурал бол элэгний нарийн мэргэжлийн эмч нарт зориулсан олон улсын хэмжээний хурал учраас иргэд оролцох боломжгүй. Харин надад хандаад асуух асуултаа бичгээр өгвөл би асууж өгч болно.
-Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-Бэлтгэл ажил бараг 80 хувьтай явж байгаа.
-Энэ том хурлыг зохион байгуулахад санхүүжилтийн асуудал гарах байх. Яаж шийдэж байгаа вэ?
-Одоогийн байдлаар гол санхүүжилтээ шийдчихсэн байгаа. Уригдаж ирэх профессоруудын бүх зардлыг манай талаас даана. Биднийг дэмжиж хамтарч ажиллах компаниуд байвал бидэнтэй холбогдож хамтарч ажиллаж болно шүү гэж хэлмээр байна.
-Хурлыг хэн даргалж явуулах вэ?
-Монголын элэгний эмгэг судлалын холбооны Ерөнийлөгч профессор О. Баатархүү даргалж явуулахаар болсон.
-Лекцүүд ямар хэл дээр явагдах вэ. Орчуулгын асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Лекцүүд бүгд англи хэл дээр явагдана. Ямар нэгэн орчуулга хийгдэхгүй гэдгийг эмч нар анхаарах хэрэгтэй.
Хуралд оролцох хүсэлтэй эмч нар ЭНД дарж бүртгүүлнэ үү.
-Элэгний өвчлөлд юу голлон нөлөөлж байна вэ. Яаж сэргийлэх ёстой вэ?
-Ер нь В, С вирусын халдвараас урьдчилсан сэргийлж чадвал Д вирусын халдвар авах боломжгүй. Хагалгаа хийлгэх, эрсдэлтэй зан үйл шивээс, хөмсөг шивүүлэх, шүдний эмчилгээ хийлгэх зэргээс халдвар дамждаг. Хамгийн их халдвар дамждаг зүйл чинь шүд юм шүү дээ. Шүдний халдвар маш аюултай. Зарим үед хануур, төөнүүрийн зүүг маш ариун байлгаж, хийж байх ёстой.
-Монголчууд ер нь өвчнөө хүндүүрлээд эмнэлэгт хандах нь түгээмэл. Элэгний өвчлөл хэрхэн илэрдэг вэ. Ямар үед эмчид хандах ёстой вэ?
-Өөрийгөө ямар нэгэн байдлаар эрсдэлт алхамд орсон гэж үзэж байвал жишээлбэл, би дээр хэлсэн. Ямар нэгэн байдлаар шивээс, шүд эмчлүүлсэн, аборт хийлгэсэн ямар нэгэн цусан ажилбар болох цус юүлсэн, тариа хийлгэсэн бол өөрийгөө эрсдэлтэй гэж бодоод, түүнийхээ дагуу вирустэй эсэхээ баталгаажуулах хэрэгтэй. Вирустэй байвал нарийн мэргэжлийн эмчид очиж эмчлүүлж байх ёстой. Элэгний хорт хавдрын үед голдуу хатуурал үүссэний дараа хорт хавдар үүсдэг. Тийм учраас хатуурал үүсгэхгүйн тулд оношлогоо эмчилгээгээ маш сайн хийлгэж байх ёстой, хатуурлын шинжилгээнүүдийг өгч байх ёстой. Ингээд явж байхад элэгний өвчлөлөөр нас барах магадлал харьцангуй бага юм.