Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хот орчмын түүхэн дурсгалт газруудыг аялал жуулчлалын эргэлтэд оруулах, иргэд, жуулчдын зорин очих газрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор 2020 онд Улаанбаатар хот дахь 47 дурсгалт газрыг холбогдох газруудтай хамтран судлаад байгаа билээ.
Энэхүү ажлын үргэлжлэл болгон тус газрын дарга А.Ариунгэрэл Монгол Улсад суугаа Унгар улсын элчин сайд Обрушански Борбала, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир, Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийг авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Д.Дамдинцэрэн, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн А.Энхнаран болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт нийслэл хотын нутаг дэвсгэрт байдаг Хүннүгийн үеийн язгууртны булш, түүний орчмыг хамгаалалтад авах, орчны тохижилтын ажлыг хийж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор газар дээр нь очиж танилцлаа.
Уулзалтаар талууд тухайн дурсгалт газрыг хэрхэн хамгаалах, дахин малтлага, судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүнийг хөгжүүлж, аялал жуулчлалын маршрутад оруулах талаар төлөвлөсөн ажлуудаа ярьж хэлэлцсэн байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР