Ерөнхийлөгч Х.Баттулга уг нь их эерэг дүр байв. Түүний ажилчин ангиас ажлын гараагаа эхэлж баялаг бүтээсэн, эх оронч гэдэг гуншингаар тэр “Монгол ялна” уриа дэвшүүлж Ерөнхийлөгч болсон.
Харин өнөөдөр олон нийтийн дунд Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэх үзэл өөрчлөгдөж байна. Түүнтэй холбоотой хэд хэдэн ноцтой мэдэгдлүүдийг төрийн өндөр албан тушаалтай хүмүүс хийсэн.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Засгаараа огцрох болсон шалтгааны нэгээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож мэдэгдэхдээ “…Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ итгэж найдаж хамтарч ажилласан. Харамсалтай нь миний итгэл найдвар алдарсан. Би цаашид олон удаагийн жагсаал цуглаан хийж Монгол Улсын засаг төрийг үймээн самуунтай байхыг хүсэхгүй байна. Монгол төр тогтвортой ажиллаасай гэж хүсч байна. Би долдугаар сарын 1-нийг хүсдэггүй хүн” гээд “…Өчигдрийн жагсаал цуглаанд бид оролцоогүй гэж яриад хэрэггүй. Олон баримт нотолгоогоор энэ нотлогдож байгаа. Би цаашид энэ ажлыг өгснийхөө дараа Монгол Улсын хууль дүрэм хэрхэн яаж зөрчигдөж байсан талаар, Монголын шүүх прокурорын байгууллагад яаж дарамт шахалт болдог байсан талаар баримттай ярина” гэв.
Түүнээс хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “…Хуульд захирагдах ёстой шүүгч прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагд гэж дарамтлаад үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өгөхийг шаарддаг гэж Ерөнхий сайд нь ажлаа өгөхдөө мэдэгдсэнийг бодохоор үнэхээр сэтгэл өвдмөөр” гэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “Чамайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад шоронд хатааж тэнд нь хувиараа ална аа гэдэг заналхийллээр байж болох бүх сувгаар надад хүрэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй зэвүү зэрэг хүрмээр” гэлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы индэр дээрээс “Төрийн ордны 3 давхрын зүүн жигүүрт шүүгч нар ирж хэнд ял өгөх даалгавраа авдаг” гэсэн шүү дээ.
Эдгээрээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга хадны мангаа л болж хувираад байна. Чухам хэн болохыг, хэн байсныг цаг хугацаа л харуулах биз ээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР