Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Буянт-Ухаад инновацын төв байгуулах асуудлыг танилцуулсан талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд болон инновац, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэх асуудлаар танилцуулга хийсэн бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, инновацын төв болгон өргөжин хөгжүүлэхээр судалж шийдэх үүргийг ЗГХЭГ-ын дарга чиглэл болгосныг тэрбээр хэллээ.
Н.Учрал "Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын барилга байгууламжийг илүү үр ашигтай ажиллуулах чиглэлээр манлайлалтай ажиллах, Засгийн газраас өмнө нь төрийн захиргааны байгууллагуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, Хөшигийн хөндий рүү шат дараатай нүүлгэх тогтоол батлагдсантай холбоотойгоор бид энэ танилцуулгыг хийсэн. Өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, тогтолцооны хувьд амжилттай явж чадахгүй байсан Мэдээлэл, технологийн паркийг түшиглэн инновацын төв болгон өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Орчин үеийн, өрсөлдөх чадвартай мэдээлэл технологийн аж үйлдвэрийн салбарыг бий болгох, шинэ технологи бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гарааны компаниудад зориулсан инкубаторын цогц үйл ажиллагааг нэвтрүүлэх, оюуны өмч судалгааг эргэлтэд оруулах, эдийн засгийн эргэлтэд оруулсан эдгээр оюуны өмчүүдийг экспортлох, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлал болно.
Цаашдаа МТП-ийн үйл ажиллагааг өргөжүүлснээр хувийн хэвшил, технологийн компаниудаа үйл ажиллагаа явуулах боломжийг хангах, татварын ээлтэй орчин бүрдүүлэх, и-бизнесийн шинэ эрх зүйн орчин бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгосон виртуал оффис байгуулахыг бие даан хөгжүүлэх боломжтой гэж танилцуулга хийлээ" гэлээ.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар нь орон зайнаас үл хамаарч ажлаа явуулдаг тул заавал Улаанбаатарын төвд софтвэйр хөгжүүлж байгаа болон харилцаа холбооны бусад компани И-Монгол академи байх шаардлагагүй гэж үзэж байгааг тэрбээр нэмж хэлэв.
"Японы Мицүбүши компанитай байгуулсан концессын гэрээгээр хүлээж байгаа үүрэг маань Монгол Улс Буянт-Ухааг нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжгүй болсон"
Энэхүү шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.
Хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр бодлого гаргаж ажиллаж байгаа.
Нэгдүгээрт, олон улсын нисэх буудлын чиглэлээр ажиллаж байсан Буянт-Ухаа цогцолбор цаашдаа нисэх буудлын бүрэн зориулалтаар ажиллах боломжгүй болсон. Тодруулбал, шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбоотойгоор Японы Мицүбүши компанитай байгуулсан концессын гэрээгээр хүлээж байгаа үүргээр Монгол Улс Буянт-Ухааг нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжгүй болсон. Шаардлагатай тохиолдолд нөөц нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжтой. Нисэх буудлын ашиглалтыг аваад үзэхэд нисэх буудлыг нөөцөөр ашиглахын тулд жилд 10 тэрбум төгрөгийн урсгал зардал гаргах шаардлагатай байгаа.
Нөгөө талаар 21,000 ам.метр талбайтай цогцолборын нөөц нисэх буудалд зориулагдсан талбай нь 10 орчим мянган ам.метрээр ашиглагдах боломжтой болж байгаа. Үндсэндээ цаана нь 11,000 ам метр талбай ашиглалтгүй болох нөхцөл үүссэн тул төр үүнийг үр бүтээлтэй ашиглах ёстой. Тэр дундаа технологийн салбарыг хөгжүүлэх, стартап бизнесийг дэмжих чиглэлээр хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Энэ төвийг бий болгоод үүний хажуугаар нийгмийн дэд бүтцүүд болох сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг бий болгох чиглэлээр төр үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэв.