Барилгын салбарт бараан түүхийг бүтээж яваа нөхдүүдийн нэг бол “Эко” констракшны захирал С.Нямдаваа гэж нөхөр. Түүнд хууль журам үйлчилдэг үү гэдэг асуултыг хэвлэлийнхэн олон жил ил тодоор асууж байгаа. Учир нь Эко констракшнтай холбоотой гомдол иргэдээс олон гардаг. Харин тус компанийн удирдлага С.Нямдаваа гэж дархлагдсан нөхөрт энэ бүхэн огт хамаагүй аятай байдаг. Мэдээж аль ч салбарт хариуцлага чухал. Тэрдундаа барилгын салбар дахь хариуцлагын асуудлыг нэмэгдүүлэхгүй бол мянга мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг харуулсан мэдээллүүд дэндүү олон байдаг гэдгийг мөн энд тодотгоё. Түүнчлэн “Эко” констракшны тухайд хариуцлага алдсан тухай мэдээлэлд хамгийн их холбогддог гэхэд болох байх. Тодруулбал, тус компанийн барилга дээрээс хүнд даацын төмөр унаж оюутан залуугийн амь насыг хохироосон хэргийг одоо ч манай уншигчид санаж буй биз ээ. Тухайн үед“Эко” констракшны захирал С.Нямдаваа талийгаач хүүд зориулж суварга босгоно хэмээн ярьж байсан ч, лав л өнөөдрийн тухайд нүдэнд харагдах суварга үгүй. Магад, С.Нямдаваа захирлын сэтгэлд бол суварга хэдийнэ босчихсон байхыг үгүйсгэх аргагүй л дээ.
Ер нь бол Эко констракшн компанитай холбоотойгоор амиа алдсан хүмүүсийн тоо нэгээр тогтохгүй гэх ойлголтыг мэдээллүүд өгдөг. Тухайлбал, “Маршал таун” хотхоны барилгын хашаан дотор “Эко” констракшн компанид ажилдаг 44 настай эрэгтэй Б үерийн далангийн бетонон хоолой угсарч байгаад өндөр хүчдэлд цохиулж нас барсан хэрэг гарсан байдаг. Гол нь тус компани хариуцлага алдсан олон асуудалд холбогддог ч, алдаа дутагдлаа засч залруулдаггүй нь хачирхалтай.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанийн 48 барилгыг шалгахад олон зөрчил илэрсэн байдаг. “Баянзүрх хотхон”, Баянгол I, II, “Маршал хотхон”, “Голден парк”, “Хаан суудал”, “Нарлаг”, “Тэмүүлэл” зэрэг нийтдээ 50 орчим барилга байгууламж барьсан нь бүгд араасаа иргэдийн гомдлыг дагуулдаг. Ашиглалтанд ороод 3-7 жил болж байгаа барилгууд нь дээврээс ус гоожиж, хана тааз нь цуурсан, лифт нь байнга эвдэрдэг гэхчлэн болж бүтэж байгаа юм тун цөөн байдаг.
Тухайлбал, “Голден парк 1” хотхоны 102,103,104,105-р байрны хана, таазанд цууралт үүсч, цэвэр бохирын шугам хоолой нь хүртэл цоорч барилга нурж болзошгүй байгаа тухай оршин суугчид холбогдох газруудад гомдол мэдүүлсэн байдаг. “Эко”-гийн байрны метр квадратын үнэ бусдаас арай хямд байдаг ч, тэр хэрээрээ чанарын тухай ярилтгүй, бүр авах юмгүй байдаг. Арав таван төгрөгөө яая гэж байгаа хүмүүс арай хямдыг нь авъя гээд байр авдаг ч, адаг сүүлдээ стандартын шаардлага хангаагүй байранд орж, баахан гомдол гаргах ажилтай болсноо хэлдэг юм.
“Эко констракшн” компанийн 2008-2009 онд барьж ашиглалтад өгсөн “Тэмүүлэл” гэх 556 айл, 2000-аад оршин суугчтай хотхон бий. П хэлбэртэй гурван байшингийн балаг үнэхээр дундардаггүй. Барилга хоорондын зай 50 метр байх ёстой гэсэн дүрэм , журам байдаг ч, “Тэмүүлэл” хотхоны барилгуудын хооронд таван метрийн ч зай байхгүй. 5 хүүхэд ч тоглож багтахааргүй тоглоомын талбай нэртэй хэсэгхэн зайтай. Хүүхдүүд машинуудтай зэрэгцээд л тоглож байдаг учраас эцэг эхчүүд нь янз бүрийн юм болчих бий хэмээн айдгаа хэвлэлийнхэнд хэлсэн байдаг. Ядаж байхад автомашины зогсоол нь хангалтгүй. Машинуудын дунд л хүүхдүүд тоглож наадаж байгаа харагддаг. Барилгын чанар, гадаад орчин гээд бүгдэд оршин суугчид нь ам муутай байдаг. Ямартаа л иргэд “бид байнга л хэвлэлийхэнд ханддаг ямар ч нэмэргүй байдаг. Одоо дахиж ярихаас ч залхаж байна” гэж ундуйцахдаа тулсан байгаа юм. Цахилгаан шат нь унадаг, тросс нь сунасан, даацаа дийлэхгүй эвдэрсэн, хөгц мөөгөнцөрт идэгдсэн,сантехникийн болон халуун хүйтэн ус нь шугам хоолой нэг , нойл нь хүртэл буцлам халуун устай. гар нүүрээ угаах, аяга тавгаа цэвэрлэхэд хүртэл шалзарч үхэх шахдаг, өрөөний зай талбай зөрүүтэй, тэр ч бүү хэл, зарим нэг айлынх нь унтлагын өрөө цонхгүй, битүүлээд баригдчихсан, далд болон ил монтаж байнга задардагаас ус алддаг, орон сууцны гадна талбай болон тоглоомын газаргүй, СӨХ нь дорвитой ажилладаггүй, гарааш нь зориулалтын бус, нэг өрөөг хувааж хоёр айлын зориулалтаар барьж иргэдийг хуурсан гэх тоочоод барахгүй балагтай Тэмүүлэл гэж хотхоныг “Эко” констрашкн барьсан.
Уул нь С.Нямдаваа гэж нөхөр барилгаа чанартай барьж, нэр нүүр хийгээд түмэн олны эрх ашгийг бодож баймаар. Түүнийг 5 жилийн өмнө залилангийн хэргээр шалгагдаж байсан гэх мэдээлэл гарч байсныг эргэн сануулъя. Тэрбээр Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан байдаг. Чухам ямар үндэслэлээр түүнтэй холбоотой хэрэг замхарсан нь тодорхой бус байдаг юм.