Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэбат: Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ирээдүйд үр ашгийг нь яаж хүртэх нь маш тодорхой байх ёстой

Тэтгэврийн даатгалын тогтолцоог хэрхэн шинэчлэх вэ, ирээдүйд тэтгэвэр тогтоолгоход ажилтан болон иргэний хувьд хууль эрх зүйн хамгаалалтыг хэрхэн хийх нь нийгмийн анхаарлын төвд байгаа. Эл хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж буй Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Тэтгэврийн даатгалын тогтолцоог хэрхэн шинэчлэхээр байна вэ. Дөрвөн багц хууль өргөн баригдчихсан байгаа шүү дээ?

-Нийгмийн даатгалын багц хууль бол хүмүүсийн өдөр тутмын ажил, амьдралтай холбоотой. Нөгөөтээгүүр хүмүүсийн ирээдүйн нийгмийн баталгаа. Эрсдэл тохиолдсон үед суурь баталгаа болдгийн хувьд хамгийн чухал хууль. Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийг хийх тухай олон жил ярьсан. Нийгэм, эдийн засгийн суурь... Үндсэн хуулиар олгогдсон иргэд тэтгэвэр, тэтгэмж авах, амьжиргаагаа залгуулах наад захын хэрэгцээгээ хангуулах заалтыг хэрэгжүүлдэг гол хууль.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг хуульд, нийт иргэд гишүүдийн зүгээс олон жил тавьж буй хэд хэдэн зарчмын асуудлыг тусгуулахаар ажиллаж байна. Нийгмийн даатгал, тэр тусмаа тэтгэврийн даатгалын тогтолцооноос харахад манай улсын нийт тэтгэвэр авагчдын 80 хувь нь 350 мянга орчим төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош хэмжээний тэтгэвэр авч, амьдралаа залгуулдаг. Энэ тогтолцоо нийгмийн хамгаалал, даатгал болж чадахгүй байна. Нөгөөтээгүүр олон жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байгаа иргэдийн олонх нь даатгалдаа хүрэх магадлал нь бага байгааг бид бүгд л мэднэ. Би хоёрхон жишээ татъя.
Үндэсний статистикийн газраас гаргасан хүн ам зүйн судалгаанаас харахад, хоёр эрэгтэй тутмын нэг нь 16-59 насандаа буюу яг нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмжээ авах насандаа нас бардаг. Энэ бол дэлхийн бусад улстай харьцуулахад маш өндөр эрсдэлтэй тоо. Харин дөрвөн эмэгтэй тутмын нэг нь 16-54 насандаа нас бардаг.<mark></mark></span>Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтоолгох насандаа хүрэлгүй нас бардаг гэсэн үг шүү дээ. Хэдийгээр тэтгэврийн нас сонголттойгоор уртсаж байгаа ч эргээд Нийгмийн даатгалын сангаас эрчүүдийн маань хоёр хүн тутмын нэг нь авна гэдэг чинь нөгөө нь авч чадахгүй гэсэн статистик тоо гардаг. Товчхон хэлэхэд, тодорхой хэмжээгээр өвлүүлэх, нийгмийн баталгаа нь болж чадах асуудал сөхөгдөж байгаа юм.
-Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч чадахгүй нас барж байгаа тохиолдлын олонх нь эрчүүд байдаг юм байна. Энэ нь эргээд үлдэж буй ар гэрт нь эдийн засгийн хүндрэлд орох эрсдэлийг үүсгэдэг байж таарна. Энэ талаар судалж үзсэн үү?

-Үнэн, үлдэж буй ар гэр, үр хүүхэд нь шууд өрхийн ядууралд орох эрсдэлийг үүсгэдэг. Тэгээд ч Нийгмийн даатгалын мөнгө бол төрийн мөнгө биш, хэн нэгний мөнгө биш. Цэвэр ажилчдын ирээдүйдээ хуримтлуулж байгаа мөнгө. Тиймээс нийгмийн даатгалын тогтолцоог 1990 оноос хойш буюу зах зээлийн шударга тогтолцоонд орж чадаагүй тогтолцоо гэж хэлж болно.

Нийгмийн даатгалын шинэчлэлийн багц хуулиар олон давхаргат тогтолцоонд шилжүүлэхийг зорьж байгаа. Энэ бол зөв. Залуу насандаа өндөр орлого олж байгаа нь заавал дөрвөн сая төгрөгөөс тооцолгүйгээр илүү өндөр шимтгэлийг сайн дураар төлөх эрхийг нь нээж өгье. Хамгийн чухал нь нийтлэг улсын албан журмын нийгмийн даатгалын үр өгөөжийг даатгуулагчдад ээлтэй болгож байж л шинэчлэл болно. Түүнээс биш өнөөдөр байгаа нөхцөлдөө тааруулж, тэтгэврийн даатгалын сан хүрэхгүй, дампуурах нь, ачаалал нь өндөр байна гэж болохгүй. Сая нэг хэсэг нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх гэж үзлээ шүү дээ. Түүнчлэн тэтгэврийн насыг, тооцох аргачлалыг нь хүртэл уртасгаад байдаг. Дандаа даатгуулагчдадаа үр өгөөжгүй, тэтгэврийг нь бага тогтоох, Нийгмийн даатгалын сангаасаа эргүүлж олгохгүй байх чиглэлтэй хуультай байсан. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн маань хүсэн хүлээж буй гол хүлээлт эл асуудлыг цэгцэлж, даатгуулагчдадаа ээлтэй болгох явдал.
- Яаж даатгуулагчдадаа ээлтэй болгох вэ. Олон давхаргат тогтолцоо хоорондын уялдаа холбоог хангах асуудал дээр МҮЭ ямар оролцоотой байна вэ?

Үйлдвэрчний эвлэл бол гишүүнчлэлтэй байгууллага. Тэр утгаараа одоо байгаа ахмадуудынхаа тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага байна. Ахмадуудын маань олонх нь ядуу байна.
- Нэмэх ямар гарц байна вэ?

-Нэгдүгээрт, одоо нийгмийн даатгал төлж буй хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг хувийг нь өсгөхгүй байдлаар, цалин хөлс орлогыг нь нэмбэл нөгөө талдаа нэг сумаар хоёр туулай буюу буудах буюу нийгмийн даатгалд төлж буй шимтгэл нэмэгдэж, хуримтлал өснө. Манайхан бага цалинтай учраас хуримтлал бага байгаа юм. Тэр утгаараа хуримтлалын мөнгө нь одоогийн ахмадуудад хүрэлцэхгүй буюу тэтгэврийг сайн нэмж чадахгүй байгаа юм. Товчхондоо монголчуудын цалин хөлс, орлогыг нэмэх шаардлагатай байна. Нөгөө талд нь ахмадуудын тэтгэврийг нэмэх шаардлага ч бас бий. Гавьяаны амралтад гарсан хүмүүсийн 80 хувь нь 350 мянган төгрөгөөр өдөр хоногийг аргацаагаад сууж байна гэдэг бидний сонгосон тогтолцоо, загвар буруу байгааг харуулж байгаа хэрэг. Мөн Баялгийн нэгдсэн сан байгуулах асуудлыг ярьж байгаа

.-Тодруулбал?
Энэ сангаас одоогийн ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх, одоо ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүст, Монгол Улсын иргэн болсных нь хувьд хишиг хувь хүртээхийн тулд тэтгэврийн даатгалд нь мөнгө нэмж, санхүүжилт олгох нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай. 30-40 жил шимтгэл төлсөн иргэн тэтгэврээ тогтоолгоход хуучин таван жилийн дунджаар тогтоодог байсан бол одоо долоон жил болгочихсон. Энд хуулийн цоорхой байсан. Тэтгэврийн шимтгэлээ маш багаар, эсвэл нөхөн төлж байгаад сүүлийн таван жилд маш өндөр дөрвөн сая төгрөгөөр төлөөд тэтгэврээ тогтоолгохдоо бараг хоёр сая төгрөгөөр тогтоолгох жишээний.
Гэтэл шударгаар 30, 40 жил төлсөн хүмүүс нь 300-400 мянган төгрөгөөр тогтоолгодог. Энийг хаахын тулд дундаж хугацааг долоон жил болгосон. Энэ шийдвэр хүмүүсийг асар их бухимдуулдаг. Долоон жил их хугацаа. Тасралтгүй долоон жил шүү. Тэр дунд хүн ажилгүй нэг сар, жил ч байж болно шүү дээ. Манай Монгол Улс ажлын байраар бүрэн хангаж чадаж байна уу, хүнд янз бүрийн эрсдэл тохиолдож байна. Ковидын нөхцөл байдал бүр бараан сүүдэр дагуулах нь тодорхой. Хүмүүсийн цалин хөлсийг 60-70 хувиар тооцуулж авч байна. Мөн өвдөх тохиолдол ч бий. Хуучин социализмын үед хүн дунджаар 3-4 ажил сольдог байсан бол одоо 4-6 гэхчлэн улам бүр өсөөд байгаа. Маш олон ажил сольдог, тэр хооронд хүний нийгмийн даатгалын төлөлт тасардаг. Долоон жилийн дотор эрсдэл гарах магадлал маш өндөр. Тиймээс дундаж хугацааг нэмэхгүйгээр асуудлыг шийдэхээр зорьж байна.

-Хуулийн цоорхойг нөхөх ямар арга байна вэ?

-Маш олон арга бий. Толгойгоо ажиллуулах хэрэгтэй, илүү шударга систем ажиллуулах хэрэгтэй байна. Хэн ч харсан энэ шударга шүү гэхээр... Энэ бол манай МҮЭ-ийн байр суурь. Хувийн бүрэн өвлөж болох тэтгэврийн даатгалын тухайд МҮЭ-ийн байр суурь бол үндсэн одоо төлж буй Нийгмийн даатгалынхаа сангаас өвлүүлдэг болох ёстой. 100 хувь биш юм аа гэхэд аажмаар боломжийнхоо хэрээр энэ чиг рүү явах ёстой. Тэр хэрээр хүмүүс шимтгэл төлөхийг хүснэ. Хувийн тэтгэврийн даатгалыг сайн дураар хийх нь зөв байх.
Олон улсын туршлагаас харахад, маш олон тэтгэврийн сангийн компаниуд гарч ирээд их хэмжээний хуримтлал үүсгээд хөрөнгө оруулалтын сангуудад хийгээд, өнөөх нь дампуурсан жишээ олон бий. Тиймээс олон нийтийн хяналт, хараат бус гишүүн, засаглалын асуудлаа бодитоор харж шийдэх ёстой. Товчхондоо төр, хувь хосолсон байдлаар хийх нь зөв байх. Өнөөдөр гэхэд л даатгалын мөнгө авчихаад дампуурсан, өнөөдрийг хүртэл олж авч чадаагүй л байж байна. Тиймээс хяналт, засаглалын оролцоо байж гэмээнэ цаашаа явна.
- Хуулийн төсөлд даатгуулагчийн эрх ашгийг илүү сайн хангасан зүйл заалтыг хийчихвэл ирээдүй илүү баталгаатай болно гэсэн үг үү?

-Өнөөдрийн параметрүүдээс шалтгаална л даа. Бодит байдалдаа тааруулаад хуулиа баталчихвал энэ хэвээрээ л үргэлжилнэ. 10, 20, 30 жилийн дараа та бид өнөө л 350 мянган төгрөгийн тэтгэвэр авсан хэвээрээ байх болно. Тэгэхээр нэгдүгээрт, монголчуудын дундаж цалин хөлсийг өсгөнө. Тэр хэрээр тэтгэврийн даатгалын сангийн хуримтлал нэмэгдэнэ. Нийгмийн даатгалд хамрагддаггүй мөртлөө авах болохоороо бүгд авдаг. Манай улстөрчид, Нийгмийн даатгалын санг маш их алдагдалтай гэж яриад байгаа. Алдагдалтай болох юмаа өөрсдөө хийсэн шүү дээ. 10 жилийг 70-хан мянган төгрөгөөр нөхөн тооцдог болгосон. Түүгээр зогсохгүй янз бүрийн салбарын хуулиудыг оруулж ирээд 80 хувиар нь тооцно.
Энгийн хүн 45 хувиар л тооцуулдаг. Бусдаас илүү давуу эрх олгож, улс төрийн оноо цуглуулах гэдэг юм уу, хүмүүст таалагдах гэдэг юм уу... Цаг зуурынхаа юмыг хийсээр байгаад сан болохоо болиод ирэнгүүт шударгаар төлж байгаа хүмүүсийнхээ шимтгэлийг нэмнэ гэдэг. МҮЭ-ийн байгууллага эсэргүүцэж байж нэмүүлсэнгүй. Бид, нийгмийн даатгалын суурь хуулиудыг хүнд ээлтэй, үр өгөөжтэй болгох ёстой. Хэлэлцэгдэж буй шинэчилсэн хуулийн төслийг харахад, тогтолцоо, олон давхаргат гээд сонголт өгч байна. Гэхдээ асуудлыг ул суурьтай судалж байж л хуулиа батлах ёстой. Ойрын 30-100 жилд хэрэгжих ёстой хууль учраас маш няхуур, нямбай тооцоололтой хандах ёстой.
Гол цөм нь хөдөлмөр хийж байгаа хүн маань, яаж ч бодсон надад ашигтай юм байна, үнэхээр сайжирсан хууль байна гэж хүлээн зөвшөөрөхүйц байх ёстой. Ний нуугүй хэлэхэд, яг одоо хэлэлцэгдэж буй төслөөр реформын чанартай, долоон жилийг нь таван жил болгоё, хуулийн цоорхойг хаая ч гэдэг юм уу тийм зүйл харагдахгүй байгаа. Манай байгууллагын зүгээс хамгийн сайн хувилбарыг гэхдээ даатгуулагчдаа сайн хувилбарыг дэмжинэ. Түүнээс биш өнөөдрийн төсөв, нийгмийн даатгалын сангийн хуримтлалаас хамаарсан шийдвэрийг дэмжихгүй.
-Нийгмийн даатгалын сан жилд хэдий хэрийн хуримтлалтай болдог юм бэ?

-2.2 их наяд төгрөг. Улсын төсвийн 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгө. Гэхдээ энэ бол улсын мөнгө биш, даатгуулагчдын мөнгө. Улсын төсвөөс төлөөд байгаа, алдагдалтай гэж яриад байгаа зүйлээ манай УИХын гишүүд, улстөрчид маш сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Алдагдалд орсон гээд байгаа шалтгаан нь төр өөрөө тэтгэврийг нь дааж байгаа цэрэг, цагдаагийнхныхаа шимтгэлийг л төсвөөс төвлөрүүлдгээ хэлээд байгаа юм. Нэгэнт дааж байгаа юм бол төр өгөх ёстой. Өгөх ёстойгоо өгчихөөд төрөөс өгөөд байна гэж яриад байх хэрэггүй. Үнэхээр өгөх сонирхолгүй бол даахаа л больчих.

Цэрэг, цагдаагийнхан бусадтай адил цалингаасаа шимтгэл төлөөд л явна биз. Шимтгэлээ төлсөн даатгуулагчдын мөнгөн хуримтлалаас шимтгэл төлдөггүй нэг нөхөр гэнэт орж ирээд, би энэ тогооноос чинь илүү авмаар байна гэх шударга бус систем цаашаа хол явахгүй. Дээрээс нь шимтгэл төлөгчийн дундаж цалингийн дор хаяж 50 хувиас багагүй хувиар тэтгэвэр тогтоох шаардлага байна. Тэгж байж амьдралын наад захын хэрэгцээ хангагдана. Ахин хэлье. Тэтгэврийн даатгалын хуульд хөнгөн хуумгай хандаж болохгүй.

Уг хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлая гээд байгаа. Яаралтай батлах хууль мөн үү гэвэл мөн. Гэхдээ олон талаас нь харах ёстой. Япон гэхэд энэ шилжилтэд 25 жилийн өмнө орсон байдаг. Жишээ нь сая төгрөгийн цалинтай хүн, цалингаа жилд гурван хувиар өснө гэж бодоод 30 жил орчим нийгмийн даатгалын шимтгэл төллөө гэж бодоход тухайн хүний нэрийн дансанд тэрбум орчим төгрөг хуримтлагдана. Тэр хүн тэтгэврийн насанд хүрэлгүй нас барчихлаа гэж бодоход харамсалтай байгаа биз. Гэтэл тэр хүний ард үлдэж буй гэр бүл, үр хүүхэд нь байна. Амьдралдаа хүрсэн хүрээгүй янз бүр л байдаг.

Яг ийм сэдлийг нь бий болгоод өг. Хүн сэдлийг нь бий болгоод өгөхөөр шимтгэлээ төлнө, сонирхолтой болно. Бүр нэмэлт орлогоосоо нэмж төлдөг болдог юм байна. Өнөөдөр иргэд яагаад хувийн тэтгэврийн даатгалыг сонирхоод байна вэ гэвэл улсын даатгал төлж байгаад тэтгэврээ авч чадаа ч уу, үгүй ч үү гэж боддог байхгүй юу.

Өнөөдрийн байдлаар 40 орчим насны шимтгэл төлөгчдийн нэрийн дансанд дунджаар 50 орчим сая төгрөг хуримтлагдсан байдаг юм. Энэ нэрийн дансыг хүү бодох, хүү тооцох аргачлал, өсгөн нэмэгдүүлэх засаглалыг сайжруулах ёстой. Түүнээс биш цөөн хэдэн хүн хуйвалдаж, хэдэн банканд байлгачихаад, мөнгийг нь алдсан болгоод байдаг бол үнэхээр хариуцлагагүй явдал. Давхар даатгах ёстой.

Нэрийн дансанд нь 200 сая төгрөг байгаа ч эхний 10 саяыг аваад нас барлаа гэхэд үлдсэн мөнгөний 20-30 хувийг ар гэрийнхэнд нь олгох ч юмуу хөшүүрэг заавал байх ёстой юм байна л гэж ойлголоо. Зөв үү?
-Шимтгэл төлөгч ирээдүйд үр ашгийг нь яаж хүртэх вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой. Өнөөдөр тооны аргаар мадлаад байна. Тэтгэвэрт гарах насыг нь бага зэрэг уртасгаад, таван жилийн дунджаар тооцдог байсныг долоон жил болгочихсон. Өнөөх итгэлцүүрийг нь нэмэхээ больсон. 2016 оноос хойш нэмээгүй. Тухайлбал, 2016 онд ам.доллар 1700 төгрөг байсан. Өнөөдөр 2800 болчихоод байхад тэр үеийнхээр л тооцдог. Зүй нь иргэний тухайн үед төлж байсан мөнгөний ханшийг ханшаар нь үржүүлээд, хүүгээр нь илүү тооцох ёстой. Гэтэл долоон жилийн өмнө авч байсан мөнгөөр нь нийт цалинг нь авангуутаа 84 сард хуваагаад тооцохоор тэтгэвэр нь таван жилийн дунджаар тооцдогоос даруй арав гаруй хувиар буурахаар байгаа юм.

Эх сурвалж: npost.mn

С.Баяр: Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй
С.Баяр: Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.