МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зориод байгаа билээ.
Тамирчдын бэлтгэл сургуулилт ОХУ-д хангагдаж байгаа бөгөөд Э.Цэндбаатар олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан “20-нд тулаанаа хийх ёстой байсан боловч тулаан хоёр өдрөөр хойшилж энэ сарын 22-ний өдөр товлогдсон. Г.Баярхүү бид хоёр яг одоо бэлтгэлээ хийцгээж байна. Миний хувьд 59кг-д жингээ үзүүлэн өрсөлдөнө. Одоогоор 4кг илүү 63кг орчим байна. Энэ удаагийн өрсөлдөгч маань ОХУ-ын тамирчин байгаа. Г.Баярхүүгийн хувьд 66кг-д жингээ үзүүлээд тоглоно. Бас миний тоглолт тухайн өдөр “Юнивишн, Скаймедиа”-гаар цацагдана, фэйсбүүкээр лаяв хийхгүй байхыг та бүхнээсээ хүсэж байна. 22-ны тулаанаар уулзацгаая.” гэлээ.
Уг тулаан Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. Э.Цэндбаатар өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны азийн залуучуудын аваргийн бүсийг авч байсан юм.
Харин өнгөрсөн оны 12 сард 2 дахь тулаанаа амжилттай хийж мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа билээ.
Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2 дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.