Тайз, дэлгэцийн олон уран бүтээлд тоглож, өөрийн авъяас чадвар, сонирхолтой, хошин, этгээд дүрүүдээрээ олны танил болсон жүжигчин Бандийн Даваажав анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр тоглолтынхоо нэрийг “Ааваа хүү нь аав болсон” гэж нэрлэсэн бөгөөд ирэх сарын 30-ны өдөр товложээ.
Бандийн Даваажав нь олон нийтэд Байлаа нэрээр танигдсан энэ цаг үеийн шилдэг жүжигчдийн нэг юм. Тэрбээр СУИС-ийг төгссөнөөсөө хойш тасралтгүй 20 орчим жил монголын урлаг тэр дундаа хошин урлаг, кино урлагт зүтгэж яваа юм.
Түүний тоглосон уран бүтээлүүдээс үзэгчид түүнийг “Рашаантын 18” УСК-нд ”Танайх нүүрс түлдэг. Манайх папришк түлдэг” гэж хэлдэгээр нь илүү сайн мэддэг. Тэр кино урлаг, хошин урлагт зүтгэхээс гадна нийтийн дууны клипэнд мөнхөлсөн олон дүртэй. Түүнчлэн өөрөө нэлээдгүй хэдэн нийтийн дуу дуулсан тал бүрийн авъяастай чадварлаг жүжигчин юм.
Байлаагийн хувьд өнгөрсөн жил “Алтангадас” одон хүртсэн. Энэ одон нь Төрөөс авч байгаа хоёр дахь шагнал юм. Тэрээр 2016 онд Архангай аймагт 13 хүнийг алтан амийг аварч Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулж байжээ.