Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар очих нь гэх мэдээлэл анх гарсантай зэрэгцэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар хэн ирэх вэ гэдэг асуудал яригдсан. Тэгвэл 4 сар эзэнгүй байгаа уг албанд хэнийг томилох вэ гэдгээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хэлэлцжээ. Гарсан шийд нь гишүүн асан Д.Загджавыг дэмжжээ. Уг нь өнгөрсөн саруудад энэ албан тушаалд н.Төмөрчулуун, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Д.Загджав нарын нэр яригдаж байсан юм. Гэхдээ эдгээр хүмүүсээс муу нэр луу данстай нь Д.Загджав байсан гэхэд болно. Гэсэн ч тэрбээр ямар нэг аргаар дэмжлэг авчээ. Чухам ямар тохироо хийгдсэн нь одоогоор ил болоогүй байна. Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн дээрх шийдвэрийг баталгаажуулж Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилно гэх мэдээлэл байгаа юм.
Тэгэхээр нэр төр сайнгүй Д.Загджав мэргэжлийн гэх тодотголтой засагт дэд сайдаар сууж таарах нь. Түүнтэй холбоотой мэдээллүүдээс энэ дашрамд эргэн сануулахад илүүц болохгүй байх. Гишүүн асан тэрбээр Энх тайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч гэх сүржин статустайгаар хэвлэлээр бичигдэх болсон. Гэхдээ муу нэрийг хусавч арилахгүй гэж Монголчууд ярьдаг даа.
Д.Загджав ноёнтны тухайд хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоныхоо дараа Д.Зоригт нарын хамт “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан гэх асуудалд орж байсан билээ. Тэднийг тухайн үед гадуур байцааж байгаа гэж эх сурвалжууд хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм. За тэгээд нэр нөлөө бүхий гишүүд холбогдсон учраас цагдаагийнхан хэргийг хэрэгсэхгүй болгох вий гэсэн хардлага байсанчлан хэрэг замхарсан байдаг. Гэхдээ хэрэг хэрэгсэхгүй боллоо гээд хууль журмыг гишгэлдэг, ёс зүйгүй этгээдүүдийн үйлдлийг нийгэм санах ойтой байх ёстой юм.
Тэрбээр гишүүнээр сонгогдсоноосоо хойш хуулийг гууль гэж санадагаа утгаар нь харуулсан нэгэн. Ямартаа л Засгийн газрын ордноос гарч явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж машин мөргөөд хэргийн газраас зугтсан тухай нь хэвлэлүүд бичиж байсан билээ. Машинаа мөргүүлсэн залууд цонхоороо туслахынхаа нэрийн хуудсыг өгсөн гэж байгаа. Туслах руу яриад мөнгө авчих, би ингээд явлаа хэмээн яаран явж одсон түүнд хариуцлага тооцох чадамжтай замын цагдаа манайд даанч байхгүйг хэвлэлийнхэн бичиж нийтэлж байлаа.
Мөн түүний нэр яах аргагүй Богдхан уулыг хормой хотоос нь сэглэсэн асуудалд холбогдоно. Хан-Уул дүүргийн Засаг дарга байсан тэрбээр 250 гаруй иргэнд зөвшөөрөлгүйгээр газар олгосон гэх мэдээлэл байдаг. Д.Загджавын хууль бус үйлдлийг тухайн үед таслан зогсоохоор Байгаль орчны яамнаас Нийслэлийн Засаг даргад хууль бусаар зөвшөөрөл олгосон шийдвэрийг нь хүчингүй болгуулах гэж хоёр ч удаа бичиг явуулахад шийдэж өгөөгүй гэнэ. Яагаад гэвэл Газрын тухай хуулиараа бол дээд шатны дарга доод шатныхаа хүний хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байдаг ч ямар нэг арга хэмжээ аваагүй байдаг аж.
Ер нь Д.Загджавтай холбоотой газрын асуудал олон. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дvгээр сургууль болон 12 дугаар цэцэрлэгийн ойролцоох газар 50 метр хүрэхгүй газарт хууль бусаар шатахуун түгээх станц барьж байгаа талаар мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл Д.Загджав гуай тэр газрыг олгосон байдаг. Хан-Уул дүүргийн Байгаль орчин, газрын хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр хэлэхдээ “- Ер нь газар олгохдоо дуудлага худалдаа юмуу эсвэл төсөл сонгон шалгаруулалтаар олгох ёстой гэдгийг 2003 оны баталсан Газрын тухай хуульд заасан байгаа. Гэтэл тус дүүргийн Засаг дарга байсан Д.Загджав нь эрх мэдлээ ашиглан 2005 оны тавдугаар сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх тухай 178 дугаар захирамж гаргасан нь Газрын тухай хуулийг зөрчсөн хэрэг. Тухайн захирамждаа: Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн 12 дугаар цэцэрлэгийн урд талд жил жилийн хур, хог болон барилгын материалын үлдэгдлээр бохирдсон 2450 метр.квадрат газрыг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэн тохижуулж, авто vйлчилгээний зориулалтаар иргэн Б.Батбаярт таван жилийн хугацаатай эдлүүлсүгэй гэсэн байгаа. Энэ газарт өөрийн хүч, хөрөнгө зарцуулж цэвэрлээд байх ямар ч хур хог байгаагүй. Тэгээд ч авто vйлчилгээний зориулалтаар авсан газарт нь Шатахуун түгээх станц барьж байгаа нь Монгол Улсын газар олголтын талаар заасан хууль тогтоомжийг илт зєрчсєн vйлдэл гэдгийг харуулж байгаа юм. Тэдний газрын тухай хууль тогтоомжийг яагаад зөрчиж ийм хууль бус үйл ажиллагаа хийж байгаа цаад санааг нь би мэдэхгүй шүү дээ. Одоогоор тус Шатахуун түгээх газрын vйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газрын тодорхой актаар зогсоож, гагнуурын аппарат болон бусад төхөөрөмжийг нь лацадсан байгаа. Энэ лацыг хөндөж шатахуун түгээсэн тохиолдолд эцсийн арга хэмжээгээ авах болно” хэмээн хэлсэн байдаг.
Дэд сайдаар суух гэж буй Д.Загджав гэж нөхөртэй холбоотой мэдээлэл энэ мэтээр олон байдаг. Эрх мэдлийн төлөөх түүний тохироо юу байсан нь удахгүй ил болох биз ээ.
Tsag.mn