Бидний нийслэл сонин содон зүйлээр дүүрэн. Хааяа таарахаар нүд орой дээр гармаар энгийн атлаа гайхалтай зүйлүүд цөөнгүй бий. Тийм нэгэн тохиолдолтой өнөөдөр /03.09/ таарав. Улаанбаатарт наран ээж, энгийн нэгэн өглөө эхлэв. Гараа өргөн такси барьтал гайхалтай, сонирхолтой нэгэн машин надад үйлчлэхээр зогсов. Ороод суутал автомашин дотор биш тоглоомон чимэглэл дунд орсон мэт сэтгэлдэл төрөх ажээ. Хаа нэг донслохоор машины чимэглэлүүд шажигнан дуугарах бүр л сонин санагдана. Таксины жолооч Б.Баасан гауй “Чи харин ч гайгүй байна. Зарим хүн орж ирэхдээ цочоод эргээд гараад явчихна бий” гэж байв. Тэрээр зургаан жилийн өмнө энэхүү “Тoyota Funkargo” маркийн автомашинаа авсан бөгөөд тэр цагаас л машинаа гангалж эхэлжээ. Б.Баасан цахилгааны засварчин мэргэжилтэй бөгөөд тэр ч утгаараа машины салоноо лед гэрлүүдээр чимэглэж эхэлсэн байна. Түүний машинд одоогоор 100 гаруй чимэглэл унждаг тоглоом байна. Өөрийн зүүдэг мөнгөн гинж, шүтдэг бурхан, мөнгөн тэмдэгтүүд, хурдан морьд, сармагчин, соёмбо, төрийн далбаа гээд угаасаа л түүний машинд байхгүй юм үгүй. Б.Баасан “Би багаасаа л юм цуглуулах хоббитой байлаа. Анх арван жилийн сурагч байхдаа унадаг дугуйгаа хүртэл ингэж гангалж унадаг байв. Түүний дараа мотоцикль гээд ер нь гэрээ ч ингэж чимгэлчихдэг.
-Тийм үү. Гэр чинь бас ийм олон тоглоом гэрэлтэй гэж үү?
-Тийм ээ. Найзууд маань манайд ирэх дуртай. Танайх яг баар шиг юм аа гэдэг хэмээн инээмсэглэв. Гэр нь бас ийм гэж бодохоор үнэхээр сонирхолтой санагдав. Тэрээр Сүхбаатар аймгийн хүн юм. Ээж нь эд янз бүрийн зүйл цуглуулдаг, долоо хоноод л гэрийнхээ тавилгыг өөрчилдөг хоббитой хүн байжээ. “Би ээжийгээ л дуурайсан” гэж байлаа. Түүний машинд уйлж байгаа хүүхэд орж ирэхээр нам дуугай болно. Харин гараад явахаараа уйлдаг гэнэ. Түүний машин ийм сонин содон байхын зэрэгцээ камер, дуу хураагч, цахилгаан бороохой хүртэл байна. Шөнө орой явахад янз бүрийн хүн орж ирвэл нэг товч дараад л камер, дуу хураагчаа асаачихна. Хүн дайрахыг завдвал яг рулийн нь дор цахилгаан бороохой нь байлаа. Мөн өсгөгч залгах оролт нэмэлтээр хийжээ. Энэ нь зун хөдөө гадаа явахад хөгжим тавиад л хэдэн метртаа хөгжим дамжуулан бүжиглэх боломжтой гэнэ. Ийм нэгэн ид шидтэй хачин таски байна аа байна.
"Зууны мэдээ" сонин Т.БАТСАЙХАН