2023 оныг ЗТХЯ бүрэн цахимжсан, бүтээмжийг дээшлүүлэх жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд УБТЗ-ын зүгээс зорчигч тээврийн үйлчилгээний цахим системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж, цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.
Өчигдөр УБТЗ-ын Зорчигч тээврийн төв цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэх, E-Ticket вэб сайтыг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Дүнжингарав худалдааны төвөөр үйлчлүүлсэн 1000 шахам иргэдэд цахим тасалбарыг сурталчлан таниулж, тасалбар захиалах аппликэйшнийг хүссэн хүн бүрд гар утсанд нь суулган өгч үйлчиллээ. Уг өдөрлөгийг “Sunday-2” худалдааны төвд маргааш буюу энэ сарын 19-ний өдөр дахин зохион байгуулах юм.
Өнөөдрийн байдлаар зорчигчийн галт тэрэгний нийт тасалбар худалдаалалтын 50 гаруй хувийг цахимаар худалдаалж байгаа бөгөөд энэ онд 70 хувьд хүргэхээр зорин ажиллаж байна.
Онлайнаар галт тэрэгний тасалбарыг eticket.ubtz.mn вэб сайтаар, 19001949 утсаар болон “УБТЗ Тасалбар- UBTZ ticket” аппликэйшнээр захиалах боломжтой.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН