Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2017.03.27) Токио хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсоноор айлчлалаа эхлүүлэв.

Энэхүү арга хэмжээг Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын парламентын бүлэг, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын нийгэмлэг, Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэг зэрэг 7 байгууллага хамтран зохион байгуулсан юм.

 Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Янагисава уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ үеэр тохиож байгааг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад найрамдлын нийгэмлэгийн гишүүд сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалд амжилт хүслээ.

Дараа нь найрамдлын нийгэмлэгийн гишүүд хамтын ажиллагааны цаашдын төлөв, анхаарал татсан асуудлын талаар Монголын төлөөлөгчдөөс асуулт асууж, хариулт авав. Тэд Монгол Улс уул уурхай, ашигт малтмалаас гадна эдийн засгаа солонгоруулахын тулд ямар салбарын хөгжилд түлхүү анхаарах гэж байна вэ, долоо хоногт 3 удаагийн нислэг үйлддэг ч хоёр талын аль алинд суудал олдохгүй байгаа тул МИАТ компанийн нислэгийг нэмэгдүүлэх боломж бий юү гэх мэт асуултыг тавьж байлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ арга хэмжээг хамтран зохион байгуулж буй найрамдлын нийгэмлэгүүдийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, сакура цэцэглэх цагаар айлчлал хийж буйдаа  бэлгэшээж байна гэв.

Тэрбээр “Япон дахь найрамдлын нийгэмлэгүүд хоёр орны түүх, соёл, иргэд хоорондын болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Монголын төр, ард түмэн зүй ёсоор үнэлэн хүндэлдэг. Монголыг гэсэн чин сэтгэлтэй байдагт чинь бид баярладаг. Та бүхний энэ эрхэм сайхан үйлс цаашдаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Монголд Японы ард түмний тусламж дэмжлэг хүрээгүй айл өрх бараг байхгүй. Хүндрэл бэрхшээл учирсан мөч бүхэнд Японы Засгийн газар, ард түмэн монголчуудад халуун сэтгэлийн гараа сунгаж байсныг бид мартахгүй гэж тэмдэглэв.  

 

Япон-Монголын нийгэмлэгийн дарга Ж.Ёшида “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохоос өмнө буюу өдгөөгөөс 53 жилийн өмнө манай нийгэмлэг байгуулагдаж байлаа. Найрамдлын нийгэмлэгүүд дотроо анхдагч нь манай байгууллага юм. Бид хоёр орны ард түмний найрамдалт, нөхөрсөг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэсэн бол Японы Гадаад хэргийн дэд сайд К.Одовара “2011 онд манай улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн үеэр Монголын төр засаг, ард түмний бидэнд үзүүлсэн тусламжийн арга хэмжээг Засгийн газрын Шадар сайдын хувиар М.Энхболд дарга зохион байгуулж байсан бол 2012 онд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг Монголын талаас ахлан ажиллаж байсныг санаж байна. М.Энхболд дарга бол манай хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа хүн юм” гэж онцлон тэмдэглэв.

ТОДРУУЛГА: Монгол Улстай харилцаатай 100 гаруй нийгэмлэг, төрийн бус байгууллага Японд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдгээрээс анхных нь Япон-Монголын нийгэмлэг бөгөөд дэлхийн II дайны дараа манай улсад олзонд байгаад нутаг буцсан япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, Засгийн газар нь 1964 онд тус нийгэмлэгийн үйл ажиллагааг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Хоёр дахь нь энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Япон-Монголын найрамдлын нийгэмлэг юм. Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг 1991 онд байгуулагдаж, 1993 онд тухайн үеийн Ерөнхий сайд Т.Кайфу тус нийгэмлэгийн даргаар сонгогдож байсан байна. Одоо нийгэмлэгийн Хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ ажилладаг. 1991 онд байгуулагдсан Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэгийн тэргүүн нь хатагтай К.Фужимото юм. Тэрбээр 1991-2003 онд 1.7 сая ширхэг саван цуглуулж Монголын эхчүүд, эмэгтэйчүүдэд хандивлаж байсан бөгөөд Улаанбаатар хотод “Солонго” дунд сургууль байгуулж, эхчүүд хүүхдүүдийн сайн сайханд чиглэсэн олон ажил зохион байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Өгий цом-2017
Өгий цом-2017
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.