Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөө удган зайрангууд уулзсан тухай мэдээлэл цахимаар явсан. Тэр тухай Аргалдай улаач гээч “Монголын бөөгийн түүхэнд түүхэн үйл явдал тохиолоо,тэнгэр шүтлэгтэй бүх хүмүүсийг төрийн тэргүүн хүлээж авлаа” гэж бичсэн байсан. Ерөнхийлөгч тэдэнтэй яг уулзсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ цахимаар цацагдсан зураг хөрөг бүхий уг мэдээллийг үгүйсгэж сүйд болоогүй. Мөн өмнө нь лам хуврагуудын төлөөлөлтэй уулзсан гэх яриа бас бий. Төр нь шашнаа хүндэтгэх ёстой гэдэг хэдий ч бөө удган улаач гэх нөхдийг төрийн дээд хэмжээнд хүлээн авч хүндэтгэнэ гэдэг Монголын төр мухар сүсгийн балчигт живж байгаагийн илрэл. Ер нь сүүлийн үед монголчууд бид мухар сүсгийн балайралд арай хэтэрхий автсан. Үүнийг төр засгийг удирдаж байгаа дээдсүүд бүр их дөгөөж ард түмнээ улам мунхруулах зам руу нь оруулах болсон. Тухайлбал, Монгол төрийг удирдаж ирсэн Ерөнхийлөгч нар Багабанди, Энхбаяр...өөр хэн байна, ер нь бүгд орно. Ард олонд өөрийн биеэр үлгэрлэж хуучны хутагт хувилгаадын үеийн феодалууд шиг хувцаслан сүм хийдэд мөргөөд, уул овоо тахиад, ёстой нөгөө улаан шарыг намируулан хавтгайрсан үзээрийн муухай юм болдог байсан.
Засаг төрийг удирдагчдын энэ мунхралыг дуурайгаад ард түмэн нийтээрээ мухар сүсэгтэй, харанхуй бүдүүлэг болж байна. Аливааг эрүүл саруул ухаанаар, хамгийн гол нь шинжлэх ухааны үүднээс харж сэтгэхээ больсон нь харамсалтай. Монголын нийгмийг, иргэд олныг ингэж тэнэг бүдүүлэг, боловсролгүй мухар сүсэгтэн байлгах нь дарга сайдуудад хэрэг болдог шиг байгаа юм. Үндсэндээ улс орныг удирдахад их амар байдаг бололтой. Олон түмэнд онцгой үеийг нь харж мэдэрч байгаад сүсэг бишрэлийн ёстой голыг нь гогдсон ганц үг хэлэхэд бүгд амаа таглуулаад наманчилж мөргөөд унана. Сүүлийн үед манайхны цахим хэрэглээ замбараагаа алдсан. Үүн дээр мухар сүсгийн балайрал хэрээс хэтэрсэн. Ганцхан жишээ хэлэхэд, 33-ны мөчлөг нь орж байгаа хүн ээж дээрээ очиж чармай нүцгэнээр өлгийдүүлж, ээжийнхээ мөөмийг хөхвөл сайн гээд хэн ч юм, бодоход нэг лам нь айлдчихаж. Үүнийг бараг 33 хүрч буй толгойтой бүхэн хэрэгжүүлж, сахалтай хар юмнууд, айлын авгай болсон хүүхнүүд ээжийнхээ мөөмийг хөхөөд нүцгэн шалдан хэвтэж байгаа бөөлжис хүрмээр зураг баахан явлаа. Энэ мэт бараг өдөр бүр шинжлэх ухааныг үгүйсгэсэн, өнөө бурхнаар бөөлждөг хүүхэн гэдэг шиг монголчуудын тэнэгэрч гүйцсэн бичлэг, постууд фэйсбүүкээр шуурч байгаа нь гунигтай.
Төрийнхөө тэргүүнээс аваад сайд дарга сэтэртэй бүхэн нь нэг нэг даасан лам, бөөтэй. Тэдгээр лам багш нар нь Төвөд, Балбад байдаг. Тийшээ байнга явж өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ эрүүл мэнд амь насыг даатгадаг. Хэдэн зуун саяар нь мөнгө төгрөг, алт эрдэнэс байгаа бүхнээ барьдаг. Эгэл жирийн ардууд нь Сар шинийн өдрүүдэд Хийморийн овооноос аваад Шилийн Богд, Бурхан Халдун хүртэл явж мөн л өөрийгөө болоод гэр бүл, аав, ээжийнхээ амь насыг даатган шинжлэх ухаанд бус сүсэг бишрэлдээ итгэл үнэмшлэлээ өгөхөөр энэ улс орон чинь яаж хөгжих юм бэ. Ажил хийхгүй, зүгээр л лам, бөө, удганы хэлснээр “Нэг л өдөр баяжина” гээд тэнгэр хараад хэвтээд байхаар ард түмний амьдрал яаж өөдлөн дэвжих юм бэ. Монголчуудын энэ мунхрал өөрсдийг нь яг Төвөд шиг болгож байна. Төвөдүүд хаа холоос ууландаа мөргөж, бурхан шашиндаа залбирч мөлхөж мөлхөөгөөрөө очдог айхавтар сүсэг бишрэлтэй хүмүүс. Гэтэл өнөөдөр төвөдүүдийн амьдрал, бурхан шүтээнийг дээдэлсэн балбуудын амьдрал ямар байгаа билээ. Үгээгүй ядуу гуйлгачин, мунхрал хоосролын туйл болж зовлон зүдгүүртэй, хэцүү хахир амьдарч байгаа. Манай дарга нарын өргөл барьцаа бариад залбирсаар очдог Балбын төв талбайд иргэд нь өлбөрөөд хэвтэж байгаа, үхэхийг нь хүлээгээд нохой тойроод сууж байгааг харсан хүмүүс сэжиглэн ярьцгаадаг. “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж Марксын хэлсэн үг бий. Зарим нь Маркс яг ч хар тамхи гэж хэлээгүй гэдэг. Хар тамхи шиг нөлөөлж байна гэсэн гэдэг. Ямартаа ч шашин ард түмнийг мунхруулж байгаа нь үнэн. Шашин дотроо мухар сүсэг бүр тэнэгрэл балайрлын туйл болгосон. “Шашин бол мухар сүсэг биш. Мухар сүсгээр шашныг хөгжүүлэхгүй” гэж Далай лам хэлдэг. Сүүлд Монголд ирээд буцахдаа ч хэлж байсан. Тэрээр “Шашин шинжлэх ухаан нэгддэг тал бас бий. Хэрэвзээ зөрчилдөх тохиолдолд шинжлэх ухааныг нь дагах нь зөв” гэж айлдсан.
Энэ олон шашин, мухар сүсэг, лам, бөө, авралын бурхан бид нарын бодож байсан шиг ид шидтэй хүний амь биеийг аварч хамгаалдаг зүйл огтоос биш гэдгийг ковидын цар тахал хүн төрөлхтөнд бататгаж харууллаа. Шинжлэх ухаан л цар тахлаас биднийг аварч байна. Түүнээс бурханы шашин, христ, лал гээд энэ олон шашин, за тэгээд бөө, удган хэдэн зуун саяараа байлаа ч нэг хүний амь аварсангүй. Бурхан шашин сүсэг бишрэлийн орон төвөд, балбууд ямар байгааг дээр өгүүлсэн.
Тэгвэл лалын шашны гол орон Сири, Ливи ямар байгаа билээ. Дайны талбар, ард түмэн нь дүрвэж зугтсан энэ дэлхийн хамгийн аймшигт аллага, хядлагын үүр уурхай, тамын орон болсон. Энэ бүхэн эцэстээ ямар ч шашин сүсэг бишрэл улс орныг авардаггүй гэдгийн нотолгоо болж байна. Гагцхүү шинжлэх ухаан, эрүүл оюун ухаан улс орны хөгжил дэвшлийн үндэс суурь шүү гэдэг тодорхой харагдаж байна. Монголчууд бид шинжлэх ухааныг дээдэлж, шинэ сэтгэлгээ, өндөр боловсролыг дээдэлж гэмээнэ хөгжиж дэвшинэ. Түүнээс дунд сургуулийн боловсрол эзэмшээгүй, физик математикийн шинжлэх ухааны А ч үгүй лам дээлтэй хүүд итгэж амьдрал, хувь заяагаа даатгана гэдэг арай дэндсэн асуудал. Бөө, удганы тухайд юу ярихав дээ, үнэндээ.
“Таныг хүн уурлуулж болно, тэр бол тухайн хүний асуудал. Харин уурлах эсэх нь таны өөрийн хэрэг. Энэ утгаараа шашин бол хүний сэтгэл засах зүйл” гэж шашны сүүлийн үеийн залуу зүтгэлтнүүд хэлж буй нь өөр сонсогдох болсон. Аливаа зүйлийг хорьж цагдах тусам хүн илүү дурладаг. Түүн шиг хуучин нийгмийн үед хориотой байсан шашин ерээд оны эхээр дэлгэрч зах замбараагаа алдсан. Монгол Улс сүүлийн 30 гаруй жил яагаад хөгжиж дэвшихгүй, бид ядуу гуйлгачин байгааг судлаачид мухар сүсэг шашинтай холбодог. Улс орны үнэт капитал мөнгө, алт эрдэнэс бүгдийг Балба Төвөд рүү төрийн удирдаж байгаа нөхдүүд зогсоо зайгүй зөөчихөөр бид юугаар бүтээн байгуулалт хийх юм бэ гэсэн асуулт тавигддаг. “Буддагийн сургаал номлолыг шашинжуулах бусармаг үйл 2500 орчим жил үргэлжилжээ. Эцэс сүүлдээ мухар сүсгийг төөрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл барьц авах залилан, луйвар болж төрөл арилжсан”-ыг Д.Чулуунжав доктор бичсэн. “Хүн оюун санааны эрсдэл буюу оюуны ядууралд өртөхөөр мухар сүсэгт автдаг. Мухар сүсэг шашинтай холбогдоод ирэхээр хүмүүс бурхан гэх хий хоосон зүйлд итгэдэг. Тэгээд амьдралдаа тулгарах олон саад бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бөө лам үзмэрчид ханддаг. Нийгэм соён гэгээрч, мэдлэгжих, шинжлэх ухаанжих тусам мухар сүсэг аяндаа хумигдана” гэж философийн ухааны доктор Б.Галиндэв хэлсэн.
Өнөөдөр ялангуяа залуучуудын ихэнх нь мухар сүсэгт итгэж байгаа нь эмгэнэл. Хийхээр зорьж буй ажлаа лам, бөөгөөс асуудаг, цээрээ гаргуулна гэдэг. Зүг мөр гаргах, үхсэн хүнээс айх, хурим, оршуулгатай таарвал сайн муу гэж бодох, хүний идээ ундаанаас цэрвэхээс аваад алхам тутамдаа сүсэг бишрэл. Ийм зориггүй мохоо, өөртөө итгэлгүй, мухар сүсэгт автсан залуу үе гарч ирж, бүтээн байгуулалт, техник технологи, хиймэл оюун ухаан, одон орон, сансар судлал, гео физик гэхээсээ илүү уул овоондоо архи, сүү өргөхийг чухалчилдаг, сүрэг сүргээрээ Бурхан халдун, Шилийн богдын орой дээр гараад үхэр шиг мөөрөлдөөд байхаар улс орон яаж урагшлах вэ. Монголын залуучуудын нүүр толь болсон Залуучуудын холбооны удирдлагууд бүгд үсээ ургуулж, монгол дээл хувцас өмсч, холбооны ерөнхийлөгч нь бараг л бөө удгануудаар зөвлөхөө хийлгэж байсан удаатай. Дэлхий сөнөнө гэдэгт итгээд лагер руугаа лаатай явсан учрал Учрал гэж залуу УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод сууж байгааг юу гэх үү. Монголчууд минь Балба, Төвөд шиг болох гээгүй юм бол одоо мухар сүсгийн балчиг намагнаасаа салмаар байна. Сүсэг бишрэлтэй холбоотой бүх зүйлийг тас хориглох хэрэгтэй байна. Улс орныг удирдаж байгаа сайд дарга нар үүнд онцгой анхаарах цаг нь болсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч та улс үндэстний хэмжээнд бодлого боловсруулж ард түмэндээ уриалга гаргамаар байна. Шашин шүтэх эс шүтэх нь тухайн хүний асуудал мөн ч мухар сүсгийн балайрлаас бид ангижрах хэрэгтэй байна.
Эцэстээ төр түмэнтэйгээ мунхарч гүйцлээ. Хэдэн жилийн өмнө Боловсролын сайд байсан хүн Дорноговь аймгийг удирдаж байхдаа сумдынхаа удирдлагуудыг цуглуулж, хөдөө хээр ууланд хонины ноос зулж дэвсээд, гал түлж түүн дээгүүр дарга нараа харайлган барцадыг нь арилгасан гэх ичиж үхмээр юм дуулдаж байсан. Мөн манай батлан хамгаалах салбар, хууль хүчнийхэн цэргийн гэгээнтэн гэх ламыг дээдэлж шүтэж байгаа бичлэг цахимаар явж, Нямаагийн Энхболд БХЯ-ны сайдын хувьд “яасан ийсэн гэгээнтэн гараад ирэв ээ, тийм юм байх ёсгүй” гэж олны дэвэргээнийг дарж байсан. Энэ бүхнээ одоо больё. Хүн төрөлхтний шившиг болж гүйцлээ. Дэлхий даяар аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлж, робот хиймэл оюун ухаан ярьж байхад бид XIII зуун шигээ харанхуй бүдүүлэг байж болохгүй. Уйгаржин монгол бичиг ч мухар сүсгийн нэг том хэлбэр.
Дэлхийн шинжлэх ухаанаас монголчуудыг тасалж хөмөрсөн тогоон дотор нь байлгах бодлого. Төрийн гурван өндөрлөг үүнд анхаарах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль” гэж яригдаж байсан. Тэрхүү хуулиа эргэн харж түүнээ хэрэгжүүлж улс орноороо мөрдөх цаг нь болжээ. Төр засгийн хэмжээнд ингэж реформ хийхгүй бол монголчууд бид дэлхийн хамгийн бөглүү хоцрогдсон бүдүүлэг ард түмэн болж гүйцэх нь. Хоёр талд хоёр их гүрэн ч байдаг юм байгаа. Гуравдагч ертөнцөөс улам ч таслагдаад байдаг болсныг хэлэх үү. Санаатай болон санамсаргүйгээр монголчуудыг улам л өнгөрсөн баларсан түүх рүү нь түлхэж хуучны юм гэсэн болгоныг дөгөөдөж байдаг бүлэг давхарга ч бий болсон юм байгаа. Түүнийгээ түгээдэг мэдээллийн платформ нь ч бэлэн болсон юм байгаа. Хэдүүлээ жаахан хэрсүү ухаантай байх цаг болжээ. Алийн болгон нүдээ боолгосон нялх гөлөг шиг байхав дээ.
Норовын Гантулга
Эх сурвалж: Өдрийн сонин