Энэ мэдээ хуучирсан буюу 2014/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар өнөөдөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн жил гаруйн хугацаанд эрс хүндэрч, улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байгааг хоёр тал тэмдэглээд, УИХ, Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүй, шинэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхаарч хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.


УИХ дахь МАН-ын бүлэг иргэдийн нийтлэг эрх ашгийн үүднээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх санал, санаачилга гаргаж, зохих хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан билээ. Иймээс МҮЭХ нь МАН-ын бүлгээс өргөн барьсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлалыг дэмжиж, гурван чиглэлээр Засгийн газар, холбогдох байгууллагад шаардлага тавьж, хамтран ажиллахаар тохиролцов.

Нэгдүгээрт, бага орлоготой иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх; хоёрдугаарт, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, инфляцийн төвшинтэй уялдуулан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлж байх зохицуулалтыг хуульчлан баталгаажуулах; гуравдугаарт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог УИХ-ын төвшинд байгуулах замаар Засгийн газарт тавих хяналт-хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар зорилго нэгтэй байгаагаа илэрхийллээ.

 

Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

 
Хамтран ажиллах санамж бичиг байгуулах үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 2012 оны эхний хагас жилээс хойш Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өнөөг хүртэл нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй бөгөөд энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өссөнийг дурдав. Мөн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан зорилтоо хэрэгжүүлэх талд хойрго хандаж байгаа учраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр МҮЭХ-той хамтран ажиллахаар болсныг онцоллоо. 

Тэрээр "Үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөг зарцуулсан боловч үр дүн гарсангүй. Энэ бол дөрвөн жилийн хугацаанд иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө. Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэж хэлдэг. Гэтэл 2008 онд цалин, тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэхэд инфляц 20 хувьтай, 2010 онд 30 хувиар нэмэгдүүлэхэд инфляц 10 хувьтай байсан. 2012 онд инфляц 14 хувьтай байхад тухайн үеийн Засгийн газар цалин, тэтгэврийг 42-53 хувиар нэмэгдүүлсэн. Ингэхдээ өргөн хэрэглээний барааны үнэ, инфляцийн төвшнөөс давуулж өсгөж ирсэн. Нөгөө талаас энэ нь цалин, тэтгэврийн нэмэгдэл инфляцийг хөөрөгддөггүйг харуулж байна" гэлээ.

Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ


МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "2013 оны сүүлээр МҮЭХ, МАОЭНХ-ноос Засгийн газартай хамтран хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бий болгосон. Тиймээс ард иргэд энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн өндөр хүлээлттэй байгаа. МҮЭХ-ноос гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд тэвчээртэйгээр хүлээж Цагаан сартай золгох гэж байна. Бид хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлага, нийгмийн түншлэлийн зарчмаа хатуу баримталж ажиллана. Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг олон мянган иргэдийн эрх ашгийн үүднээс УИХ дахь МАН-ын бүлгээс түргэтгэх, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой болгох чиглэлээр хамтарч ажиллахаар болсонд талархаж байна. МҮЭХ бол цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа бүх  байгууллагатай хамтран ажиллах ёстой. Иймд бид сая дурдсан гурван чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай байна" гэв. 

Б.Буянжаргал Азийн покер MPC20 \
Б.Буянжаргал Азийн покер MPC20 \"Улаан луу\" цомын аварга боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.