КОВИД-19 Хүүхдүүдэд НОЦТОЙ ҮР ДАГАВАР илэрч байна

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Хүүхэд, өсвөр настнууд насанд хүрэгсдийг бодвол коронавирусний халдварыг илүү хөнгөн тусдаг гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр халдварын улмаас нас барсан хүүхдийн тоо улам бүр нэмэгдсээр байна.

ЮНЕСКО-гийн мэдээлснээр дэлхий дахинд КОВИД-19 халдварын улмаас 0-4 насны 1574, 5-9 насны 966, 10-14 насны 1590, 15-19 насны 2764 хүүхэд энджээ.

Халдвар аваад эдгэрсэн ч хүүхэд, өсвөр насныханд ноцтой үр дагавар илэрч буйг хүүхдийн эмч, эрдэмтэд анхааруулсаар байна.

КОВИД-19-ийн халдвар хүүхдийн зүрх, бөөр болон бусад эд эрхтэнд нөлөөлж байгаа бөгөөд АНУ-д эдгээр үрэвслийн хам шинж нь халдвар аваад эдгэрсэн хүүхдүүдэд түгээмэл илрэх болжээ.

Эмч нар хүүхдийн дунд КОВИД-19 хамааралтай нас баралт нэмэгдэж буйг үүнтэй холбон тайлбарлаж байна.

Эрдэмтэд коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүүхдүүдэд юуны учир хүндрэлүүд гарч буйн шалтгааныг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд эЭдгээр хүүхдүүдэд дараах хүндрэлүүд ажиглагдсаныг тэмдэглэжээ.

  • Ой тогтоолт муудах
  • Судасны үрэвсэл
  • Үе мөчний өвчин
  • Зүрх, бөөрний асуудал
  • Бие дээр толбо үүсэх
  • Дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлий тус газар хүчтэй өвдөх
  • Өндөр халуурах
  • Нойр булчирхай гэмтэх зэрэг үр дагаварууд илэрч буйг эмч нар сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн, бага насны эрэгтэй хүүхдүүдийн бэлгийн хөгжилд өөрчлөлт гарч буй нь ажиглагджээ. Энэ нь ирээдүйд нөхөн үржихүйн байдалд нөлөөлж болзошгүй гэж эмч нар үзэж байна. Энэ хүндрэл гурван настай хүүхдээс авахуулаад 10-14 нас хүрсэн өсвөр настнууд зэрэг бүхий л насны эрэгтэй хүүхдүүдэд илэрч байгаа аж.

КОВИД-19-ийн дараах хүндрэлүүд гэнэт илэрдэг гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Хэдийгээр вирус үгүй болсон ч хүүхдийн биед ноцтой хүндрэлд хүргэх дагалдах өвчин үүсэх өндөр эрсдэлтэй гэгдэж байна.

Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн 50 орчим хувьд нь эдгэрснээс хойш хэдэн сарын дараа таагүй шинж тэмдэг илэрч буйг судалгаа харуулжээ.

Эдгэрч эмнэлгээс гарсан ихэнх хүмүүс өвчнийг бүрэн яллаа гэж боддог. Гэтэл энэ нь урт хугацааны сэргээн засах эмчилгээний эхлэл болж буйг эмч нар анхааруулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр "Дэлхий дахинд 11 сая хүүхэд халдвар авсан байна. Энэ нь дэлхий дахинд халдвар авсан иргэдийн 13 хувийг эзэлж байна. Монгол Улсад халдвар авсан 13197 хүүхэд байна. Хүүхэд халдвар авч буй шалтгаан нь вакцинжуулалттай холбоотой. Харамсалтай нь, Монгол Улсад өдөрт батлагдаж байгаа халдварын тохиолдлын 26-30 хувийг хүүхдүүд эзэлж байгаа аж. Тухайлбал, тавдугаар сарын 30-нд 927 хүн халдвартай нь батлагдсаны 30,9 хувь нь 0-17 насны хүүхэд байсан" гэх мэдээлэл өгснийг сануулъя.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад вакцинд хамрагдсаныхаа дараа КОВИД-19-ийн халдвар авсан 11912 хүн байна. Үүнээс хоёрдугаар тунд хамрагдаад халдвар авсан 3876 иргэн бий. Энэ нь нийт өвчилсөн иргэний 0,53 хувийг эзэлж байна. Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад, 14 хоногоос хойш халдвар авах магадлал эрчимтэй буурч байгаа талаар Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.

Зургаадугаар сарын 15-наас хойш халдварын тохиолдол эрчимтэй буурна гэсэн хүлээлттэй байгааг тэрбээр мөн онцолсон бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улсад халдварын 1143 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барсан мэдээллийг ЭМЯ-наас мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!