Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газрын дарга нар хууль бус мөнгө угаалт, тансаглалаа тендерийн ард нуудаг болсоор удаж буй. Үүний нэг жишээ ИНЕГ-т өрнөжээ. tender.gov.mn, burtgel.mn, шилэн данс зэрэг дата баазуудад үндэслэн дараах мэдээллийг хүргэж байна.
Тус байгууллага гурван өрөө байрны мөнгөөр буюу 143 сая төгрөгөөр 00 цаас, салфетка, даавуу худалдан авах багц тендер зарласан байна. Тодруулбал, ИНЕГ 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод хэрэгцээнд шаардлагатай ахуйн цэвэрлэгээний материал нийлүүлэх, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 143,535,115 төгрөгийн төсөвт өртөгтэй багц тендер зарлажээ.
б
Улмаар “Грандмакс” ХХК-ийг шалгаруулж, 2020 оны долдугаар сарын 10-нд “Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод хэрэгцээнд шаардлагатай ахуйн цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ” байгуулсан аж. Гэрээнд захиалагч талаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, нийлүүлэгч талаас “Грандмакс” ХХК-ийн захирал Ц.Болормаа төлөөлөн гарын үсэг зуржээ.
-САЛФЕТКА, ГАРЫН ЦААС, АРИУН ЦЭВРИЙН ЦААСНЫ БАГЦЫН ҮНЭ 39 САЯ ТӨГРӨГ
Зарласан тендерт тусгаснаар ахуйн цэвэрлэгээний, цэвэрлэгээний, даавуу, зэв арилгагч гэсэн ДӨРВӨН БАГЦЫН нийт үнэ 143 сая 535 мянга 115 төгрөг. Багцууд тус тусдаа үнэтэй.
Цэвэрлэгээний материал-48,826,140 төгрөг
Ахуйн цэвэрлэгээний материал /салфетка, гарын цаас, ариун цэврийн цаас/ -39,258,725 төгрөг
А-даавуу 5330м, Зөөлөн даавуу 1120м -14,450,250 төгрөг
Зэв арилгагч /450гр/-565ш, Гарын тос арилгагч /150 гр/-195ш, контакт клинер /390мл/-1495ш, Тусгаарлагч лент /sincere 50m/-985ш, DR.99/хийн шингэн/ 588ш- 41,000,000 төгрөг хэмээн tender.gov.mn сайтад тендер зарлахдаа задлан тусгажээ.
Харин 2020 оны долдугаар сарын 10-нд “Грандмакс” ХХК-тай байгуулсан гэрээнд тусгаснаар:
Багц-1 Цэвэрлэгээний материал /юу байгаа нь тодорхой бус/-47,958,180 төгрөг
Багц-2 Ахуйн цэвэрлэгээний материал /салфетка, гарын цаас, ариун цэврийн цаас/-38,842,000 төгрөг
Багц-3 А-даавуу 5330м, Зөөлөн даавуу 1120м- 13,978,500 төгрөг хэмээн тус тус тусгаж, нийт 100,788,680 төгрөгийн гэрээ байгуулжээ.
Гэтэл дөрөв дэх багцыг гэрээнд огт тусгаагүй орхигдуулсан нь анхаарал татаж буй юм. Хэзээ ямар компани дөрөв дэр багцын барааг нийлүүлэх, нийлүүлсэн нь ч тодорхой бус.
–ИНЕГ ЦАР ТАХЛЫН ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД 8 САЯ ТӨГРӨГӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ–
Улмаар гэрээ байгуулснаас таван сарын дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ний өдөр “Грандмакс” ХХК руу 8 сая 118 мянга 010 төгрөг шилжүүлсэн баримт шилэн дансанд байгаа юм.
Өөрөөр хэлбэл цар тахалтай, хөл хорио үргэлжилсэн хүнд хэцүү цаг үеүдэд 00 цаас, салфетканы мөнгө гээд өнөөх гурван өрөө байрны мөнгөнөөсөө найман саяыг нь шилжүүлээд сууж байсан нь энэ.
ИНЕГ “Грандмакс” ХХК-тай байгуулсан эл гэрээний 100 мянган төгрөгийг Урсгал зардлын хөрөнгөөр санхүүжүүлнэ хэмээх ганцхан өгүүлбэрээр гэрээнд тодотгоод л орхижээ.
-32 ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ “ГРАНДМАКС” ХХК–
ИНЕГ-т 00 цаас, салфетка нийлүүлэх компаниар шалгарч, улмаар тус газрын дарга Л.Бямбасүрэнтэй 100 сая төгрөгийн гэрээ байгуулсан “Грандмакс” ХХК-ийн тухай шүүж үзлээ.
5160006 регистрийн дугаартай тус компани гадаад худалдаа явуулах үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2007 онд үүсгэн байгуулагдсан тухай Улсын бүртгэлд бүртгэгджээ. Одоо нийт 32 чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2020 онд 22 чиглэлийн үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн байна. Хувьцаа эзэмшигч, захирлаар нь Цогтбаатарын Болормаа гэх иргэний нэр бүртгэлтэй байгаа юм.
Дата баазууд ашиглан цуглуулсан дээрх мэдээлэл бол тендер нэрийн дор төсвийн мөнгийг гар, бөгсөө арчих хэрэгсэл болгоод урсгачихаж байгаа газрын дарга нарын тансаглалын ганцхан жишээ юм. 143 сая төгрөг гэдэг бол өнөөгийн зах зээлд гурван өрөө байрны мөнгө. Өнөөдөр орон сууцны метр квадратын дундаж үнэ 1,8 саятай байна. Ингээд бодохоор энэ нь 79мкв гурван өрөө байрны мөнгө. Гэтэл дарга нарын 00 цаас, гараа арчих салфетка, даавууны хэрэгцээнд л урсчихаж байгаа юм. Хямралын үед ИНЕГ-ийнхэн сая саяар ахуйн хэрэглээгээ хангаж ТАНСАГХАН суусан байх нь. Төсвийн мөнгө уйлдаггүйн тод жишээ.