Сүүлийн үед залилах төрлийн гэмт хэргийн гаралт өссөөр байгааг хуулийн байгууллагын тоон үзүүлэлтээс харж болно.
Тэгвэл МАН-ын нөлөө бүхий улс төрч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх нь иргэн Э-ийн 500 сая төгрөгийг нь залилан авсан хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн хэлж буйгаар залилуулсан гэх иргэн Э нь банкны маш өндөр хүү төлж, өөрийн орон сууцаа алдахад хүрээд байгаа аж. Тэрбээр Хаан банкнаас 100 сая төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авчээ. Энэ хугацаанд банкны хүүг цаг тухайд нь төлөөд явж байсан боловч сүүлийн саруудад төлөх ямар ч эдийн засгийн чадваргүй болж, Ц.Бат-Энхээс удаа дараа мөнгөө авахыг шаардсан ч тэрбээр өнөөг хүртэл хохирлыг нь барагдуулахгүй гүрийсээр байгаа гэв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч дарга Ц.Бат-Энх нь МАН-ын нөлөө бүхий хүмүүстэй ойр учраас ийнхүү хэргийн явцыг өөрийн ашиг, сонирхолд нийцүүлэн ажиллаж, өнөөдрийг хүртэл 2 жил хүлээлгэсээр байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Хохирогч иргэн Э нь өнөөдрийн нөхцөл байдалд эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа ийнхүү хохирч банкны “барьцаанд” явж байхад эрх мэдэлтэй, албан тушаалтай, намын нөлөө бүхий Эрдэнэ үйлдвэр ТӨҮГ-ын орлогч Ц.Бат-Энхэд хуулийн ямар ч заалт үйлчлэхгүй байгаа нь шударга ёсонд хэр нийцэх бол?!
Ц.Бат-Энхийн хувьд МАН-ын нарийн бичгээр ажиллаж байгаад 2020 оны хоёрдугаар сард гаднаас эх орондоо ирэхдээ Ковидын тусгаарлалтад орохыг эсэргүүцэн албан үүргээ гүйцэтгэж байсан ажилтнуудтай зүй бус харилцаж, дайрах үйлдэл үзүүлсэн тул хүч хэрэглэх арга хэмжээ авхуулж байв.
Үүнтэй холбоотойгоор түүнд МАН-аас хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлж байсан боловч тухайн оны 08 дугаар сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын орлогч даргаар томилогдсон юм.
Дашрамд дурдахад залилан мэхлэх гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 78.9 хувь нэмэгджээ. Үүнээс илрүүлэлт 37.8 хувиар өссөн судалгааг цагдаагийн байгууллагаас өгч байна. Өөрөөр хэлбэл, нийт гэмт хэргийн гаралтын 30 хувийг залилан мэхлэх гэмт хэрэг эзэлж байгаа аж. Тоон үзүүлэлтээс харахад 2021 оны 5 сараас 2022 оны 5 сар хүртэл 5523 залилангийн гэмт хэргийн гаралт өмнөх оноос 2.3 дахин өсчээ.
Эх сурвалж: Arslan.mn