
Аливаа бараа бүтээгдэхүүн болон тэр дундаа стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш богино хугацаанд багагүй хэмжээгээр нэмэгдэж буйд хяналт тавих, нэмсэн үндэслэл нь бодит эсэхийг тогтоох ёстой газар яах аргагүй ШӨХТГ. Тэд энэ үүргээ биелүүлж ажиллах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл шатахууны үнэ ямар үндэслэлээр нэмэгдсэн бэ, гэдгийг тогтоож чадаагүй, дүгнэлт гараагүй хэмээн тайлбарлаж суугаа ШӨХТГ хэний төлөө ажиллаж байгаа вэ? Зах зээл дэх өрсөлдөөнийг шударга байлгах үүрэгтэй агентлаг үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй болж байна.
Уг нь Засгийн газрын тогтоолоор авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан, дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан шүү дээ. Гэвч шатахуун импортлогч компаниуд нэг л өглөө үнээ нэмчихсэн. Тэд үнээ нэмэх гэж байгаа талаараа холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдээгүй. Гэтэл үүний эсрэг ямар нэг арга хэмжээ авч чадахгүй өнөөдрийг хүрсэн байгууллага бол ШӨХТГ. Уг нь тэд бол үнэ нэмэхгүйн эсрэг нөлөөлж чадах ганц газар нь ШӨХТГ. Гэвч шатахууны үнийн бодитой нэмэгдсэн шалтгааныг сар гаруй хугацаанд шалгаж тогтоож чадаагүй сууж байгаагаа ШӨХТГ-ынхан хэрхэн тайлбарлах бол гэдэг сонин байна.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн