Хүйтний улирал ойртож байгаатай холбогдуулан тээвэрлэлтэд шаардлагатай вагон хангалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболдоос тодруулж асуулаа.
"Өнөөдөр “УБТЗ” ХНН өөрийн эзэмшлийн 1773 хагас вагонтой бөгөөд эдгээр вагонуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд дулааны цахилгаан станцуудын нүүрс болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалын тээвэр, барилгын салбарын бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эдийн импортын тээвэрт ашигладаг.
Жил бүрийн 8 дугаар сараас өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, хүйтний улирал эхлэхээс өмнө барилгын салбарын бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эд материалын тээврийг тасралтгүй зохион байгуулах зайлшгүй шаардлага үүсдэг бөгөөд хагас вагоны тээврийн захиалга тасралтгүй өсөн нэмэгдэж байгаагаас “УБТЗ” ХНН нийт захиалгын 70 гаруй хувийг л хангаж чадаж байна. Дээрх тээвэрлэлтээс гадна дотоодын бусад иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачилтын захиалгыг хагас вагоноор хангаж хүрэлцэхгүй байгаа бөгөөд эдгээрийг бүрэн хангаж, зохион байгуулахад 2500 гаруй хагас вагон шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд “УБТЗ” ХНН-ээс гадна хувийн эзэмшлийн болон түрээсээр ашигладаг 15 байгууллагын нийт 4890 хагас вагон тээвэрлэлт хийж байгаа бөгөөд эдгээр вагоны 99 хувь нь экспортын нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг ачаа тээвэрлэж байна.
Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн вагонуудын 20-30 хувийг дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээврийг зохион байгуулахад оролцуулахыг уриалж байна" гэж хариулав.