Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж нэгэн суутан хэлсэн байдаг. Гэвч өнөөдөр интернетээс шинэ мэдээлэл авч мэдлэгээ тэлэх болсноор бид энэ эрин зуунаа “Мэдээллийн эрин зуун” хэмээн нэрлэх болсон. Ийнхүү интернет бий болсноор хүмүүс ном унших нь ховор болжээ гэж шүүлжлэх хүмүүс ч олонтаа таарч байсан юм.
Тэгвэл Улаанбаатар хот дах Өмнөговь аймгийн Залуучуудын Холбооны санаачилгаар "Оюунлаг Өмнөговь” номын аяныг эхлүүлээд байна. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй говийн залуучууд төрсөн нутагтаа оюуны бодит хөрөнгө оруулалт хийх зорилгын дор ийнхүү нэгдээд байна. Уг аяныг "Номтой нөхөрлөе клуб"-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нутагтаа 5,000 номыг илгээхийг зорьж байгаа аж. Номын аяны хүрээнд цугларсан номыг Өмнөговь аймгийн 15 сум, аймгийн төвийн сургуулиуд болоод номын сангуудад тараах юм байна. Мөн энэ хүрээнд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод Номтой нөхөрлөх талаар лекц болон Эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тухайгаа ч зохион байгуулагчид мэдэгдлээ. "Оюунлаг Өмнөговь” номын аян нь нэг сарын турш үргэлжлэх юм байна.
Залуусын оюун ухаан, мэдлэгийн сан олон сайхан номоор дүүрэн байх болтугай.