“Жи Тайм” корпорацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр хилээр гарах гэж байхад нь “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан байна. Ж.Маратыг Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм байна. Ж.Марат нарын дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа ба эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдийн хэмжээний мөнгө угаасныг тогтоохоор Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мөрдөн байцаалт явуулж байгаа юм байна.
Ж.Марат нь хэвлэлд ярихдаа “Манай компани дэлхий дээр хоёрхон газар буюу ОХУ-ын Шүрэн арал болон Казакстаны нутагт олборлолт хийдэг шунгит гэх чулууг олборлож, хүний эрүүл мэндэд маш тустай гэдгийг илрүүлж нээсэн юм. Шунгит нь 45 хувийн идэвхижилттэй эрдэс бодис агуулдаг. Энэ бодисыг Казакстаны эрдэмтэд 25 жилийн турш судалж туршсаны эцэст энэ үр дүнг бий болгоод байна. Маш өргөн хэмжээний судалгааг хийснээр 95 хувийн идэвхжилттэй миниралыг нээж гаргаснаар бид гарын тос, маск, гуужуулаг, үе мөчний тос, саван гэх мэт гоо сайхны болон эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Манай үйлдвэрийн хийж буй экологийн цэвэр бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлэх ижил төрлийн бүтээгдэхүүн дэлхий дээр байхгүй гэдгийг энд онцолмоор байна. Түүнчлэн бидний хийж буй бүтээгдэхүүн Казакстан улсын Хууль зүйн сайдын зөвшөөрөлтэйгөөр худалдаалагддаг гэдгийг хэлье” гэсэн байдаг.
Гэвч холбогдох байгууллагууд шалгалт хийгээд үзэхэд нөхцөл байдал өөр байсан гэх мэдээллийг албаныхан өгч буй юм.