УИХ-ын гишүүн Н.Учрал Хүний эмийн чанарын асуудлаар яаралтай арга хэмжээ авах үүднээс “Хянан шалгах Түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий 21 гишүүний хамтаар энэ оны 05 сарын 13-ний өдөр өргөн барьж байсан.
Түр хорооны хувьд Улсын Их Хурлын 2022.05.19-ний өдрийн 21 тоот тогтоолоор 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж өнөөдөр буюу 2022 оны 06 сарын 28-ний өдөр хуралдаж, Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ням-Осорын Учрал 100 хувийн саналаар сонгогджээ.
Дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь стандартын шаардлага хангаагүй талаар мэдээлсэн. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэдгийг аудитаас тогтоожээ. Нөгөө талдаа Монголын зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувь бүртгэлгүй эм эзэлж байгаа талаар судалгаа гарчээ.
Дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа эм өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмээс үйлчилгээ өөр. Энгийнээр хэлэхэд манай улсын зах зээлд худалдаалагдаж буй эм, гадны улсын зах зээлд худалдаалагдаж буй эм нэр, орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй байна. Учир нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын тогтолцоо зохистой төвшинд ажиллахгүй, олон улсад зөвшөөрөгдсөн стандартад хүрэхгүй байгаагаас болж Монгол улсад чанаргүй, хугацаа дууссан эмүүд худалдаалагдаж байгаа талаар өмнө нь дурдаж байсан.