ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир ПУТИНИЙ “Мир” телевизэд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Европын Хамтын аюулгүй байдлын байгууллагын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Хамтын аюулгүй байдлын байгууллагын гишүүн орнуудыг хамгаалах нь ОХУ-ын үүрэг гэж хэлж болно. ОХУ энэ үүргийнхээ хүрээнд Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ Сирид явуулж буй цэргийн ажиллагааны зардал өндөр. Хамтын аюулгүй байдлын байгууллагын гишүүн байх, цэргийн ажиллагаа явуулахын ашиг юу юм бэ?
-ОХУ-ын сонирхол бол ЗХУ-ын дараах орон зайг тайван, тогтвортой байлгах. Улс орных нь хилд заналхийлэхвий гэсэн айдас улс бүрт бий. Гэхдээ би баруун хилийн талаар ярих гээгүй юм. Өнөөдөр бидэнд заналхийлж буй маш олон зүйл бий. Терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймааг энд дурдаж болно. Эдгээр аюул ганцхан улсад тулгараад байгаа биш. Дэлхийн олон улс орныг заналхийлж байгаа. Тиймээс бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд хүчээ нэгтгэн заналхийлж буй аюулынхаа эсрэг тэмцэх хэрэгтэй. Хамтын аюулгүй байдлын байгууллага орших зүй ёсны хэрэг. Улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хүчирхэг болгохын тулд шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт, шинэчлэл хийхэд бэлэн байх хэрэгтэй. Хамтын аюулгүй байдлын байгууллага манай түншүүдэд үр өгөөжөө өгч байгаа гэж бодож байна. Түүнчлэн хиллэдэг улс, харилцаатай байдаг орнууд нь тайван байвал ОХУ тайван байх болно.
-Хамтын аюулгүй байдлын байгууллагын гишүүн орнуудад заналхийлж буй аюулын жагсаалтыг гаргаж болох уу?
-Жагсаалтын эхэнд терроризм, хэт туйлшрах үзэл, хар тамхины наймаа, хил дамнасан гэмт хэрэг багтах байх. Эдгээр нь бүс нутагт тогтвортой бус байдлыг үүсгэдэг. ОХУ бүс нутагтаа болон Хамтын аюулгүй байдлын байгууллагын гишүүн орнууддаа тогтворгүй байдал үүсэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй . -ОХУ-ын “Исламын улс” бүлэглэлийн эсрэг хийж буй тэмцэл үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ бид Талибан болон бусад исламын гэх тодотголтой террорист бүлэглэлүүд манай улсын хил рүү мөлхсөөр байгааг өдөр бүр харж байна? -Афганистаны газар нутаг бол бидний хувьд хамгийн аюултай бүс. Афганистанаас хил даван манай улсад маш олон босогч орж ирсэн түүх ч бий. Хилээр зэвсэгт бүлэглэлүүд ч орж ирэх боломжтой. Тиймээс манай улс хилийн 201- ээр баазаа өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Хамгийн аймшигтай аюул бол терроризм. Афганистанд болж буй бүхэн нэлээн ноцтой төвшинд хүрсэн. Талибан бүлэглэл олон салбартай. Салбар бүр нь аль нэг улстай холбоотой нь бүлэглэлийг ийн хүчирхэгжихэд нөлөөлж байна.
-Афганистан бол хар тамхины наймааны дамжин өнгөрөх цэг. Тэгэхээр террористууд болон босогчдоос гадна хар тамхины наймаа манай улсад улам газар авах боломж бүрдэхгүй гэж үү. Террорист бүлэглэлүүдийн санхүүгийн гол эх үүсвэр хар тамхины наймаа шүү дээ?
-Тийм ээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хар тамхины наймаа бидний төсөөлж байснаас хэд дахин нэмэгдсэн. Афганистаны нутаг дэвсгэрийн гуравны нэг орчим хувь нь Талибан бүлэглэлийн хяналтад орсон. Олон улсын эвслийн хүрээнд Афганистанд олон улс цэргийн ажиллагаа явуулдаг. Мэдээж олонх нь АНУ-ын цэргийн хүчин. -Террорист бүлэглэлд нэгдэж буй хүний тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсч буйг олон улсын судалгааны байгууллагууд онцолсон. Хэрэв дэлхийн улс орнууд хамтран “Исламын улс” бүлэглэлийг дарж чадвал тус бүлэглэлд гишүүнээр элссэн хүмүүс эх нутагтаа буцаж очин террорист бүлэглэл шинээр байгуулах магадлалтай. Энэ талаар Хамтын аюулгүй байдлын байгууллага ямар нэгэн зүйл хийж байгаа юу? -Юуны өмнө бид ялалтад хүрээгүй байна. Террорист бүлэглэлийг дарахын тулд олон улсын эвслийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сирид ОХУ-ын цэргийн хүчин 20 мянган гаруй террористуудтай байлдаж байгаа. Тэдний 5000 орчим нь Төв Азийн орнуудаас ирсэн гэсэн судалгаа бий. Маш олон орос хүн “Исламын улс” бүлэглэлд нэгдсэн гэсэн судалгаа бий. Энэ бол маш ноцтой асуудал. Гэхдээ бид террорист бүлэглэлд гишүүнээр элсч буй хүний тоог багасгахад анхаарах болно.
-Та АНУ-ын цэргийн хүчин Сирид агаараас цохилт өгснийг өдөөн хатгалт хэмээгээд Сирийн Идлиб хотноо химийн зэвсэг ашигласан нь “Исламын улс” бүлэглэлийн явуулга гэсэн. Америкчуудын энэ удаагийн үйлдэл алан хядагчдад тусалж буй хэрэг гэж үзэж болох уу?
-Би “Исламын улс” бүлэглэлийн өдөөн хатгалга гэж хэлснээ санахгүй байна. Химийн зэвсэг хэн хэрэглэснийг нь тодорхой болгох хэрэгтэй. АНУ тэргүүтэй барууны орнууд хэн химийн зэвсэг ашигласныг тодорхой болгоогүй байж ямар ч нотолгоогүйгээр Сирийн Засгийн газрыг буруутгах нь буруу. Хэрэв Сирийн эрх баригчид химийн зэвсэг ашигласан бол тус улсын газар нутагт химийн зэвсгийн ул мөр байх ёстой. Алан хядагчид химийн зэвсэг ашигладаг нь тодорхой. Учир нь, зөвхөн Сирид химийн зэвсэг ашиглаагүй бөгөөд Ирак, Иран зэрэг оронд химийн зэвсэг ашигласан тохиолдол байдаг.
-Гэхдээ Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад ард түмнээ агаараас бөмбөгдөж байгаа нь нууц биш шүү дээ?
-Миний бодлоор Башар Ассадын олон алдаа Сирийн зөрчлийн үндэс болсон. Гэхдээ гадаадын мөнгөн дэмжлэг, зэр зэвсэг, цэргийн тусламжгүйгээр зөрчил мөргөлдөөн иргэний дайны хэмжээнд хүрэхгүй байсан. Харамсалтай нь, зөрчил мөргөлдөөнд энгийн иргэд хохирч байна шүү дээ. Хэн үүнд буруутай вэ. Тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалж, Үндсэн хуулийн бус тэмцлийг зогсоохыг хүссэн Засгийн газрын буруу юу эсвэл Засгийн газрын эсрэг бослого үймээнийг зохион байгуулагчид буруутай юу. Ирак, Ливид болсон зүйл Сирид давтагдаасай гэж хүсэхгүй байна. Сомали болон бусад оронд нөхцөл байдал тогтворжиж, Афганистаны Засгийн газар батжих ёстой. Тогтвортой байдлыг шинээр тогтооход улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Сирийн тухайд Үндсэн хуулийн шинэчлэл хийхийг зорьж байна. Гэхдээ энэ бол адармаатай үйл явц. Дараа нь шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч, парламентын сонгууль явуулах ёстой. Улсыг хэн хэрхэн удирдах нь Сирийн ард түмний сонголт байх ёстой. Энэ бол тогтвортой байдлыг тогтоох цор ганц зам юм.
-АНУ-ын Ерөнхийлөгчийн Сирид цохилт өгөх шийдвэр таны хувьд гэнэтийн зүйл болсон уу?
-Үнэхээр гэнэтийн зүйл болсон. Түүнээс богино хугацаанд шийдвэр гаргахыг сурах хэрэгтэй байх.
-АНУ, ОХУ-ын харилцааг өмнөхөөсөө ч муудсан гэж хэлж болох уу?
-Хоёр улсын харилцаа болон итгэлцэл цэргийн салбарын хүрээнд буурсан.
-Терроризмын эсрэг ОХУ болон барууныхан нэгдэн тэмцэхэд Крымын хойгийн асуудал саад болж байна. Баруунтай хамтран ажиллахаа золиослохоор Крым тийм үнэтэй гэж үү?
- Энэ бол 2.5 сая хүний тухай асуудал. Тэд Украинд гарсан төрийн эргэлтээс айж мэгдсэн хүмүүс. Киевт төрийн эргэлт гарсны дараа хэт үндсэрхэг үзэлт хүчнүүд тэндхийн хүмүүсийг дур зоргоороо заналхийлж эхэлсэн. Тэд орос хүн, орос хэлээр харилцагч ард түмэнд заналхийлсэн. Бидний хувьд дайн хийж, эзлэн түрэмгийлээгүй. Крым ОХУ-д шилжих үйл явцад нэг ч удаа буун дуу гарч хүний амь хохироогүй. Бид зөвхөн Украины тусгай албаны 20 мянган цэргийг тогтоон барьж, Крым хойгийн оршин суугчдын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан. Тэд ОХУ- ын нэг хэсэг байхыг хүссэн.
-Хэрэв Крым хойгийн хэрэгт олон улсын хуулийг зөрчөөгүй юм бол Канцлер Ангела Меркель тэргүүтэй барууныхан ОХУ-ын эсрэг хориг тавьсныг та юу гэж тайлбарлах вэ?
-Наполеон “Шударга ёс бол дэлхий дээрх бурхны биелэл” гэж хэлсэн байдаг. Крымын хойг ОХУ-д эргэн нэгдсэн нь шударга шийдвэр байсан. Гэвч барууныхны хориг бол алдаа. Хориг Украиныг дэмжих бус Оросын хүчин чадлыг дарах зорилготой гэж харж байна. Тэд ингэх ёсгүй байсан. Энэ бол хор хөнөөлтэй буруу шийдвэр. Герман, Оросын барааны эргэлт 83-85 тэрбум ам.доллар, бидний хамтын ажиллагаа олон мянган ажлын байр бий болгосон. Хориг Оросын эдийн засгийг гэмтээгээд зогсохгүй олон улсын санхүүгийн зах зээлд нөлөөлж байна. ОХУ-ын хувьд экспортын гол барааны үнэ унасан нь их хохирол дагуулж байна. Газрын тосны үнэ өндөр байхад тооцсон орлогоор одоогийн нөхцөл байдлыг даван туулахад хүндрэлтэй байгаа нь үнэн.
Ц.Даваасамбуу