Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түр томилгоотой дарга төрийн агентлаг, салбарын бодлогыг самарч байна

Цар тахлын хуулиар далимдуулсан цадиггүй томилгоог тоочвол урт жагсаалт гарна. Хамаг учир нь төрийн албаны мэдлэг туршлага, мерит зарчимд нийцэхгүй баахан дарга нар ажил унагаж байгаа учраас Төрийн албаны зөвлөл аргагүйн эрхэнд арын хаалганы дарга нарыг цэгцлэх асуудлыг шат шатанд нь тавиад удаж байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс нэгдүгээр сарын 4-ны өдөр 411 дүгээр тогтоол гаргаж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг чөлөөлөхийг үүрэг болгосон. Энэ дагуу лав таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсоныг хоёрдугаар сарын 1-ны дотор чөлөөлөх ёстой болоод байгаа. Тэгвэл энэ хугацаа дуусахад ажлын тав хоног л үлдээд байна. Гэхдээ томилсон шигээ чөлөөлөх бүрэн эрх нь Засгийн газарт байгаа учраас олон нийт хүлээлтийн байдалтай байгаа юм. Хэрэв Засгийн газар шуурхай ажилласан бол өнгөрсөн 21 хоног багагүй асуудлыг цэгцэлж, хууль журманд нь оруулах хангалттай хугацаа юм. Харин энэ талаар Төрийн албаны зөвлөл өгсөн хугацаанд сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар, гэрээгээр томилгоо хийсэн зөрчлүүдийг арилгахгүй бол томилгоо хийсэн эрх бүхий албан тушаалтныг өөрийг нь огцруулах саналаа дээд байгууллагад нь гаргадаг гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дарга нар дунд Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Усны газрын дарга Ш.Мягмар, Иргэний нийсэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй Засгийн газрын 17 агентлагийн дарга нар багтаж байгаа юм.

сонин mn

Мөн таван яамны ТНБД нараас ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг нар сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна.

Үлдсэн Батлан хамгаалах яамны ТНБД Д.Ганхуяг, Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох шалгалтаар томилогдсон бол БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн сайдын албан тушаалд томилогдож Засгийн газарт байж байгаад буцаад Төрийн нарийн бичгийн даргаар очжээ.

Түүнчлэн цар тахлын хуулиас өмнө сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дөрвөн агентлагийн дарга нарыг чөлөөлөх ёстой болж байна. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга нар сонгон шалгаруулалтгүй томилогджээ.Одоогийн байдлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар яам болон өргөжиж, ШӨХТ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сайдаар дэвшиж, Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нар хариуцлага хүлээж чөлөөлөгдөөд байгаа юм. Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн тогтоолд заасан хугацаагаар ажлаа хүлээлгэж өгөхөд тав хоног үлдээд байгаа түр орлон гүйцэтгэгч нар бүтцийн өөрчлөлт, халаа сэлгээ хийх эрхтэй юу. Өөрөө хууль ёсны дарга биш хэрнээ төрийн агентлаг, салбарын бодлогыг самарч байгаа дарга нарын жишээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Дашдэмбэрэлээр эхлүүлж байна.

А.Ариунзаяа сайдын толгойлдог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дөрвөн агентлагийн гурав нь түр орлогч гүйцэтгэгчтэй даргатай. Түүний нэг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар. Халамжаас хөдөлмөрийн салбарт шилжих Засгийн газрын гол бодлогыг зангиддаг энэ агентлагийн дарга анхнаасаа л АТГ-ын “зөвшөөрөлгүй” томилогдсон. Учир юу гэвэл 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр АТГ-аас ХНХЯ-ны сайд А.Ариунзаяад илгээсэн бичигтээ “Л.Дашдэмбэрэл нь Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “Эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол Төрийн албаны 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх, багц сургалтад хамрагдаж төгссөн” байхаар заасныг хангаагүйг анхаарна уу” гэжээ. Мөн Л.Дашдэмбэрэлийг Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргаар томилоод 14 хоногийн дараа газрын даргаар томилсон байна. Гэвч салбарын сайд үүнийг үл тоон харьяа агентлагийнхаа даргаар томилоод жил хагасын хугацаа өнгөрч байна.

Мөн 2022 оны нэгдүгээр сарын 5-нд Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт хийсэн талаараа даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Дашдэмбэрэлд албан бичиг илгээжээ. Ингэхдээ зарим албан хаагчдыг төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх, албан тушаалд томилохдоо хууль зөрчсөн нь шалгалтаар ирсэн. Тиймээс нэр бүхий газрын дарга нарын томилгооны зөрчлийг арилгахыг анхааруулсан байна. Хууль бусаар томилж, чөлөөлсөн 10 гаруй хүн байгаагийн дотор ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргыг түр орлон гүйцэтгэгч Э.Ганбат, Санхүү төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэндаваа, Тогтоол шийдвэр хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Номинчимэг нараар үргэлжилнэ.

Мөн Л.Дашдэмбэрэлийг томилогдож очиход ХХҮЕГ хоёр дэд даргатай байсан бол одоо гурав болж нэмэгдсэн. Түр дарга нар нь доороо түр орлох дэдүүдтэй гээд ёстой л төрийн агентлаг, бодлогоор тоглож өгч байна. Бүтцийн өөрчлөлт дахиад ч цаашаа үргэлжилж, холион бантан болж байгаа аж. Тиймээс цаашид өөрөө байх эсэх нь ч шийдгүй байхад агентлагаар нь тоглож байгаа үйлдлийг таслан зогсоож, төрийн алба, төрийн бодлогын залгамж халаагаа аварна уу Ерөнхий сайд аа. Энэ мэтээр туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээ АТГ, Төрийн албаны хууль зөрчин томилогдсон цүнх баригчдаар үгүй хийх байдал үргэлжилсээр байх уу.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг “Туркойз Хилл Ресурс“ зарлалаа
Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг “Туркойз Хилл Ресурс“ зарлалаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.