Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

MCS-ийн барьсан 360 мянгын хураамжтай, хагархай зам Монгол жолооч нарын амийг авсаар байх уу?

 

MCS-ийн барьсан 360 мянгын хураамжтай, хагархай зам Монгол жолооч нарын амийг авсаар байх уу?

Нүүрсний тээвэрт явдаг мянга мянган жолоочийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд төр засгаас бодлогын арга хэмжээ авах шаардлага байгааг сүүлийн жилүүдэд нүүрсний замд ослоор амь насаа алдаж буй болон золгүйгээр амиа алдаж буй жолооч нарын үхэл харуулсаар байгаа. Хэдхэн өдрийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэдэг “Монфорт” компанийн 6 жолооч архи гэж уусан шингэн зүйлд хордож, гурав нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсны цаад учиг шалтгаан нь жолооч нар хил нэвтрэхийн тулд хэдэн өдрийн турш хил дээр хүлээдэг, амаргүй нөхцөл байдалд байдаг зэрэгтэй холбож тайлбарлах талууд ч байгаа. Түүнчлэн төр засгаас хилийн нэвтрэлт, хүлээлгийн асуудал, жолооч нарын эрүүл мэндийн асуудал дээр анхаарал тавихгүй бол цаашид ч ийм маягаар хэчнээн хүн эрдэнэт амиа алдах магадлал байгааг хэлж буй.

Осол гарч, олон жолооч нарын амийг авч буй Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх замыг “MCS” барьсан байдаг. Тэрчлэн өнгөрсөн онд төрд хүлээлгэж өгч, төрийн өмчит “Гашуун сухайт” компанийн эзэмшилд шилжсэн тус замын нөхцөл байдал маш муу гэдгийг тээвэрт явдаг бүх жолооч нар хэлдэг байна. Шаардлага хангаагүй зам болон энэ замд байдаг олон постод урт дараалал үүссэнээс болж маш ноцтой осол аваар гарч хүн энддэг. Тус замд нийтдээ дөрвөн шалган нэвтрүүлэх пост байдаг бөгөөд  постуудад тээврийн жолооч нар маш урт дараалал үүсгэж зогсдог. Хамгийн багадаа 3-4 хоног оочерлож зогсдог. Эдгээр постуудад оочер дараалал үүссэнээс болоод гарах аваар их гардаг.  Мөн жолооч нар энэ постуудад түгжрэхгүйн тулд засмалаасаа буудаг гэдгийг жолооч Д.Батцэнгэл гэж хүн medee.mn сайтад ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Мөн тэрбээр тус замд буюу Цагаан хадны боомтоос  хойш 37 км-ын зайд энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр том оврын автомашин онхолдож, хоёр хүн амь насаа алдсан хэрэг явдал гарах үед цуваанд явж байсан хүний хувиар тодруулга өгснийг энд ишлэн хүргэж байна.

Тэрбээр “Би Цогтцэций, Цагаан хад, Ганц модны чиглэлд нүүрс тээвэрлэх цуваанд орж явсан юм. Жолооч нар түр зогсож цайлаад, болгоомжтой явахыг бие биедээ сануулаад хөдөлцгөөсөн. Гэтэл удаа ч үгүй 15 минутын дараа урд талаас тоос манарч, зам харагдахгүй болж цуваа зогссон. Биднийг урагш очиж харахад цуваанд явсан хоёр машин онхолдож, аав хүү хоёр газар дээрээ нас барсан. Осол боллоо гээд цагдаа, онцгойгийнхон ирээгүй. Цогцосуудыг замын хажуу тал руу гаргаж бүтээчихээд, цуваа зогсож болохгүй, явцгаа гэсэн. Биднийг явсны дараа цагдаа сэргийлэх хэзээ нь ирсэн юм мэдэхгүй байна. Гэхдээ тэр зам дээр хоёрын хоёр монгол хүний алтан амь тасарч байхад хүний амь насыг юман чинээ тоохгүй байгаа нь маш харамсалтай санагдаж байна. Хүний мөс чанар энэ газар алга болчихоод байна. Засаг төр анхааралдаа авахгүй бол энд жолооч нар хэзээ үхэхээ мэдэхгүй явж байна.

Цагаан хаданд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар болон үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт гэх зүйл байхгүй. Энэ газарт жолооч нарын эрх ашиг, эрүүл мэнд болон хөдөлмөрийн аюулгүй байдал гэж байдаггүй. Тиймдээ ч хэдэн арван аавын хүүхэд энэ замд осолдож, амь насаараа хохирсоор ирсэн байна. Хоёрдугаарт, энэ газарт хуулийн ямар нэг зохицуулалт үйлчилдэггүйгээс болоод монгол жолооч нар хөдөлмөрийн мөлжлөгөд автсаар удаж байгаа. Зүгээр нэг монгол жолооч хужаа нарын тэргийг бариад явж байна. Зохицуулалт байдаггүй учраас тэдний цалин хөлсийг өгдөггүй. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд жолооч, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Цаашлаад хаана, юунд зарцуулж байгаа нь мэдэгдэхгүй маш олон төрлийн татвар, торгууль оногдуулдаг. Энд байгаа бүх хүн хэдэн төгрөг олохын төлөө орон гэрээсээ хол ажиллаж байгаа. Гайгүйхэн мөнгө олж, ар гэрээ тэжээхийн тулд ингэж үхэн хатан зүтгэж байна шүү дээ.” хэмээн ярьжээ.

Тэгэхээр энэ хүний байр суурь болон бусад мэдээллүүдээс үзэхэд  нүүрсний тээврийн замд жолооч нар амиа алдах нь энгийн үзэгдэл мэт болчихоод байна. Дээрх ослын талаарх албан ёсны мэдээллийг цагдаагийн байгууллагаас хэвлэлийнхэнд нээлттэй өгөхгүй байгаа юм билээ.

 

360 мянган төгрөгний хураамжтай  хагархай зам!

Нүүрсний замтай холбоотой мөн нэг анхаарал татдаг мэдээлэл бол  авантолгойгоос Цагаан хад хүртэлх 260  километр хагархай, цөмөрхий замаар явчихаад 360 мянган төгрөгийн замын хураамж төлж байгаа жолооч нарын бухимдал юм. Өдөрт 2 мянган машин энэ замаар явж байгаа. Тэгээд 360 мянган төгрөгийн хураамж авдаг мөртлөө яагаад эргээд зам засвар арчилгаандаа зарцуулдаггүй юм бол гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Гол нь замын чанартай холбоотойгоор осол аваар олон гардаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэрэв  тэгээд машин тус бүрээс 360 мянган төгрөг авчихаад замаа сайжруулахгүй юм бол үнийг нь буулгах хэрэгтэй баймаар юм. 360 мянга бол өндөр үнэ. Хэт өндөр энэ үнийг нь төлөхөөс зайлсхийсэн жолооч нар шороон замаар тээвэр хийдгийн улмаас өдөртөө 4-5 машин онхолдож унадаг нь хэвийн үзэгдэл гэдгийг газар дээр нь очихоор хэлэх хүмүүс олон бий. Нүүрсний тээвэрлэлтэд  монголчууд голдуу машин жолоодож буй.  Гэхдээ Монгол жолооч нарын цалин хятадуудынхаас хоёр дахин бага. Хятадуудад үргэлж дээрэлхүүлнэ. Таван толгойн уурхайгаас шилжүүлэн ачих Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэлтийг уртын тээвэр гэж нэрлэдэг.  Харин  Цагаан хадны дамжуулан ачилтаас Ганц модны боомт хүртэл 25 км газрыг богинын тээвэр гээд байгаа юм. Богино тээвэрт монгол компани нэг ч үгүй. Бүгд хятад эзэнтэй бол Таван толгойгоос Цагаан хад хүртэл ганц нэгхэн монгол эзэнтэй компани байдаг аж. Тэрчлэн Монголчууд хятад эздийнхээ ааш аягийг олох гэж зүдрэхийн сацуу хатуу хучилттай зам дээгүүр тээвэрлэлт хийхдээ 360 мянга гэсэн өндөр хураамж төлөх ёстой байдаг. Гэтэл тэр хатуу хучилттай зам нь эвдэрч цөмөрсөн, нарийн гээд эргээд осол аваар гарах нөхцөл болсоор иржээ.Тэгэхээр уг асуудал дээр холбогдох байгууллагууд анхаарах цаг болжээ. Шороон замаар нүүрс тээвэрлэхэд хөрс  ихээр эвдэрч,  тоосжилт үүсэн, ургамал амьтанд сөргөөр нөлөөлж, хүний  эрүүл мэндэд хор уршиг дагуулж байдаг. Тиймээс л хатуу хучилттай замыг барьсан шүү дээ. Гэтэл чанаргүй зам барьчихаад эргээд Монголчуудаа мөлжөөд байдаг нь ямар учиртай юм бэ.

Нүүрс тээврийн машинууд 70 тонны  даацтай.  Харамсалтай нь компаниуд болон хөлсний жолооч нар ашиг орлогоо бодон 100 гаруй тонныг ачдаг. Улмаар осол аваар их гардаг юм билээ. Хятадууд хүнд даацын 8000 машинтай,  4000-ыг нь монголчууд жолоодож,  нүүрс зөөдөг гэх мэдээлэл бий. Тэгэхээр тэдний цаана хэдэн хүний амьдрал байгаа бол.  Нүүрс тээвэрлэлтийн зам орчны асуудлыг, замын хураамжийн асуудлыг эргэн харах, хатуу хучилттай нэртэй замаа тэр хураамж гэдэг авдаг мөнгөнөөсөө засаж сайжруулах цаг болсон гэдгийг жолооч нар хэлсээр байгаа юм.

 

Ц. Сандуй: Нийслэлчүүдийнхээ өмнө өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх болно
Ц. Сандуй: Нийслэлчүүдийнхээ өмнө өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх болно
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.