Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн ордонд нэвтрэх эрх буюу АН-ын хуучин кадруудын карьер дууссан уу

 

Төрийн ордонд нэвтрэх эрх буюу АН-ын хуучин кадруудын карьер дууссан уу

 

“AH есөн гишүүндээ 21 зөвлөх томилжээ. Олонх болоод 50 суудал авсан бол 100 зөвлөх томилох байж. Монголын ард түмэн Төрийн ордныг аварсан юм шиг байна”. Энэ бол Бат инженерийн саяхны нэгэн жиргээ. Үнэхээр л түүний хэлснээр АН олонх болсон бол Төрийн ордон зөвлөх нэртнүүдээр дүүрэх байж.
 
Ард түмэн АН-ынханд дүнг нь тавьж, арай ядан бүлэг байгуулах хэмжээний цөөн хүнд итгэл үзүүлснээр өдгөө тус намаас есөн хүн төрийн түшээгээр ажиллаж байгаа. Хэзээнээс албан тушаал, нэр төрийн төлөө хөөцөлдөж ирсэн АН-ынхан энэ удаад ч мөн унаган зангаа гаргаж, олны нүд чихийг дэлдийлгээд авлаа.
 
Энд 21 гэдэг тoo гарч байгаа ч үнэн хэрэгтээ АН-ын есөн гишүүнд давхардсан тоогоор 34 хүн зөвлөх юм байх. 100 ямаанд жаран ухна гэгчээр ийм олон хүнээр юугаа зөвлүүлэх нь вэ гэх шүүмжлэл өнгөрсөн өдрүүдэд өрнөв. Хамгийн хачирхалтай нь, АН-ын бүлгийнхэнд зөвлөх хүмүүсийн нэрийг харвал өнгөрсөн парламентад тус намыг төлөөлж суусан гишүүдийн нэр тэр чигтээ хөвөрнө. Сонин л шийдэл. Ид явахдаа хийж чадаагүй хүмүүс орон тооны бус зөвлөхийн статустайгаар чухам юу бүтээх вэ. Тэр дундаа орон тооны бус зөвлөх гэдэг статустай хүмүүст Төрийн ордонд нэвтрэх үнэмлэхнээс илүү давуу тал байхгүйг мэдэж л баймаар. 
 
Орон тооны зөвлөхийг бодвол тэдэнд цалин урамшуулал, өрөө тасалгаа, эрх мэдэл гээд байх зүйл үгүй. Гэсэн атал тэд ийнхүү олноороо орон тооны бус зөвлөх гэсэн статустай байхаар зүтгэж байгаагийн цаад учрыг гайхах хүн олон байна. Эсвэл тэдэнд Төрийн ордонд чөлөөтэй нэвтрэх эрх тийм их үнэ цэнэтэй байж ч болох. Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхүүдийг танилцуулъя.
 
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Р.Амаржаргал, М.Батчимэг, Р.Гончигдорж
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Р.Бурмаа. С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Н.Батцэрэг, А.Бакей
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Д.Батцогт, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл
-Өргөдлийн байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Д.Арвин, Д.Одхүү
 
-Хууль зүйн байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Д.Ганбат, М.Ичинноров, Д.Одхүү, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл
-Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр М.Батчимэг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, А.Бакей
-Төсвийн байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Р.Амаржаргал, Б.Болор, Д.Ганхуяг, Л.Эрдэнэчимэг
 
-Эдийн засгийн байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Д.Батцогт, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, М.Зоригт, Н.Батбаяр нарыг томилоод байна.
Эдгээр зөвлөхийн үүрэг юу вэ гэвэл ердөө цаасан дээр буусан нэр төдий алба гээд ойлгочиход нэг их буруудахгүй. Учир нь орон тооны, төсвийн мөнгө хумсалдаг зөвлөхүүдэд ч хийх ажил бараг байдаггүй, бүр тэдний юу хийж байгаа нь ч мэдэгддэггүй. Бас мэдэх ч арга үгүй.
 
Манай улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд дэргэдээ зөвлөх, туслах статустайгаар олон хүнийг “тэжээдэг” нь нэгэнт ил болсон асуудал.
 
Зөвлөхүүд төсвөөс цалинждаг  учраас ингэж хэлсэн хэрэг. Харин зөвлөхөөр хэн ажилладаг вэ гэвэл багагүй хугацаанд төрд ажилласан, хуучин кадрууд байдаг нь нууц биш. Хэдийгээр зөвлөх нэрийн дор тэдний олон жилийн дадлага туршлага, мэдлэг боловсролыг “ашиглаж” байгаа гэх тайлбарыг өгдөг ч үнэн хэрэгтээ зайгаа тавьж өгөх дургүй, дараагийн үеэ хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс ихэвчлэн зөвлөхийн статус зүүж, арын эгнээнд шилждэг нь бичигдээгүй хууль болсон.
 
Тэгвэл АН-ын хуучин кадрууд ийнхүү олноороо орон тооны бус зөвлөх болж байгааг гайхах хүн олон байна. Магадгүй тэд намынхаа хуучин даргын школыг дагаж байж болох. Өөрөөр хэлбэл, төрд зөвлөх гэх статустай, “том” хүмүүс байдгийг хамгийн түрүүнд ил болгож, тэднийг алдаршуулсан хүн бол АН-ын дарга асан Н.Алтанхуяг. Түүний хувьд Ерөнхий сайд болсон даруйдаа 8-9 хүнийг дэргэдээ авчран, зөвлөхөөр томилсон нь нэг хэсэгтээ л хэвлэлийнхний төдийгүй олон нийтийн анхаарлыг татсан юм. Ийнхүү Н.Алтанхуягийн дэг сургуулиар явагсад УИХ-ын гишүүний статусаа орон тооны бус зөвлөх гэх нэрээр сольж орхив.
 
Үүнийг нэг талаас АН-, ын хуучин кадрууд “амьд" байгаагаа харуулах гэсэн арга гэж харж болох ч нөгөө талаас өдгөө төрд сууж буй өсөн гишүүн нь тийм чадваргүй юм уу гэж хардаж болохоор.
 
Өөрөөр хэлбэл, энэ өсөн гишүүнд байнгын хороодод харьяалагдан, шийдвэр гаргаад явах чадвар чадамж үгүй юмуу гэх асуулт урган гарч байгаа юм. Эсвэл АН-ын гишүүд бие даан шийдвэр гаргах эрхгүй, ингэтлээ хайрцганд орсон ч байж мэдэх л юм.
 
Эс бөгөөс АН-ын томд тооцогдох гишүүд орон тооны бус нэр зүүгээд ч болтугай Төрийн ордонд нэвтрэх эрхтэй байх хүртэл доошоо орсон ч юм бил үү. Үгүй гэх нь ээ, карьер нь дууссан хүмүүсийн очдог статус руу ингэж олноороо хошуурсан нь АН-ыг муу дээр нь муу, муухай дээр нь улцан харагдуулж байна.
 
М.Өнөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн сонин"
Corporate кино театр Орос киногоор нээлтээ хийнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.