Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Амаржаргал: Би өөрийгөө УИХ-д байхдаа хийх ёстой ажлаа хангалттай хийсэн гэж бодож байна

 Р.Амаржаргал: Би өөрийгөө УИХ-д байхдаа хийх ёстой ажлаа хангалттай хийсэн гэж бодож байнаЕрөнхий сайд асан Р.Амаржаргал Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах АН-ын дотоод санал асуулгад оролцоно гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний албыг хариуцлагатай хашиж явсан тэрбээр “Миний хийсэн ажил, энгийн атлаа бүтэн нэртэй замнал минь намын эгэл жирийн журмын нөхдийнхөө нүүрийг улалзуулж байгаагүй гэдэгт би бүрэн итгэдэг” гэж байсан юм. Үнэхээр ч өнгөрсөн хорь гаруй жил Монголын улстөрд харьяалагдаж, төр улсын ажиллаж ирсэн түүнээс бусад улстөрчид шиг элдэв но гараад байдаггүй. Асуудлыг, уг үндсийг сайтар мэддэг тэрбээр шулуухан хэлчихдэг, шаардлага өндөртэй нэгэн. Хууль тогтоох дээд байгууллагад туршлагатай парламентчийн хувиар олон жил ажилласан тэрбээр “Миний яриад байдаг асуудал бол өдөр бүр олны анхаарлыг татаад байдаггүй. Гэхдээ Монгол Улсын бүрэн эрх, үндэсний эрх ашгийн хэмжээнд онцгой чухал ач холбогдолтой хуулиуд юм. Тиймээс би өөрийгөө УИХ-д байхдаа хийх ёстой ажлаа хангалттай хийсэн гэж бодож байна” хэмээн хэлнэ лээ. Р.Амаржаргал бол  Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого, макро эдийн засаг, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, боловсрол, даяаршилал, чөлөөт худалдаа зэрэг асуудлуудыг төрийн бодлогын түвшинд түлхүү анхаарч ажиллаж ирсэн арвин туршлагатай улстөрч юм.

Ингээд өнөөдөр түүний хийсэн мэдэгдлийг хүргэж байна. Тэрбээр “Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил болон ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавраар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад оролцох болсноо мэдэгдэж байна.

Өнгөрсөн жилүүдэд миний бие Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байлаа. Үүнийг миний гардан байгуулсан Ардчилсан намаас надад хүлээлгэсэн өндөр итгэл, үзэл санаандаа үнэнч Ардчилсан намын мянга мянган гишүүдийн маань нөр их зүтгэлийн үр дүн гэж үздэг.

 

Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан, эгэл жирийн журмын нөхөр Таны нүүрийг улалзуулалгүй ажиллаж ирсэн.

 

Миний ардчилсан үзэл баримтлал, түүний үнэт зүйлсийг сахин хадгалах, төрийн хар хүний байр суурийг сахих, шударга, зарчимтай улс төрийг тогтоох гэсэн чармайлтыг журмын олон нөхөд төдийгүй жирийн иргэд, сөрөг хүчний улс төрчид хүртэл мэднэ.

 

Журмын нөхөд өө,

 

Монголын өнөөгийн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай ч нэг зүйлийг онцлон хэлье.

 

Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр  нь муу муухай бүхний үүр уурхай болж байна. Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,

 

Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.

Улс орон нам даган хагарч, монгол хүн улс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.

Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.

Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.

Эдийн засгийн боломжоо алдаж, гадаадын хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын тавцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.

Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.

Монгол Улс олигархи засаглалын гарт орж байна.

Эдгээр нь Монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний Ардчилсан нам дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцох шийдвэрийн үндэс болж байгаа юм.

 

Монгол Улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг. Учир нь, бидэнд эцэг өвгөдийн минь өвлүүлж үлдээсэн зарим улс орны хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их нөөц баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, эрх чөлөөтэй хөдөлмөрч ард түмэн  минь байна.

 

Хамгийн гол нь монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, эрч хүч, монголын төрд чиглэсэн цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна. Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг хариуцлагаа хүлээх чадвар гэж ойлгодог. Хариуцлага нэхсэн асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, Эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн  монгол ухаан үгүйлэгдэж байна.

 

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад олонхийн санал авч, нэр дэвших эрхээ авбал хийж  хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

 

 

Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс, хариуцлагын манаанд тангараг өргөсөн цэргийн ёсоор үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд Та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна.” гэсэн юм. 

Ж.Мөнхбат: Төр, түмнийг холбох ажил сэтгэл шаарддаг
Ж.Мөнхбат: Төр, түмнийг холбох ажил сэтгэл шаарддаг
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.