Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-н сайд П.Сэргэлэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевын урилгаар 2016 оны 10 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-д Монгол улсаас суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа нар 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Москва хотноо болсон “Алтан намар-2016” Оросын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн нээлтын ажиллагаанд оролцов. Оросын Холбооны Улсын Ерөнхий сайд Д.А.Медведев үзэсгэлэнг нээж үг хэлэв.
Мөн өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевтай албан ёсны уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр хоёр улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох, тэр дундаа Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, Монголын хөрс, цаг уурын нөхцөлд зохицсон сайн чанарын үрийн сорт гаргах, Оросын Холбооны Улс руу Монголын мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов.Тус уулзалтын үеэр Монгол улсын талаас тавьсан бүх саналыг ОХУ-ын тал бүрэн хүлээн авч байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевыг Монгол Улсад завтай үедээ айлчлахыг урьсан юм.Тэрээр урилгыг хүндэтгэн хүлээн авч, ойрын үед Монгол Улсад айлчлахаа илэрхийлсэн.
Уулзалтын дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Россия 24” олон нийтийн телевизэд хоёр улсын хөдөө ах ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлага өгөв.