Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины арми Оросын хилээс 50 км-ийн зайд тулж иржээ

Украины армийн сөрөг довтолгоо Оросын цэрэгт эзлэгдсэн тус улсын зүүн хязгаарт үргэлжилж байна.

Ням гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийнх нь цэргүүд Харьков мужийн Чкаловское хотод тугаа мандуулж буйг харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа нийтэлжээ.

“Аугаа Украины далбаа Чкаловскоед дахин мандлаа. Цаашдаа хаа сайгүй мандах болно. Бид Украины хот тосгон бүрээс эзлэн түрэмгийлэгчдийг хөөн гаргана” гэж тэр уг нийтлэлдээ бичсэн байна.

Ням гарагт Украины армийн командлагч, генерал Валерий Залужный есдүгээр сар гарснаас хойш цэргүүд нь 3,000 орчим хавтгай дөрвөлжин километр газар нутгийг чөлөөлөөд байгааг мэдээлжээ.

Украины цэргүүд Оросын хилээс ердөө 50 км-ийн зайд тулж ирээд байгааг тэр бас мэдэгдсэн байна.

“Харьков мужийн Купянск, Изюм дүүргийн хот суурингуудыг чөлөөлөх ажиллагаа үргэлжилж байна” гэж Украины армийн албан ёсны эх сурвалж мэдээлжээ.

Киевийн дэргэдээс Оросын цэргийг ухрааснаас хойш Украины арми хамгийн том ялалтаа байгуулаад байна. Украинд дайн эхэлснээс хойших 200 дахь өдөр тус улсын гадаад хэргийн сайд илүү их зэр зэвсэг нийлүүлэхийг Өрнөдийн холбоотнууддаа уриалжээ.

“Зэвсэг, зэвсэг, зэвсэг хавраас хойш бидний хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд байсаар ирсэн. Бидний хүсэлтийг хүлээж авсан холбоотнууддаа би талархаж байна. Дайны талбар дахь Украины амжилт бол бидний хамтын амжилт юм. Зэвсэг шуурхай нийлүүлэх тусам ялалт, энх тайван ойрхон болно” гэж Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба сошиал хуудсандаа бичсэн юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам Бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ зэвсэгт хүчнээ Харьков мужаас Донецк руу татаж, хүчээ дахин хуваарилж байгааг тайлбарлажээ.

Гэвч энэ мэдэгдлийнхээ өмнөхөн Харьковт нэмэлт хүч илгээж буй тухай мэдээлж байв. Ийм ойрхон зөрчилтэй мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна.

Оросын цэргийн судлаачид, үндсэрхэг үзэлтнүүд армийнхаа ухралтын талаар шүүмжилсэн, бухимдсан агуулгатай сэтгэгдэл бичсээр байгаа юм. Арми нь Украинд ялагдаж байхад энэ Бямба гарагт Москва хотын өдрийг тэмдэглэж, нийслэлд баяр наадам зохион байгуулж буйг тэдний зарим нь хурцаар шүүмжилжээ.

Сүүлийн өдрүүдэд Өрнөдийн удирдагчид Украины нийслэлд дараалан айлчилсаар байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен урьдчилан зарлалгүйгээр Киевт хүрэлцэн очсон юм.

Тэгвэл Бямба гарагт Германы гадаад хэргийн сайд Анналена Бэрбок гэнэтийн айлчлалаар Киев хотод очихдоо Украинд зэр зэвсэг, хүмүүнлэг, санхүүгийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэхээ батлан илэрхийлжээ.

Эх сурвалж: AFP

“Төгс” нийгэм бүтээхэд найман жил үлджээ
“Төгс” нийгэм бүтээхэд найман жил үлджээ
 
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.