Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын түгжрэл 50 хүртэл хувиар буурна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Яармагийн дэнжид ажиллаж байна. Нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцууллаа. Хотын дарга гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км замын төлөвлөлт болон гүүрэн байгууламж, нүхэн гарцуудын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Эдгээр төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна. Зураг төсөл болон барилгын компаниудтай уулзахад үндэсний бүтээн байгуулалтад том компаниуд нь манлайлан, жижгүүд нь нэгдэж ороход бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг хэллээ. Хурдны замыг олон улсын стандартын дагуу барихаар Хятадын 2-3 компанид санал тавьжээ.

Хан-Уул дүүрэгт жилд 10-20 мянган айл нэмэгддэг учраас сургууль, цэцэрлэгийн асуудал байнга тулгамддаг байна. Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төдөн айлын орон сууцны дунд цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж байх стандарт бий болгох хэрэгтэй” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ч мөн энэ чиглэлд өчигдөр Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ зэрэг байгууллагатай уулзаж, анхаарч ажиллаж байгаагаа хэлж байлаа.

Хан-Уул дүүргийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 10 орон сууц байдаг аж. Эдгээрт 25 удаа тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, өнөө маргаашгүй нурахад хүрээд байгаа тул тус дүүргээс сонгогдсон гишүүд Ерөнхий сайд болон Хотын даргыг үүнд анхаарал хандуулахыг хүссэн. Түүнчлэн тус дүүргийн төдийгүй нийслэлийн хамгийн том хамгийн тулгамдсан асуудал нь Туул гол дагуу 30 гаруй байгууллага хайрга, дайрга олборлодог явдал. Гэтэл Туул голоос нийслэлийн иргэдийн 95.7 хувь, таван аймгийн 37 сумын иргэд ундаалдаг учраас цаашид ундны усны аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрээд байгаа юм. Ерөнхий сайд Хотын даргыг пүрэв гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулахыг хүссэн. Мөн тэрбээр “Төр зөвшөөрөл олгосон учраас эдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс уулзаж, Ажлын хэсэг байгуулж, нэг шийдэлд хүрэх хэрэгтэй” гэсэн юм. Мөн дараагийн тулгамдсан асуудал нь арьс, ширний үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлдэг “Харгиа” цэвэрлэх байгууламж орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж байгааг тус дүүргээс сонгогдсон гишүүд онцолж байлаа. Иргэд ч мөн энэ үеэр сургууль, цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байгааг хэлж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар бууруулна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй бол ачаалал нэмэгдэж байна. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явахаар төлөвлөж байгаа. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км ил явна. Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаад, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төлөвлөж байгаа бүгдийг дэмжье. Үр дүн чухал. Тооцоо, судалгааг сайн хийж, гаднын мэргэжилтэнтэй хамтран ажиллаарай. Газар чөлөөлөлт болон бусад зүйлээ төлөвлөж, сайн тооцоорой” гэсэн юм. Ийн ТЭЗҮ болон тооцоо, судалгааг зургадугаар сарын 19-нд танилцуулахаар боллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.ИХБАЯР: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАН НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАНА
Д.ИХБАЯР: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАН НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.