Монгол Улсын Ерөнхий сайдын 196 дугаар захирамжаар байгуулсан хилийн боомтууд дээрх экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсгийн хэрэгжүүлж байгаа ажил болон хилийн боомтуудаар чингэлэгтэй ачаа бараа, бүтээгдэхүүн тээвэрлэлтийн мэдээллийг долоо хоногийн хоёр өдөр буюу Мягмар, Баасан гараг бүрийн 11:00 цагт ажлын хэсгээс олон нийтэд хандан мэдээлэл хийх үүргийг Шадар сайд өгсний дагуу өчигдөр Авто тээврийн үндэсний төвд ЗТЯ, АТҮТ, ГЕГ, ЦЕГ, Боомтын зөвлөлийн төлөөлөл оролцон цаг үеийн мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр "Эрээн хотод ачигдсан 900 гаруй чингэлгээс өнгөрсөн 7 хоногт 300 гаруй чингэлэгтэй ачааг татан авсан. Үлдсэн 600 чингэлгийг 8-10 хоногт багтаан татан авахаар төлөвлөж байна. Цаашдаа нэмж ачигдах чингэлгийг хуваарийн дагуу татан авна" хэмээн албаны хүн хэлэв.
Чингэлэгт ачаа тээвэрлэлтийн талаар танилцуулбал, хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаатай чингэлгийг Хил хамгаалах, Онцгой байдлын газраас бэлтгэсэн 50 автомашинтай жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж байгаа.
Харин логистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг задлан гаалийн бүрдүүлэлт хийж, тэндээс ААН-үүд зах зээлийн зарчмын дагуу ачааны хувийн хэвшлийн тээвэр хийх жолооч нартай үнэ хөлсөө тохирч Улаанбаатар хот руу татан авах, эсвэл өөрийн автомашинаар татан авах боломжтой байгаа юм.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл