Украины Херсон мужид явуулахаар төлөвлөж байсан бүх нийтийн санал хураалтаа хойшлуулахаар болсныг Оросын талаас томилсон орон нутгийн засаг захиргаа өчигдөр мэдэгджээ.
“Аюулгүй байдлын үүднээс санал хураалтыг хойшлуулахаас өөр аргагүй болж байна” гэж Оросоос томилсон засаг захиргааны дэд тэргүүн Кирилл Стремоусов тайлбарласан байна.
Тухайлбал Украины армийн ширүүн довтолгоо Херсоны гол гүүрээр нэвтрэх замыг хаасныг тэр мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Украины арми Оросын цэрэгт эзлэгдсэн өмнөд бүс нутгаа чөлөөлөх сөрөг довтолгоог эхлүүлсэн юм.
Оросын тал энэ бүс нутгийн Херсон, Запорожье мужуудад ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулахаар төлөвлөж байв.
Херсон муж бүхэлдээ, Запорожье мужийн ихэнх хэсэг одоогоор Оросын хяналтад байгаа юм. Херсон хотын Антоновский гүүр Украины армийн цохилтод өртсөний улмаас автомашин зорчих боломжгүй болсон тухай Стремоусов ярьсныг Оросын төв телевиз дамжуулсан байна.
Уг гүүр нь Оросын хувьд Днепр мөрнийг гатлан Херсон мужийн төвтэй харилцах гол зам болдог юм.
Украины засгийн газрын шадар сайд Ирина Верешчук саяхан Херсон хотын төлөө ширүүн тулаан ойрын үед болох тул тус хотоос гарч явахыг иргэдэд анхааруулж байв. Бас Оросын талын зохион байгуулсан санал хураалтад оролцвол Украины хуулиар шийтгүүлэхийг анхааруулжээ.
Оросын эрх баригчид 2014 онд Крымийн хойгт ижил санал хураалт зохион байгуулах замаар өөртөө нэгтгэж байв. Гэхдээ үүнийг нь дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй юм.
Эх сурвалж: BBC