Шатахуун импортлогчид өчигдрөөс АИ-95 бензиний үнийг литр тутамд 350 төгрөг, АИ-98 бензиний үнийг литр тутамд 300 төгрөгөөр нэмжээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тасралтгүй өсөж байгаа нь АИ-95, 98 авто бензиний жижиглэнгийн үнэ нэмэгдэх шалтгаан болжээ. Харин бусад төрлийн шатахууны үнэ нэмэгдээгүй байна.
Манай улс энэ оны эхний таван сарын байдлаар сард дунджаар 50 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэсэн бол үүний таван хувьтай тэнцэх хэмжээтэй АИ-95, АИ-98 шатахууныг нэг сарын хугацаанд хэрэглэжээ.
Энэ сарын 6-ны байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 74.827 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3.015 тонн, АИ-92 автобензин 27.418 тонн, АИ-95 автобензин 4.017 тонн, дизель түлш 35.517 тонн байгаа аж. Энэ нь АИ-92 автобензиний 29, АИ-95 автобензиний 55, дизель түлшний 32 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна гэж Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээллээ.