УИХ-ын чуулган завсарлагаатай, улс төр намжуухан байдаг өвлийн сарууд шувтарчээ. Хаврын халуун улс төр хэдийнэ эхэлжээ.
Энэ хаврын улс төрийн гол эзэн Ерөнхийлөгч Х.Баттулга байх нь. Аль өвлөөс нааш галыг өөр дээрээ татсаар ирсэн тэрээр өнөөдөр яаж дааж байна гэмээр их асуудалд орооцолдчихоод байна.
Цар тахал дэгдэхтэй зэрэгцээд айл өрх бүрт 1 сая төгрөг тараах санаачилга нь эдийн засгаас давсан попрол болоод Засгийн газар хүлээж аваагүй. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатараас Засгийн газрын гишүүд эсэргүүцсээр УИХ-ын танхим руу энэ санаачилга ороод хүчээ аваагүй.
Ерөнхийлөгчийн сонгуулиар гол “пи-ар”-аа болгосон “Оффшор бүсээс Монголын хөрөнгийг оруулж ирнэ” гэсэн амлалт бас л түүнийг тойрсон хэл амны бай болгосоор байна. Ерөнхийлөгчийн албыг хашаад шувтрах хүртэл нэг ч төгрөг оффшор бүсээс орж ирээгүй гэж албаныхан удаа дараа мэдэгдлээ. Эцэст нь бас л тэрээр оффшор бүсдээ өөрөө орооцолдож гүйцэв.
Араас нь коронавирусийн халдвартай эхийг эмнэлэгт шилжүүлэх үедээ алдаа гаргасан эрүүл мэндийн ажилтнуудын дуулианаар өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа буулгахдаа Ерөнхийлөгч Х.Баттулгын “өдөөн турхилалт”-ыг онцлон тэмдэглэсэн. Энэ ч мөн томоохон дуулиан тарьсан.
Харин өнөөдрийн гол сэдэв түүнийг тэргүүлдэг ҮАБЗ, түүний нарийн бичгийн дарга А.Гансүхтэй холбоотой ноцтой мэдээллүүд. Тодруулбал, ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ руу хил давж буцаж ирэхдээ 20 мянган ам.доллартай орж ирсэн гэх мэдээллүүд хэвлэлүүдээр гарч томоохон дуулиан дэгдээгээд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийг нарийн бичгийн даргаа огцруулахыг шаардсан өргөх бичгийг өчигдөр илгээлээ. Ингэснээр асуудал улам өндрөө авсаар байна.
Ерөөс Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрсон том жижиг алдаанууд, явуулгууд тасрахгүй 4 жил болж өнгөрлөө. Ерөнхийлөгчийн суудлаа нэр төртэй, сэтгэл дүүрэн хүлээлгэж өгөх хувь зохиол тохиохгүй бололтой, Ерөнхийлөгч Х.Баттулгад.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР