Бакугийн “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр олимп, дэлхийн аварга шилдэг жүдочдыг ялж аваргын алтан медалийн эзэн боллоо.
Мөн ОУХМ О.Ууганбаатар 81 кг-д амжилттай сайн барилдаж хүрэл медаль хүртлээ.
Г.Одбаяр энэ удаа мөнгөн медалын төлөөх барилдаанд Лондонгийн олимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвилиг торгуулиар цэвэр ялж, алтан медалын төлөө Японы жүдоч, Дэлхийн хошой аварга Рики Накаяаг хоёр вазари үнэлгээ авч илт давуутай байдлаар аваргын алтан медаль зүүлээ.
Тэрбээр өмнө нь гурван удаа ялагдсан бөгөөд энэ удаад даагаа нэхэж Дэлхийн чансааны 1000 оноо авч чадсан байна.
Азербайжаны нийслэл Баку хотноо гуравдугаар сарын 10-12 болж буй “Их дуулга” тэмцээнд манай улсаас зургаан жүдоч хүч үзэж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн нар барилдаж тус тус VII байрт шалгарсан юм.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ