Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОЙМ: ЕРӨНХИЙ САЙДЫН Т.ЧИМГЭЭД БАРЬСАН МАРТЫН “БЭЛЭГ”-ЭЭС ӨЛСГӨЛӨН ХҮРТЭЛ

Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг одоогоос 23 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гарч байв. Монголын цагдаа, тусгай хүчин, тагнуул гээд бүхий л хууль хүчний байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй гараад хэргийн учгийг өнөөдөр хүртэл гаргаж чадаагүй.

Өнгөрсөн 23 жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлаар бол хууль хүчнийхэн илрүүлэх хүч чадал, чадвар хүрээгүйдээ биш дээрээс хүсээгүй гэдгийг ил далд бүхий л түвшинд ярьж ирсэн. Тиймдээ ч өнөөдөр хүртэл учир битүүлгээр хэдий ч хурц байдлаар үйл явдал өрнөж байна.

                  ЕРӨНХИЙ САЙД Т.ЧИМГЭЭ ДЭЭР “МАРТ 8”НААР ЗОЧИЛСОН НЬ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс ял сонссоны дараа парламентаас эрүү шүүлтийн бичлэгийг олон нийтэд 2019 онд үзүүлж байв. Энэ нь тагнуул, прокурор, шүүхийн шийдвэрийн ажилтнууд гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шүүгдэгчдэд эрүү шүүлт тулгасан тухай байв. Дуулиан жил гаруй үргэлжилсэн. Энэ дуулианаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эмнэлэгт хэвтүүлсэн.  Ингээд 2020 он гарсаар дуулиан аажимдаа намжаад байв.

Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өнгөрсөн “Мартын 8”-наар хорих ангид эмнэлэгт хэвтэж буй Т.Чимгээтэй уулзана гэсэн зарыг хэвлэлийнхэнд тарааснаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн “шарх сэдрэв”. Эмэгтэйчүүдийн баярын өдрийн уулзалт тийм ч дуулиан шуугиан үр дүнтэй байгаагүй ч ар араас нь болсон явдлууд анхаарал татаж, бүр асуудлыг орвонгоор нь эргүүлэхэд ч хүргээд байна.

                             ЗОРИЛГОО ТАЙЛБАРЛААГҮЙ НОЦТОЙ БИЧЛЭГ

Уулзалтаас хойш хэдхэн хоногийн дараа, ажлын бус оройн цагаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхнийг цуглуулж нэгэн бичлэг үзүүлсэн нь Т.Чимгээд гүйцэтгэх ажил явуулж буй дүрс байв. Зочид буудлын өрөөнд Т.Чимгээг ухаангүй байх үед 3 залуу нүцгэн хэвтүүлж гарын хээ авч байгаа үйл явдал хэмээн сайд Х.Нямбаатар тайлбар хийсэн. Бичлэгт ч тийм үйл явдал дүрслэгдсэн байв.

Х.Нямбаатар сайдын онцолсноор энэ бичлэгийг Т.Чимгээ олон нийтэд үзүүлэхийг зөвшөөрсөн гэсэн агуулгаас илүү зүйл яриагүй.

Гагцхүү ийм бичлэгийг Засгийн газрын хэмжээнд дэлгэх ямар шаардлага, зорилго байв гэдэг нь асуултын тэмдэг хэвээр үлдсэн. Харин далд агуулгаар харахад ТЕГ-ын дарга Б.Хурц нар (эрүү шүүлтийн хэргээр шалгагдаж байгаа) ингэж ноцтой хууль зөрчиж ажилласан юм шүү гэдгийг батлахыг оролдсон явдал гэж ойлгогдож байгаа юм.

      Б.ХУРЦ: С.ЗОРИГ АГСНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Удаан хугацаанд үргэлжилсэн эрүү шүүлтийн асуудлаар зөвхөн нэг тал буюу хохирогч гэгдэх тал тайлбар мэдэгдэл хийж, баримт сэлт дэлгэж ирсэн. Харин энэ удаа хэргийн нөгөө тал буюу яллагдагч талаас тайлбар хийж гарч ирсэн нь олон нийтийн анхааралд байлаа.

Бичлэг задалсны дараахан ТЕГ-ын дарга асан Б.Хурц томоохон ярилцлагаа eguur.mn сайтад нийтлүүлжээ. Тус ярилцлагад С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар олон зангилаа, олон ноцтой зүйл яригдсан байв. Тухайлбал,

...Намайг ажлаа өгснөөс хойш 2017 оны 11 дүгээр сард ҮАБЗ-д танилцуулагдсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой материал дотор Ц.Нямдоржийн ойрын хүн нь Д.Содномдаржаагийн ээжтэй утсаар ярихдаа “Б.Хурцыг бид нар нэг юм зайлуулчихлаа шүү. Одоо та нар гишгээд өгөөрэй” гэж хэлж байсан тухай бичлэг байна гэдэг мэдээлэл надад ирж байсан...

...Хэргийг нууцаас гаргаж байж иргэд тодорхой ойлголттой болно. Жишээ нь, олон нийтэд удаа дараа ганц нэг бичлэг задалж харуулаад тэр болгоныгоо эрүүдэн шүүсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүх хурал дээр Б.Содномдаржааг хорихын өрөөнд зодоод байгаа залуу нь “Би уурандаа Б.Содномдаржааг зодсон. Хэн нэгэн хүн надад үүрэг даалгавар өгөөгүй” гэж хэлж байх жишээтэй.

...Яг шүүх хурал дээр Б.Содномдаржааг зодсон гээд байгаа Амгаланбаатар, Итгэлтөгс хоёр шүүгдэгчээр оролцоогүй. Эрүүдэн шүүхэд оролцсон гэгдэж байсан хоёр хүн нь “Эрүүдэн шүүлт болсон уу, үгүй юу” гэдгийг тогтоох шүүх хуралд шүүгдэгчээр оролцохгүй байж болдог юм уу....

....С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр энэ хэргийг илрүүлэхэд ажилласан залуус бүгд ажилгүй болсон. Маш чадварлаг мөрдөн байцаагчид гүйцэтгэх ажиллагааны туршлагатай албан хаагчид байсан. Т.Чимгээд хийгдсэн гүйцэтгэх ажиллагаанд орсон залуу хууль зөрчөөгүй нь батлагдаад цагаадсан.

....Улстөржүүлж, байя гэх газаргүй болтол нь шүүхийг шахахгүй л бол суллагдахгүй гэж харж байна... гэх мэтчилэн ноцтой асуудлуудад тайлбар хийсэн байдаг.

ӨЛСГӨЛӨН: МИНИЙ АМЬ НАС ХОХИРВОЛ БУРУУТАН НЬ Б.ХУРЦ БОЛНО

Б.Хурцын ярилцлага олон нийтийн анхаарлыг татахтай зэрэгцээд Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат өлсгөлөн зарлаж эхэлсэн явдал. Тэрээр өөрийн дүүг хэлмэгдсэн хэмээн өөрийнхөө амь насыг золиод ч хамаагүй суллуулахын төлөө тэмцэнэ гэж мэдэгдэн гэрээслэл бичин өлсгөлөнгөө эхлүүлжээ. Гэрээслэл нь “Миний амь нас хохирвол буруутан нь Б.Хурц болно” гэсэн агуулгатай.

Өчигдөр түүн дээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж очиж уулзахдаа “Хууль шүүх арай ч ийм байгаагүй. 2010 оноос өмнө гайгүй байсан” гэсэн утгатай зүйл яриад буцсан аж.

Өлсгөлөн үргэлжилсээр байна.

                                                          Ц.НЯМДОРЖ ЯГ ХЭН БЭ?

Хэргийн зангилаа Ц.Нямдорж дээр байгаа болох нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлууд хангалттай баталж байна.

Шинэ залуу Ерөнхий сайд гарч ирээд огт дуугардаггүй байсан сэдвээрээ ярьж эхэлсэн С.Зориг агсны амиа алдсан хэрэг, ялангуяа шүүгдэгчдийн асуудал байв. Угтаа түүний цаана Ц.Нямдорж байсан, зааварчилсан гэсэн үг. Ц.Нямдорж өнгөрсөн парлемантад Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа хамгийн ихээр дуугарсан сэдэв нь энэ.

Б.Хурц ч ярилцлагадаа Ц.Нямдоржийг хатгасан олон арван зүйлс ярьсан нь анхаарал татна. Монголын тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүний үг яриа үнэний ортой байх учиртай.

Ингээд харахад С.Зоригийг хөнөөсөн хэргийн үнэн мөр, ялангуяа захиалагчийг олоход бус асуудлын дунд ингэж гацаах сонирхол яагаад гарч ирсээр байна вэ.

Ц.Нямдорж яг хэн бэ?

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

"Ц.Тувааны АН" О.Цогтгэрэлийнх, "С.Эрдэнийн АН" "М.Тулгатын АН" болсноос өөр юу ч өөрчлөгдсөнгүй
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.