Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё эхэллээ. Энэ башё үзэгчгүйгээр хоосон хөндий ордонд чимээ шуугиангүйхэн болж байна. Гэхдээ цар тахлын тархалт нааштай байвал гурав хоногийн дараа тодорхой тооны үзэгчтэй үргэлжлүүлж магадгүй гэсэн яриа сонсогдоно. Башёгийн гол онцлог нь их аварга Хакүхо мөн л өнжихөөр болсон ч дөрвөн озекитой гэдгээрээ ховор тохиолдол болж байна. Тэр дотор хамгийн гол хүн нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ. Үзэгч олон түмний анхаарал энэ л чигт хандаж байгаа. Яагаад гэхээр тэр дөрвөн жилийн өмнө озеки цолтой барилдаж байгаад гэмтлийн улмаас доош унаж, унах унахдаа сүмогийн хамгийн доод зиндаанд очсон бол шантралгүй барилдсаар өнгөрсөн онд дээд зиндаандаа эргэж ирсэн. Башё бүхэнд түрүүлэхийн төлөө өрсөлдөгч байж чадсан төдийгүй хоёр ч удаа эзэн хааны цом хүртэж улмаар озеки цолоо эгүүлэн аваад байгаа юм. Гуравдугаар сарын тэмцээнд 12 давж түрүүлснээр энэ удаагийн тэмцээнд озеки цолтойгоор зодоглож буй. Тэрүнофүжи шиг доод зиндаанд очоод буцаж ирж озеки цолоо дахин авсан бөх сүмогийн түүхэнд ердөө хоёрхон байдаг юм билээ. Тэгэхээр тэр сүмогийн түүхэнд бас шинэ хуудас нээсэн гэж болно. Тэмцээний өмнө түүнээс ярилцлага авахад “Озеки цолоо аваад эхний башёдаа зодоглож байгаадаа баяртай байна. Харин надад асар их үүрэг хариуцлага ногдож байгааг ч ойлгож байгаа. Иймийн тулд сайн барилдах учиртай. Нэгийг хэлэхэд миний гялалзах хугацаа бага үлдсэн болохоор үзэгч олныхоо итгэлийг биелүүлэхийн төлөө хамаг л хүч чадлаа зориулахыг хичээх болно.
Би өвдөгний хоёр бэртэлтэй хүн. Харин барилдааны үед хаана ачааллаа өгөх тэнцүүлэх талаар мэддэг болсон” гэж хэлсэн юм.
Бас Тэрүнофүжи энэ башёд дахиад түрүүлчихвэл Ёкозүна болох уу гэсэн асуулт гарч л байна. Ояката нарын хэлснээр бол дүрмээ баримтлах юм бол аварга цолны тухай ярих болоогүй ээ. Гагцхүү уналгүй түрүүлчих юм бол бэртэл гэмтлээ даван туулж жониданаас дээд зиндаанд ирсэн богино хугацаанд озеки цолоо буцаан авсан зүтгэлийг бодож ярилцаж болох магадлал бий гэлцэж байналээ. Нацү башё эхэлсэн өдөр тэр комусуби Мессэйтэй учраа таарахдаа барилдаанаараа озеки цолтон ийм байдаг юм гэдгээ харуулан бярдаад шидчихэж харагдав. Мөн башёгийн эхний өдөр дөрвөн озеки бүгд давлаа. Тэдэн дундаас Шёодай өмнөх тэмцээнд кодабан болж одоо цолоо хамгаалахын төлөө босч байна. Дээд зиндаанд зургаан монгол сүмоч зодоглож байгаа. Тэрүнофүжигээс гадна Ичиножёо А.Ичинноров, Хоошёорфү Бямбасүрэн, Тамаваши Г.Мөнх-Оргил нар эхний даваагаа авсан бол Кирибияма Лхагвасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар уначихлаа. Уг нь эхний даваа их урам өгдөг дөө.
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин