Замбараагүй газар олголтыг цэгцэлж, газрын харилцаанд төлөвлөлт, удирдлагыг зохистой хэмжээнд нь хэрэгжүүлэх нь нийслэлийн өмнө тулгараад байгаа томоохон асуудал билээ. Зэрэглэл сайтай, эрүүл, олны хэлдгээр өндөр үнэд хүрэх газрыг зарим хүмүүс хэдэн арван га-гаар нь өмчилж, эзэмшиж, наймааны хэрэгсэл, ашиг орлогын үүд хаалга болгоод удаж байгаа. Гэтэл ихэнх иргэдийн хувьд алга дарам газар ч олдохгүй, олж авч чадахгүй ядарч явна. Нийслэлд газар олголт ийм шударга бус, танил талын хүрээнд явагдаад удсан байдалд хотын дарга Д.Сумъяабазар цэг тавихыг хичээн ажиллаж байгаа нь иргэдийн нүдэн дээр илт харагдаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын зүгээс хот төлөвлөлтөд нийцээгүй, хууль зөрчиж олгосон газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгож, Нийтийн эзэмшлийн газрын хэмжээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд хууль зөрчиж олгосон газрын эрхийг хүчингүй болгох, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан хашаа, хашлагыг чөлөөлөх, нийтийн эдэлбэрийн газрыг нэмэгдүүлэх ажлуудыг эрчимтэй өрнүүллээ.
Энэ ажил шударга, хууль журмын дагуу үргэлжлэхийн хэрээр зарим нэг газрын наймаачид, түүгээр амьдрахсад улайрч, хууль хяналтын байгууллагад нөлөөлөх оролдого хийж байгааг зарим эх сурвалж мэдээлж байна. Энэ нь нийслэлийн удирдлагын гаргасан шударга шийдвэрт илэрхий сөргөөр нөлөөлж, саад бэрхшээл тулгарч мэдэх нь.
Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын зүгээс нэгэн чухал шийдвэр гаргасан. Тэр нь юу гэхээр 2021 оны наймдугаар сард хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд нийцээгүй, түүнчлэн нийтийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар олгосон Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо буюу хүмүүсийн мэдэхээр Яармагийн морин тойруулга орчмын нутаг дэвсгэрт газар эзэмшсэн нэр бүхий иргэдийн газрын эрхийг хүчингүй болгосон ажээ. Улмаар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн тогтоолоор дээрх газрыг Нийтийн эдэлбэрийн газарт хамааруулахаар шийдвэрлэсэн нь олны талархалыг хүлээсэн юм. Яармаг руу нийслэлийн хөгжил тэлсэн өнөө үед ногоон байгууламж байгуулах, улмаар оршин суугчид чөлөөтэй ашиглах нийтийн эдэлбэр газар нэгээр нэмэгдсэнд иргэд сэтгэл ханамжтай, нийслэлийн удирдлагуудыг энэ ажлаа улам эрчимжүүлээсэй гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа.
Дээрх газрын эрх нь хүчингүй болсон иргэдийн дотор МУГЖ дуучин Т.Баясгалан, Авлигатай тэмцэх газраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгагдаж байсан УЕП-ын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор асан П.Эрдэнэбат болон түүний ах дүүс гэхчлэн хүмүүс байгаа нь нийгэмд ил тодорхой болсон. Жирийн иргэдэд алга дарам газар авах нь өдрийн бодол, шөнийн зүүд болж байхад нэр хүндтэй дуучин болон төрийн жинхэнэ алба хашиж байсан нөхөр, тэдний гэр бүлд нийслэлээс газар авах нь нүд ирмэхийн зуурт асуудал байсан бололтой. Тэд олз ашиг болон харагдаж байгаа газар бүрийг хамж авдаг байжээ. Хамгийн гол нь эдгээр иргэд олон жил газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй юм байна. Газрын тухай хуульд газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол газрын эрхийг хүчингүй болгох заалттай. Энэ хуулийн зүйл заалт хүн бүрт ялгаваргүйгээр, эрх тэгш үйлчлэх ёстой. Хуулийн энэ хэрэгжилтийг Нийслэлийн удирдлагууд биелүүлжээ.
Газрын эрх нь хүчингүй болсон нөхдүүд Монгол Улсын Эрүүгийн хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтын газрын тухай хуулийн ямар зүйл заалт зөрчсөн судалгааг БОАЖ-ын яамнаас гаргасан байна лээ. Тэд Эрүүгийн хуулийн 22,1 эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, 22,4 хахууль, 22,5 хахууль өгөх, 18,6 мөнгө угаах хэргүүдийг ил далд байдлаар хийснийг хуулийн байгууллага тогтоожээ. Тухайлбал, олны анхааралд байгаа Кёкүшюүзан Д.Батбаярын эхнэр Т.Баясгалан нь “Өлзийт голын эх”, “Трай Колорс” ХХК-ийн нэр дээр “Ахмадын сувилал” барина хэмээн төсөл танилцуулж хууран Арцатын аманд 5 га газар авчээ. Түүн дээрээ “Арцат вилла”, “Арцат аппартмент” орон сууцны барилгууд барьсан байна. Улмаар үргэлжүүлэн тэр хавийн газруудыг “Ахмадын сувилал” барина гэж хуурсан шиг аялал жуулчлал мэтийн хуурамч гоё төсөл нэрээр авч эзэмших, ашиг олох хэрэгсэл болгохоор зорьж байсан нь ийнхүү таслан зогсоогджээ.
Гэвч нөхдүүд Нийслэлийн удирдлагын дээрх шийдвэрүүдийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нийтийн эрх ашиг, хууль бус хувийн эрх ашиг хоёрын аль нь хамгаалагдахыг нийслэлчүүд харах үлдлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын баг, тэдний командын зүгээс хууль бус газар олголт, ер нь нийслэл дэх шударга бус газрын маргааны эсрэг хуулийн хүрээнд тэмцэж эхэлсэн нь цөөнгүй эрх мэдэлтэн, хөрөнгө чинээтэй хүмүүсийн “юм”-ыг хөдөлгөсөн нь тодорхой. Нийслэлийн удирдлагуудын энэ их хичээл зүтгэл хууль хяналтын түвшиндээ, хэн нэг эрх мэдэлтэн, олны танил, хууль бусаар хөрөнгөжсөн нөхдүүдийн нөлөөгөөр талаар болчих вий дээ гэж санаа зовох нийслэлчүүд олон байна. Нийслэлийн удирдлагуудыг нэг өглөө босоод ирэхэд нь Нийтийн эзэмшилд авсан газрууд нь буцаад муу аргатай нөхдүүдийн гарт орчихсон, Шүүхийн шийдвэр тэдний талд гарчихсан байхыг үгүйсгэх арга алга.