Энэ удаагийн сонгуульд МАН-ын оруулж ирж байгаа нэр дэвшигчдийн жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлнэ гэдэг ойлголт нь ардчилал, төлөөллийн ардчиллын үзэл санаанд харш төдийгүй Үндсэн Хууль зөрчсөн зүйл гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна.
Тухайлбал, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнэ : “Өөрийн багаас бүрдсэн олонхтой болохын тулд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн тоог даруй 50-иар нэмсэн. Түүний баг тойроггүй, олонд танигдаагүй учир тэднийгээ намын жагсаалтаар оруулахаар тооцсон. Багш, эмч, инженерийн төлөөллийг намын жагсаалтад оруулна гэдэг сайхан үгээр халхавчилж байгаа ч үнэндээ энэ нь хөдөөгийн, ядуу, доод, үгээгүй, жинхэнэ ардыг оруулна гэдэг улааны колонийн коммунист аппаратын удирдан захирах уламжлалаас улбаатай юм. Өөрөөр хэлбэл, улс төрд А-гүй, учир мэдэхгүй, ухваргүй ардыг “маллаж” хүссэнээ хийлгэх коммунистуудын арга. Намын жагсаалтын 48 гишүүн намын нэрээр парламентад сууж буйн хувьд намын даргын цэргүүд байх бөгөөд УИХ-ыг атгах гар хөл нь болно. Нөгөө талаар жагсаалтын 48 гишүүнээс хариуцлага нэхэх, элдвийг шаардах тойрог, сонгогчид үгүй тул тэд үргэлж намын даргын тушаалаар хөдлөхөөс өөр аргагүй” хэмээн бичиж байв.